
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгагдаж эхэлсэн байна.
Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарын албан өрөөнд үзлэг, нэгжлэг хийсэн байна. Тэднийг хууль зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн асуудлаар шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй юм.
Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталсан. Энэхүү журмын 5.3 дахь хэсэгт заасны дагуу малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг олгох ёстой аж. Гэвч ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл олгосон гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс тэднийг өнгөрсөн лхагва гарагаас эхлэн ажлаас нь түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа аж.
О.ОНОН