Оюутолгойн гэрээ алдаатай болсныг парламент 10 жилийн дараа зөвшөөрөв

Захиргааны хэргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээтэй холбоотой гурван удаагийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэв.  Ингэснээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал дахин улс төрийн хүрээнд орж ирлээ.  Өмнө нь УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаад байв.  Түүнчлэн АТГ, Үндэсний аудитын газраас Оюутолгой, Дубайн гэрээнд шалгалт хийж, ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байдаг.  Гэсэн ч парламент тухайн үед энэ асуудал дээр төдийлөн анхаарч, шийдвэр гаргаж ажиллаагүй.   Харин Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээг хүчингүй болгосон   асуудалтай зэрэгцэн Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Өчигдөр болсон УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.  Ингэснээр Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулах эрхийг Засгийн газарт шилжүүлж байгаа юм.  Түүнчлэн, гишүүдийг “Риотинто”-гийн талтай албан бус уулзалт хийхийг хориглох асуудлыг ч ярилцсан байдаг. Ийнхүү парламент Оюутолгойн гэрээний алдааг 10 жилийн дараа хэлэлцээд тогтоолын төсөл батлан, засч сайжруулахаар болов.

Оюутолгойн гэрээний асуудлыг Засгийн газар хариуцахаар болсон.  Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлэв.  Тэрээр “Эрх бүхий салбарын сайд Засгийн газрын төлөөллөөс бусад нэг ч хүн “Риотинто”-гийн талтай уулзаж болохгүй гэж хязгаарлах ёстой. Нэг цонхны энэхүү бодлогыг дэмжиж байгаа. Процессыг харахад 2015 оны нэгдүгээр сарын 23-нд ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ асуудлыг  орхисон байдаг.  12 хоногийн дараа шүүхийн захирамж бичгээр ирнэ.  Тэгээд Засгийн газар цаашид ямар шийдэлд хүрэхээ ярилцана” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Гэрээ байгуулснаас хойш УИХ анх удаа шийдвэр гаргах гэж байна. 2009 онд анх гэрээ байгуулаад, Дубайн гэрээ байгуулаад С.Баяр, Ч.Сайханбилэгийг хуулийн байгууллага шалгаад гэм бурууг тогтоож, яллах дүгнэлт хийсэн. Гэрээ Монголд хохиролтой болсныг хүн бүр хүлээн зөвшөөрч байна. АТГ-ын дүгнэлтэд ч, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд ч Дубайн гэрээ олон улсын гэрээ хэлцэл биш гэж дүгнэсэн.  Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өртэй болоод байна.  6.2 тэрбум долларын ашгийг “Риотинто” авсан байхад Монгол Улс 0 төгрөг авсан байна. Одоо гэрээг өөрчлөхгүй бол бид хэзээ ч ногдол ашиг авахгүй.  Тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдах байх. Л.Оюун-Эрдэнэ сайд ахалж ажиллах болов уу.  Цаашид энэ хүнээс бусад хүн “Оюутолгой” компанийнхантай уулзахыг хориглож, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой” гэлээ.

Түүнчлэн чуулганы үеэр “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг гурван гишүүнийг муу ажиллаж байгааг шүүмжлэв. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Рио-Тинто” компанийн талаас уулзъя гэж маш олон удаа и-мэйл болон таньж мэдэх хүмүүсээр дамжуулж утсаар ч холбогдсон. Би нэгэнтэй нь ч уулзаагүй. Бид нэг цонхны бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол бидний ярьсан зүйл дээр айлын талаас ажиллаад байгаа тал байна шүү. “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талаас гурван хүн ажилладаг. Энэ хүмүүс маш муу ажиллаж байгаа. Тэдний идэвхитэй байр суурь нь ажиглагдахгүй байна. Би энэ төслөөс хувь хүртэх бус сүүлдээ өрөнд орж байна. 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж болох уу” гэлээ. “Оюутолгой”-н ТУЗ–ийн дарга Ц.Түмэнцогт “ Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүний хувьд ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу “Эрдэнэс Монгол” компаниас удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, эрчим хүчний асуудал, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашгаар авахаар байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг “Эрдэнэс Монгол” барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа” гэсэн хариулт өглөө.  Ийнхүү УИХ-ын  үдээс өмнө хуралдаан өндөрлөсөн юм.  Оюутолгойн гэрээний алдааг парламент 10 жилийн дараа хүлээн зөвшөөрч, тогтоолын төслийг 100 хувийн саналаар баталлаа.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-11-23 05:09:22
    Оюу толгойн ордоо ухуулж ашиг гарахгүй байна гэж ухуулсаар байтал нэг л өдөр нөөц нь дуусаад ард түмэн хоосон хоцорч гэрээ хийж авлигаар баяжсан эрхмүүд хожоод....
    • BAAGII 2019-12-01 15:00:37
      MONGOL XEZEE CH ASHIG AWAXGVI MAL YMAA IIM UMIIG OILGOXGVI UUR DARAA UUR KOMPANY ORSON ADIL BIDNII ASHIG BOL 15 000 XVNII AJILIIN BAIR, TATWARIIN ORLOGO BOLLOO
  • evropoos 2019-11-22 18:01:49
    za zutgeed baigaarai zaluu said aa eh orniihoo toloo hariin bulaan ezlegchdiig hooj gargsan ch bolno ter angliin shuuh ni bol bas 1 huvitsaa ezemshigch ni sh...
  • zochin 2019-11-22 12:57:56
    Buruutai humuusee toluulj,hariutslaga tootsoh ni zov
  •  2019-11-22 02:22:17
    эзэн нь бид юм байгаа биз дээ. хаагаад ирээдүйд хадгал үүцэл. хаах нь ард түмний хэрэг ЗГ-н луйварчил битгий хутгаад бай. ОУ гэрээгээ дагсан бол ийм байдалд хүр...