Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 36 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгажээ. 

Тухайлбал нийслэл, дүүрэг, хорооны болон тэдгээрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг тодорхойлж дүүрэг дагуул хотын статустай болох, хороо өөрийн төсөвтэй байх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Засгийн газрын гишүүн байх, нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж олон төвт хот байгуулах, дэд төв дагуул хотуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг төрөөс татварын бодлогоор зохицуулах зэрэг заалтуудыг нэмжээ. Мөн нийслэл хотыг дүрэмтэй байх зохицуулалтыг хийж, нийслэлийн оршин суугч нь орчноо тохижуулах, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх, эрүүл аюулгүй орчин, дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл  боломжийг сайжруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт зарим төрлийн төрийн үйлчилгээг хялбаршуулсан журмаар олгох эрх зүйн зохицуулалтуудыг тусгажээ.

“Нийслэлийн оршин суугчдын эрх үүргийг тодорхой болгох, дүүрэг хороодын албан хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, зарим төрлийн төрийн үйлчилгээг хялбаршуулсан хэлбэрээр олгох эрх зүйн зохицуулалтуудыг нэмж тусгах, нийлбэр газрын хэмжээ байршил, ашиглалтын журмыг дахин шинэчлэн тогтоохоор энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд тусгалаа” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан ИТХ дахь Монгол Ардын намын бүлэг болон Хууль эрх зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг уншиж танилцуулав. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг төлөөлөгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. Танилцуулгад “Шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн байна. Иймд МАН-ын бүлгээс “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хэлэлцэж, холбогдох байгууллагад уламжлахыг дэмжиж байна” гэжээ. Хууль, эрх зүйн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга, төлөөлөгч Ж.Батсайхан танилцуулаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.