''Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид'' эрдэм шинжилгээний хурал болов
“Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд боллоо.  Б.Чимид нь 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.  Энэ ч утгаараа Үндсэн хуулийн загалмайлсан эцэг гэж зүй ёсоор үнэлэгддэг юм.  Өчигдрийн эрдэм шинжилгээний хурал парламент Үндсэн хуулийг өөрчлөн баталж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсны дараа болж буйгаараа онцлог байв.  Энэ үеэр Академич С.Нарангэрэл “Монголын хууль зүйн домог-Б.Чимид багш”, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийг тайлбарлагч”, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейни “1992 оны Үндсэн хууль ба олон улсын дэмжлэг”, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар” зэрэг 17 илтгэлийг хэлэлцүүлэв.  Төлөөлөгчид 1992 оны анхдугаар Үндсэн хуулийг батлахад оруулсан Б.Чимид гуайн гавьяаг хэлэлцэхийн зэрэгцээ сая баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. 

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ШИЛЖИЛТИЙН ҮНДСЭН ХУУЛИЙГ ХӨГЖЛИЙНХ БОЛГОХ ЭРЭЛ ХАЙГУУЛ ИХ ХИЙСЭН

 

-Д.Чимид гуай 1992 оны Үндсэн хуулийг батлах, боловсруулахад маш их үүрэгтэй оролцсон.  Энэ хүнийг  Үндсэн хуулийн эх баригч гэдгийг баталгаажуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байгаад баяртай байна. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн Үндсэн хууль байлаа. Үүргээ биелүүлсэн. Үүний дараа шилжилтийн Үндсэн хуулийг хөгжлийнх болгох эрэл хайгуул их хийсэн.  Гэвч сүүлчийн хийсэн нэмэлт өөрчлөлт хууль дээдлэх зарчмаар явж чадсангүй.  Үүнийг ганцхан би ч хэлээд байгаа юм биш.  Энэ төрлийн судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачид, хуульчид хэлж байна.  Өнөөдөр болж буй эрдэм шинжилгээний хурлын үеэр ч анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал хууль зөрчсөн байдлаар явагдлаа” гэж байна.   Процесс, утга агуулгын хувьд ч 1992 оны Үндсэн хуулийн  суурь зарчмыг зөрчиж өөрчлөлт орууллаа.  Үндсэн хуулийн цэц үнэхээр Үндсэн хуулиа хамгаалдаг л юм бол энэхүү өөрчлөлтийг хүчингүй болгох байх гэж харж байна.

 

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа: ҮНДСЭН ХУУЛИЙГ БАРОМЕТР ШИГ БАЙНГА АЖИГЛАЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтүүд  үйлчилж эхлэх болоогүй байна. Ирэх тавдугаар сараас хүчин төгөлдөр болно.  Тэгэхээр энэ  удаагийн өөрчлөлт сайн, муу болсон гэдгийг хэлэх боломжгүй.  Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдсэнтэй адил зүйл болно.  Удахгүй “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдэх байх. Тухайн үед нь албан ёсоор уншиж, ойлгох, тайлбарлах асуудал яригдах болов уу.  1992 оны Үндсэн хуулийг 400 гаруй депутат баталсан.  Тэд бүгд Ерөнхийлөгчийн хориг гэж юу юм, Цэц гэдэг байгууллага ямар чиг үүрэгтэй гэдгийг мэддэггүй байсан.  Харин Д.Чимид гуай тэр бүхнийг сайн тайлбарлаж, ойлгуулсны хүчинд тэд ардчилсан Үндсэн хуулиа баталж чадсан.  Ер нь Үндсэн хуулийг барометр шиг байнга ажиглаж байх нь зүйтэй.  Манайх Ром, Германы системтэй учраас шинэчлэж, жижиг өөрчлөлтүүдийг оруулж байх нь зүйтэй юм.  Харин бид яагаад 20-иод  жил өөрчилсөнгүй гэхээр нэг парламент гарч ирээд Үндсэн хуулиа өөрчлөх гэхээр нөгөөх нь унагадаг.  Улс төрийн намуудын тоглолт бас арай л дэндүү байна.  Үүнээс болж ард түмэн хохирч болохгүй.

 

Академич С.Нарангэрэл: ЗААЛТ МӨР БҮРИЙГ АМИЛУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

 

-Би дордохын долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгуулж байлаа. Үүнээсээ болж нэг хэсэг их алдагдсан.  Гэхдээ цаг хугацаа миний зөв байсныг баталж байгаад баяртай байна.  Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд нааштай асуудлууд бий.  Одоогийн улстөрчид Засгийн газрын гишүүн болох гэж их зүтгэж байна.  Түүний шалтгаан нь ердөө л Монгол Улсын эрдэнэсийн савыг онгичиж суух хүсэлтэй. Энэ эрх ашгаас болж Засгийн газар ойрхон унадаг. Үүнийг дагаад улс орны бодлого тогтворгүй явж ирлээ.   Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ байдлыг жаахан ч гэсэн заслаа.  Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг заалт оруулсан. Гэхдээ энэ эрхийг хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой хандах нь зүйтэй.  Ер нь  Үндсэн хуулийн амин сүнс нь шударга ёс, үнэн, нинжин нигүүлсэнгүй сэтгэл, нэр төр, тэсвэр, тэвчээр эс шуналтах, эс худалдагдах, монголчуудын үндэстний онцлог гэдгийг л ухамсарлах хэрэгтэй.  Үндсэн хуулийнхаа заалт мөр бүрийг амилуулж байх хэрэгтэй.  Тэгвэл бид сэтгэл  тэнэгэр, хөгжих болно.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.