“Зуншин” яагаад даам гарав
МХЕГ: “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг БХБЯ дэмжээгүй

2014.09.24
Нийслэлд баригдаж байгаа барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ашиглагдаж байгаа дүүжин краны насжилт болон зөвшөөрлийн талаар МХЕГ-ын зүгээс өчигдөр мэдээлэл өглөө. Он гарсаар Улаанбаатар хотод барилгын өргүүртэй холбоотой гурван хүний амь нас хохирч, лифттэй холбоотой хоёр, крантай холбоотой гурван осол гарчээ. Өргүүрийг аюулгүй ашиглах дүрмийг 2010 онд БХБЯ-аас гаргасан байдаг аж. Гэтэл барилгын ажлын явцад өргүүрийг дүрмийн дагуу ашиглахгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа нь ослын шалтгаан болж байна гэж МХЕГ-ын улсын байцаагч Н.Буйдан хэллээ.
 
Сүүлийн дөрвөн жилд тус байгууллагаас барилгын 1000 орчим өргүүрийг улсын бүртгэлд авч, ашиглах зөвшөөрлийг өгчээ. Гэсэн ч одоогийн байдлаар барилгын 200 орчим дүүжин өргүүр зөвшөөрөлгүй ашиглагдаж байгаа аж. Тиймээс барилгын дүүжин өргүүртэй холбоотой осол, хүний амь нас эрсдэх явдал гарсаар байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй барилга дээрээс фасадны өнгөлгөөний ажил хийж байсан 18 настай охин дүүжин өргөгч унасны улмаас унаж, амиа алдсан хэрэг гарсан. Энэ үед ашиглаж байсан өргүүр нь улсын бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй байсан хэдий ч зөөвөрлөж суурилуулахдаа мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй болох нь тогтоогджээ.
 
Мөн тухайн үед дүүжин өргүүрийн мэргэжлийн оператор ажиллаагүй, дүүжин өргүүрийн ган татлагын гогцоорсон хэсэг байсныг анзааралгүй доош нь хүчээр буулгах гэж удаан дарснаар шахдаг роликонд ган татлага тасарсан гэж урьдчилсан дүгнэлт гарчээ. Тус барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК ажиллаж байгаа бөгөөд өмнө нь мөн тус компанитай холбоотой барилгын осол гарч байсан. МХЕГ-ын  зүгээс энэ оны нэгдүгээр сард '‘Зуншин” ХХК-ын  тусгай зөвшөврлийг хүчингүй болгох саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж байсан ч яамнаас өнөөг   хүртэл хариу ирүүлээгүй байна.
 
“Зуншин” компани нэг ширхэг ч өргөгч крангүй байжээ
 
2013
2013 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд хөлбөмбөгийн талбайн барилгын ажил өрнөсөн. Энэ барилгын  ажлыг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зуншин” компани хариуцан авсан байдаг. Тухайн   үед Дархан-Уул аймгийн харьяат А гэгч тус  компанид туслах ажилтан хийж байгаад нас барсан байдаг. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Зуншин” компани нэг ширхэг ч өргөгч крангүй байсан. Тиймдээ ч туслах ажилтан нь сэндвич хавтанг гараараа буулгаж  байгаад цементэд цохиулж нас барсан талаар  шуугиж байсан. Дээрээс нь хэргийн дараа  өргөгч механизмаар хангаагүй “Зуншин”  компанийн удардлагуудыг шалгах ёстой  байтал тэгээгүй. Харин ч хамт ажиллаж  байсан залуус нь буруудаж, баривчлагдаад өнгөрч байлаа.
 
Барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж, хүн нас барлаа
 
2014.01.07
Энэ оны нэгдүгээр сард “Макс өргөө” компанийн захиалгаар Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Crown center” төвийн барилга дээрээс бэхэлгээний жолооч амиа алдсан ноцтой хэрэг гарсан.  Тэгвэл энэ барилгын гүйцэтгэгчээр мөн л “Зуншин” компани ажиллаж байсан юм. “Зуншин” компани нь уг барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр 12/8 дугаартай гэрээний  дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байдаг. Ийн ажиллаж байхдаа осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэг. Тухайн үед барилгын гадна фасадны ажил гүйцэтгэж байсан “Magic classic” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа талаар мэдээлэл гарч байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр хүмүүс торгуулсан, ял шийтгэл хүлээсэн эсэх нь мэдэгдээгүй л байна. “Зуншин”-ы асуудал бүр ч хөндөгдөөгүй.
 
18 настай эмэгтэй барилгаас унаж нас барав
 
2014.09.23
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт баригдаж буй “Илсон Девелопмент” компанийн захиалгаар баригдаж байгаа “Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас энэ сарын 23-ны өдөр 18 настай  эмэгтэй С унаж амиа алдсан. Уг барилгын ажлыг ‘'Зуншин” компани гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” компани ажиллаж байгаа юм. Осол гарах үеэр хоёр ажилтныг фасадны ажилд гаргасан бөгөөд өргүүрийн бэхэлгээ тасарчээ. Хоёр ажилтан хамгаалалтын бүстэй байсан боловч С-ийн хамгаагалтын бүс мөн тасарснаар тэрбээр унаж амиа алдсан байна. Туслан гуйцэтгэгч “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байхад “Зуншин” компани туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна гэж МХЕГ-аас мэдээлээд байгаа. Mөн мэргэжлийн хяналтын газраас уг компанийг өмнө нь шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгч байсан гэнэ.
 
“Зуншин” яагаад даам гарав

Ер нь “Зуншин” компанитай холбоотой осол аваар, хэрэг төвөг дуусахгуй. Дээр дурьдсан жишээнүүд ердөө л мэдэгдэж байгаа ослуудын зарим хэсэг нь. Мэдэгдээгүй, нуун дарагдуулаад өнгөрсөн осол аваар, хүн амь насаа алдаагүй ч бэртэж гэмтсэн тохиолдол хэчнээн байгааг хэлж мэдэхгүй нь. Тус компанийн хувьд аль 2001 оноос хойш өдий хүртэл Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Тэгэхдээ нийслэлийн 50-60 томоохон барилгын угсралтыг хийсэн байдаг юм байна. Ер нь хоёр “Зуншин” компани байдаг аж. Гэхдээ хоёр дахь “Зуншин” нь 2013 онд байгуулагдсан ком­пани аж.
 
Хөдөлмөрийн яамны www.labornet.mn сайтад энэ компанийн байгуулагдсан оң, үйл ажиллагааны чиглэлийн талаар бага сага мэдээлэл тавьсан байна билээ. Харин бидний дурьдаад байгаа “Зун­шин” бол Монголд үйл ажиллагаа явуулаад даруй 13 жил болж байгаа архаг газар. Энэ компанийн цаана Хөхөө гэгч нөхөр байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа. Мөн Улаанбаатарт баригдаж байгаа бүхий л том барилгуудын 50-60 хувийг гүйцэтгэдэг гэж байгаа. Энэ олон барилга барьж байгаа компанид асуудал үүсч, осол аваар гарах нь бараг л байх асуудал болчихоод байгаа юм. Зүгээр л наад захын жишээ татахад, “Макс” хотхоны барилгыг барьж байхад ч ослоос болж золгүй байдлаар нэг бус удаа хүний амь эрсдэж байсан талаар хэвлэл мэдээлиийн хэрэгслээр багагүй гарсан. Гэвч энэ бүх осол эндэгдлээ нуун дарагдуулж, улмаар хэргийн гол бурууг монгол инженерт тохож өөрсдөө өлхөн хэргээс мултардаг талаар ч эх сурвал­жууд хэлсэн байдаг.
 
Ядаж бай­хад тус компани Хятадуудыг авч ирэхдээ инженерээс бусад удирдах албан тушаалд тавьдаг гэх. Учир нь барилгын салбарт осол аваар ихээр гарч, түүний 20-30 хувь нь л олон нийтэд ил болдог. Улмаар гарсан осол аваар бүрийг монгол инженер хариуцаж, яллагдагчаар нь дууддаг болохоор тэр. Үндсэндээ монголчуудаар тоглож байна гэсэн үг л дээ. Тэгээд ч барилгын тухай хуульд зааснаар талбайд гарсан ослыг талбайн инженер хариуцана хэмээн товчхон заасан байдаг. Тиймээс хятадууд монголчуудыг тал­байн июкенерээр ажиллуулж, ямар нэг байдлаар осол гарвал хуулийнх нь дагуу шийдээд л өнгөрнө гэсэн үг. Ингээд өөрсдөө хэргээс өлхөн мултарчихаж байгаа юм.
 
Уг нь бол аюулгүй ажиллагаа бүрэн хангаж өгөх ёстой тус компани хариуцлага хүлээх ёстой ч Ба­рилгын тухай хуульд зааснаар талбайн инженер аюулгүй ажиллагааг хангаагүй гэдэг шалтгаанаар ял сонсох дээрээ тулж байна. Үүнийг одоо “даам” гарсан гэхгүй өөр юу гэх билээ дээ. Хамгийн сонирхолтой нь “Зуншин” гэх компанитай холбоотой янз бүрийн хэрэг гарч байхад ямар нэг байдлаар үйл ажиллагааг нь зогсоож, торгож байсан тохиолдол алга. Харин ч томоохон барилгуудын гүйцэтгэгчээр ажилласаар л байна. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх энэ компани яагаад Монголд орж ирээд, бүхий л барилгын гүйцэтгэгчээр ажиллаж, “даам” гараад байна вэ.
 
Хэн гэгч эрх мэдэлтэн, албан тушаалтан нь энэ компанийн ард байгаа вэ гэх хардлага өөрийн эрхгүй төрөөд байна. Өчигдөрхөн МХЕГ-аас мэдээлэл хийж, “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг БХБЯ-нд хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй талаар мэ­дээлэл өгч байна. Бодвол энэ компанийн эзэд салбарын яамныхныг базчихсан юм байлгүй. Тиймгүй бол бүхэл бүтэн МХЕГ-аас жишээ баримтыг нь дурьдаад, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал өгөөд байхад нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлэхгүй л байсан байх. Ер нь “Зуншин” компанитай хол­боотой мэдээллүүд цахим сайтуудаар л дүүрэн байгаа. Олон янзын албан тушаалтан, дарга нартай холбож бичсэн байна билээ. Үнэн эсэхийг чөтгөр бүү мэд.
 
Гэхдээ өдий болтол Монголд “даам” гараад, хүний амиар “наадаад”, хамаг л гол барилга байгууламжийн гүй­цэтгэгчээр ажиллаад байгааг нь бодохоор дарга нартай хол­боотой нь үнэн гэж итгэмээр ч юм шиг. Ямар ч байсан Хя­тадын “Зуншин” гэх компани балгаа тарьсаар л. 18 настай бүсгүй амиа алдчихлаа. Өмнө нь хэчнээн ч хүн энэ компанийн хөдөлмөрийн аюулгүй байддыг хангаж ажиллаагүйгээс болж амиа алдав. Цаашид хэдэн ч хүний амиар наадах юм билээ. Гэсэн ч дарга нар арьсаараа хамгаалсаар, салбар яам дуугүй суусаар л байх уу.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөдөлмөр хамгаалал 2014-09-25 07:04:40
    хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн зардал нь хэдэн төгрөг байгааг шалгаад үзвэл компаний удирдлагуудыг эрүүгийн хэрэгт татаж боломжтой
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2014-09-25 06:25:03
    ZUNSHIN-N ARD BARILGIIN YAMNII ERX MEDELTEN BAIGAA L DAA TEGEE L TUSGAI ZUVSHUURLIIG NI TSUTSLAHGUI BHGUI YU.
    182.160.37.79
    Мэдэгдсэн Хариулах