Манай баг тамирчид зургадугаар байрт бичигдэж байна
БНСУ-ын Инчён хотноо Азийн олимп гэгддэг Азийн спортын 17-р наадам зургаа дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар манай баг тамирчид дөрвөн алтан медаль, гурван мөнгөн медаль таван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар зургадугаар байрт бичигдэж байна. Азийн спортын наадмын зургаа дахь өдөр манайхны итгэл найдвар тавьдаг ширэн бээлийтнүүд рингэнд гарч тулалдана.  Тэд амжилттай тоглож медалийн буухиаг үргэлжлүүлж чадвал манай баг тамирчдын байр урагшлах боломжтой юм. Ингээд Боксчдын сугалааг танилцуулж байна.

Эрэгтэй: 49 кг: Энэ жинд 22 боксчин хүч сорих бөгөөд ОУХМ Г.Ган-Эрдэнэ нэгийн даваанд гоц мөргөсөн байна. Улмаар хоёрын даваанд Тайландын тамирчинтай өрсөлдөх сугалаа татаж. Түүний хэсэгт Казахстан, Кыргызстан, Пакистаны боксчид багтсан юм. Хэрвээ боломжоо ашиглаад медаль дээр буучихвал хагас шигшээд түүнийг 2013 оны дэлхийн аварга Казахстаны Б.Жакипов хүлээж байх магадлалтай.

56 кг: Гавьяат тамирчин Н.Төгсцогт гоц мөргөж 16-д үлдээд Туркменистаны Мередовтой тулалдахаар болжээ. Түүнийг хожвол медалийн төлөө хоёр Солонгосын аль нэгтэй таарах болно.

60 кг: ОУХМ Д.Отгондалай нэгийн даваанд хийлэн шөвгийн 16-д шалгараад буй. Харин дараагийн даваанд Туркменистаны С.Дурдиевтай тоглох оноолт таарлаа. Хожвол Палестин, Кыргызстаны аль нэгтэй медалийн төлөө нударга зөрүүлэх аж. Түүний хэсэгт өнгөрсөн жилийн Азийн аварга Тажикистаны А.Юнусов багтсан байна. Отгондалай ноднин түүнтэй финалдаад мөнгөн медаль авч байв. Хэрвээ хоёр боксчин ялаад байвал мөнгөн медалийн төлөө хоорондоо тулах болно.

64 кг: Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэгшитгэлд орж, нэгийн даваанд Филиппиний Д.Галвантай тоглох сугалаа татаж. Түүний хэсэгт Энэтхэг, Япон, БНСУ, Казахстан, Хятад зэрэг боксын спортоор тивдээ дээгүүр бичигддэг орны тамирчид байна. Хэцүүхэн сугалаа гэсэн үг.

69 кг: ОУХМ Б.Түвшинбат эхэлж гоц мөргөөд шөвгийн 16-д Катарын тамирчинтай тоглохоор боллоо. Түүнийг хожвол  медалийн төлөө Казахстаны боксчин, 2013 оны дэлхийн аварга Д.Елеусиновтой тулна.

75 кг: Н.Шинэбаяр эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Кувейтийн тамирчинтай тоглохоор болов. Түүнийг аргалбал Туркмен, Филиппин, Ирак, БНСУ-ын нэгтэй нь медалийн төлөө тулалдах юм.

81 кг: С.Эрдэнэбаярын жинд 13 боксчин хүрэлцэн иржээ. Манай хүн тэгшитгэлд орж, шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Узбекистаны О.Мамазулуновтой тоглохоор болов.

91 кг: Д.Отгонбаяр гоц мөргөн наймд үлдээд хүрэл медалийн төлөө Ираны А.Мазахеритай өрсөлдөх аж.

+91 кг: Б.Эрдэнэбаяр мөн л шөвгийн наймд шалгараад буй бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх тулааныг Казахстаны боксчны эсрэг хийхээр  болоод байна.

Эмэгтэй: 51 кг: Тивийн аваргын мөнгөн медальт М.Нандинцэцэгийн хувьд ногоон гэрлээр хүрэл медаль дээр буух сугалаа харагдана. Тэрбээр эхний даваанд Непалтай, медалийн төлөө Макао, Шри Ланкийн аль нэгтэй тоглох сугалаа татжээ. Харин доод хэсэгт нь Узбекистан, Казахстан, Япон, Ардчилсан Солонгосын тамирчид хоорондоо алалцаж, гарч ирсэн нэг нь түүнтэй мөнгийн төлөө тулалдах дүр зураг харагдана.

60 кг: О.Сувд-Эрдэнэ тэгшитгэлд орж, Тайванийн тамирчинтай тоглох болно. Түүнийг аргалж чадвал Ардчилсан Солонгос, Энэтхэгийн хожсонтой медалийн төлөө тоглох юм.

75 кг: Өмнөх Азийн наадмын мөнгөн медальт Э.Ундрам нэгийн даваанд Энэтхэгийн тамирчинтай тоглохоор оноолт таарчээ. Хожиж гэмээнэ БНСУ, Тайванийн аль нэгтэй хагас шигшээд үлдэхийн төлөө тулалдах аж


 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.