Халаа сэлгээ үргэлжилсэн долоо хоног
 Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 
 
"The Hu" хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал "Чингис хаан" одон хүртээнэ

 Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон болох “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ жил нэг иргэнийг бус таван иргэнийг тус одонгоор шагнах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа.
Тодруулбал, Ерөнхийлөгч энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшигийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлагт хүртээхээр шийдвэрлэжээ. 
 
Д.Одбаярыг чөлөөллөө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцсэн юм.

Улмаар  Үндсэн хуулийн цэцийн нийт есөн гишүүн Доржийн Одбаярын  хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч,  түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас  чөлөөллөө. 
Д.Одбаярын хувьд өнгөрсөн сарын сүүлээр Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-ын онгоцны буудал дээр баригдсан байдаг. Тэрбээр Индонез улс руу томилолтоор явж байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүд багтсан томилолтын багийнхан согтуурч онгоцны үйлчлэгч, 20 настай эмэгтэйн өгзгөнд нь хүрсэн асуудал дэгдсэн. Улмаар Д.Одбаяр нь БНСУ-д дахин байцаалт өгч, хэргээ хүлээн зөвшөөрч, Инчеон хотын прокурорын байгууллага долоон сая вонын торгох шийтгэл ногдуулсан юм. Ийнхүү хилийн чанадад хэргээ хүлээсэн Д.Одбаяр Монголд ирснийхээ дараа Цэцийн даргын албан тушаалаа өгөх өргөдлөө гаргасан юм. Түүний өргөдлийг Цэцийн гишүүд хүлээн авч даргын албан тушаалаас чөлөөлсөн ч Цэцийн гишүүн хэвээр нь үлдээж байгаа юм. 
 
Монгобанк, СЗХ-ны дарга нарыг томиллоо
 
Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, МЗХ-ны дарга Ц.Даваасүрэн нарын асуудлыг УИХ-аар хэлэлцээд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар баасан гарагийн чуулганы хуралдаанаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилох саналыг гишүүдийн олонх дэмжиж, томилгоог хийлээ. 

Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 
Урьдчилсан хэлэлцүүлгээр Б.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааалаа.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-11-24 09:40:00
    Хааны алба халаатай гэдэг халаа сэлгээ байдаг л асуудал. Хариуцлага аа л сайн тооц. Төрийн албаар тоглуулж үл болно.