Н.Түвшинбаяр: Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна
Мэдээний архиваас /2017/11/19/

2017 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 11 хүнийг шагнаад байгаа бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон байна.

Н.Түвшинбаяр “Чингис хаан”  одонг хүртсэнийхээ дараа "Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн Төрийн эрхэм дээд одонг улсынхаа Төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна.

Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна. 

Миний өдий зэрэгтэй яваа нь өсөж бойжсон өв тэгш монгол ахуй, зан заншил, соёл, ижий аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ. 

Энэ бүгд сэтгэл зүрхэнд минь гүн бат уяатай-Миний эх орон.

Монгол хүн Олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсад минь Олимпийн анхны алтан медаль ирсэн гэж би боддог оо.  Энэ медаль Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм аа.

Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой, тэр зорилгынхоо төлөө тууштай, шантралгүй хөдөлмөрлөх юм бол хүн бүхэнд боломж байдаг гэж би боддог оо.

Энэ өдөр монгол хүн бүхэн

Эх орон, монгол хүнээрээ бахархаарай.

Монгол бахархлыг бүтээхийн төлөө шантралгүй зориорой.

Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ. 

Монголоо гэсэн сэтгэлийг хойч үе, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна.

Миний бие цаашид өөрийн хийж чадах бүхнээрээ эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чармайн зүтгэх болно.

Агуу их төрийн минь сүлд өнөд ивээж, төрийн нуруу түвшин, түмэн олны минь заяа өөдөө байг ээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

http://www.olloo.mn/n/48518.html

П.ГОО 
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ 2019-11-19 03:50:28
    ахги ч яахар гаргаж үзэл сурталдаад хэрэгүй дээ,,,ТЭГЭЭД ИРЭХЭЭР "ИЗМ","" ИСТ "болоод байгаа юм ,???
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах