
Тодруулбал, өнгөрсөн сарын эхээр нийслэлийн тэргүүний гэгдэх нэгдүгээр сургууль баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг сурагчдын “Үдийн цайн”-д өгсөн асуудал гарсан. Гэвч үүнийг олон нийтэд дэлгэсэн хоёр багш ажлаасаа нь халагдсан. Нэг үгээр сурагчдынхаа эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийн төлөө олон нийтэд дуу хоолойгоо хүргэсэн багш нараа тус сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас нь халсан. Энэ үйл явц олон нийтэд хүрч, сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл болон багш нарын эсэргүүцэлтэй тулсан юм. Иймээс захирал Д.Цогзолмаагийн зүгээс энэ сарын эхээр холбогдох газруудад албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө холбогдох газруудад хүргүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ өргөдөл шийдэгдээгүй байна. Иймээс тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж өргөдлөө гаргажээ.
Ийнхүү нийслэлийн нэгэн сургуулийн үйл ажиллагаа доголдож, сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадахгүй хэмээн өргөдлөө гаргасан Д.Цогзолмаа захирлыг зохих газрууд чөлөөлөхгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
О.ОНОН