Арван хүний нэг нь л нийтийн тээврийнхнийг “баярлуулдаг”

Бүх цаг үед нийслэлийн удирдлагуудын чихнээс хонх уясаар ирсэн салбар бол нийтийн тээвэр. Орлого нь буурсан, хүртээмж хангалтгүй гээд л нийтийн тээврийг дагасан маш олон асуудал шийдлээ олохгүй өнөөдрийг хүрээд байна.
Өнөөдөр нийслэлд их оврын 1043, залгаа 20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байдаг аж. Судалгаагаар Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиж байгаа нийт иргэдийн 56 хувь төлбөрөө төлж зорчдог бол 44 хувь нь ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагддаг гэжээ.

Нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад “Туг тойрох” гэсэн үг хүртэл гарсан байна. Одоогийн тогтолцоогоор зорчигчийн тоо, ашиг орлогоос үл хамааран машин/цагийн татаасаа авч байгаа учраас тэд шугамын орлогод ач холбогдол өгөхөө больсон байна. Мөн маршрут, төвлөрөл хоёр маш их зөрүүтэй. Үндэслэл тодорхойгүй олон маршрут байна. Үүнээс машин/цагийн хэмжээ нэмэгдээд зорчигчийн тоо нэмэгдэхгүй байна. Түүнчлэн карт борлуулах, цэнэглэх 540 гаруй цэг ажиллахаас 25 хувь нь огт ажиллахгүй, 49 хувь нь тогтмол ажиллагаагүй буюу хэт ачааллын үеэр ажилладаггүй, 26 хувь нь хэвийн ажиллаж байна” хэмээсэн юм. 

Яг үүнтэй холбоотойгоор нэгэн цахим хэрэглэгч “Арван хүний нэг нь л “Смарт карт”-аар төлбөрөө төлж, нийтийн тээврийнхнийг “баярлуулж” байна.  Бүр тодруулбал, 10 хүний 4-5 нь оюутан, сурагч, 2-3 нь ахмад настан, хөнгөлөлттэй үйлчлүүлэгч байдаг бол үлдсэн 1-2 зорчигч нь төлбөрөө бэлнээр буюу шууд жолоочид тушааж байгаа ажиглагддаг. Харин ачаалал ихтэй үед смарт картаа уншуулж төлбөр төлөх нь чухал биш автобусандаа арайхийн амжиж суух, багтах л чухал. Мэдээж ийм үед жолоочийн зүгээс зорчигч картаа уншуулж байгаа эсэхэд анхаарахгүй, падлийгүй” хэмээн бичжээ. 

Энэ бол нийтийн тээврийн өнөөгийн бодит төрх. Манай улс дэлхийн улс орнуудтай хол нийлүүлэхээр нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг үйлчилгээ нэвтрүүлээд багагүй хугацааг үдсэн. Нэг үгээр кондуктор мөнгө хураадаг энэ үйлчилгээг халсан.  Гэвч нийтийн тээврийн орлого өдрөөс өдөрт буурсаар байна. Энэ нь дээрх судалгааны дагуу карт борлуулах цэгийн хүрэлцээ тааруу, дээрээс нь жолооч кондукторын үүрэг гүйцэтгэж, мөнгө хураадаг үзэгдэл газар авснаас үүдэлтэй. 

Иймээс смарт карт цэнэглэх сувгуудыг нэмэх нь нийтийн тээврийн орлого бодитоор өсөх нэгэн шалтгаан. Тухайлбал киоск, мобайл аппликейшн, банкны картаар автобусны картаа цэнэглэх зэргээр төлбөр төлөх төрлүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үгүй бол нийтийн тээврийн орлого жолоочид хуримтлагдсаар байх нь. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine