Ж.Гүррагчаа: Электорат хөдөлгөөний гол зорилго улс төрд зөв шударга хүмүүсийг сонгох юм

БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай ярилцлаа.


-“Электорат” хөдөлгөөн байгуулагдаад хэдэн сар болж байна. Уг хөдөлгөөн зөв хүнийг олж, дэмжиж, улс төрд гаргах зорилгоор ажиллаж байгаа гэж ойлгосон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Электорат хөдөлгөөний анхлан санаачлагчид нь нийтлэлч Баабар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, иргэн Д.Ламжав, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Гадаад Харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн нар юм. Энэхүү хөдөлгөөн маань намын харьяаллыг гол болгоогүй. Олон нийтэд аль хэдийнэ танил болсон хүмүүс багтаж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах Электорат хөдөлгөөнийг байгуулсан. Хөдөлгөөний гол зорилго мэдээж таны хэлсэнтэй адил улс төрд зөв хүнийг сонгохоос гадна улс төрийн сонгуулийг шударга явуулж, олон түмний төлөө ажиллах хүмүүсийг сонгож нэр дэвшүүлэхээ урьтал болгосон. Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субьект биш. 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой.

Электорат хөдөлгөөний гишүүд олон нийтэд танигдсан, нийгэм-улс төрийн талаар тодорхой хэмжээний ойлголттой хүмүүс. Тиймээс ч өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй.

-Электорат хөдөлгөөн улс төрийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн талаар иргэдээс санаа бодлыг нь сонсож байгаа гэлээ. Хүмүүс хэр санал бодлоо илгээж байна вэ?

-Хөдөлгөөний гол зорилго маань улс төрд зөв шударга хүмүүсийг сонгох гэж байгаа. Тиймээс бид иргэд олон нийтээс ирэх оны сонгуульд ямар хүн нэр дэвшиж, хууль тогтоогч хэн байхад болох талаар санал авч байна. Хамгийн гол нь улс орны ирээдүйд зөв зүйл хийж бүтээхээс гадна ард иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг хамгийн гол асуудал. Ард иргэдийн санаа сэтгэлд нийцсэн хүмүүс сонгуульд нэр дэвшиж оролцоод амжилт гаргаж байвал манай хөдөлгөөний зорилго биеллээ гэсэн үг. Түүнээс манай хөдөлгөөн ямар нэгэн улс төрийн хэсэг биш. Бид дотроосоо хэн нэгнийгээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг дээр дурдсан. Хөдөлгөөнийхөн маань хэд хэдэн хурал зохион байгууллаа. Энэ үеэр хүмүүсээс ирсэн саналд үндэслэж нэлээд хэдэн хүний нэр гарчихаад байгаа юм билээ.

Онлайнаар санал авна. Тийм болохоор хүн болгон оролцох боломжтой. Орон нутгаас ч санал авч байгаа. Хүмүүстэй ч уулзаж байна. Өөрсдийнхөө санаа бодлыг нэмэрлэж байна. Маш олон саналууд ирж байгаа юм байна лээ. Энэ бүгдийг нэгтгэж нэр дэвших хүнээ сонгох байх. Бид хамгийн гол нь сонгуульд нэр дэвших хүнийхээ номыг нь ч хараад, хүний номыг нь ч хараад сонгох нь зүйтэй гэдэг дээр хөдөлгөөнийхөн маань нэгдэж байгаа юм.

-Ирэх оны сонгуулийг та хэрхэн харж байна вэ?

-Бидний сонголтоос улс орон хаашаа явах, төр засаг хэрхэн бүрэлдэх, ямар хуультай байх улс төрд гарч байгаа хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг. Хамгийн зөв хүмүүс бодлого боловсруулж, хууль тогтоож, төр засгийг удирдах нь зүйтэй. Өнөөдөр хууль тогтоогч нараас хууль хяналтын байгууллагаас эхлээд олон зүйл хамаарч байна. Одоогийн эрх баригчид янз бүрийн зүйлээрээ гологдож байна даа.

-Иргэдийн сонгох чадвар манайд хэр хэмжээнд байна вэ?

-Үнэн хэрэг дээрээ сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ иргэн хүн шийдэж чадахгүй байна. Улс төрийн намууд нэрсийн жагсаалт гаргаад эндээс сонго гэдэг. Яг иргэдийн дундаас ийм л хүн бидэнд хэрэгтэй гээд дотроосоо нэр дэвшүүлж гаргаж байгаа хүн байхгүй.

-Сүүлийн үед зарим хүмүүс шинэ үеийн төлөөлөл, залуу хүмүүсийг улс төрд гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тухайд?

-Насаар хязгаарлаад байх хэцүү. Амьдрал, ажил хөдөлмөрийн туршлагатай хүмүүс төрийн ачааг үүрч чадна. Монголчуудын сайхан үг байдаг. 40 хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэж. Энэ хоёр л өвлийн хүйтэнд жингийн хүндийг дааж байсан гэж байгаа юм. Өвөг дээдэс маань бидэнд хууль болгоод хэлчихсэн үг, сургаалууд байдаг. 40 гарч байж хүн амьдралын хар бор, халуун хүйтнийг өөрийн биеээр ч үзэх юм. Өрөөл бусдаас ч сонсох юм. Манай залуучууд их яардаг л даа. Гэхдээ би ойлгож байна. Өнөөдөр төрийн тэргүүн байж чадах уу гэж асуухад чадахгүй гэж хэлэх хүн бараг байхгүй.

-Зөв хүнийг ямар шалгуураар гаргаж ирэх вэ?

-Зөв хүн гэдгийг маш олон үзүүлэлтээр шүүнэ. Мэдлэг боловсролтой, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ёс зүйтэй. Хүлээлгэх үнэт зүйлтэй. Тийм хүмүүсийг л олж сонгохыг зорьж байна.

Бид сонгуульд нэр дэвшүүлсэн хүнийхээ төлөө санах зоволгүй яахав. Нэр дэвшүүлсэн 76 хүнээ шууд сонгогдчихно гэдэг дээр 100 хувь итгэлгүй байна. Цаашдаа зохицуулах зүйл олон бий. Хамгийн гол нь төрд хэрэгтэй хүнийг сонгох нь чухал байна.

С.ГИЙХ

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine