
Өнгөрсөн долоо хоногт улс төр нийгмийн амьдралд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг өгүүлбэр, цэг, таслал нэг бүрээр нь уншиж сонсгов.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдлаа.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон байна.
Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг өгүүлбэр, цэг, таслал нэг бүрээр нь уншиж сонсгов.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдлаа.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон байна.
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт долоон сая воноор торгох шийтгэл оногдууллаа
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн БНСУ-ын хууль хяналтынхан арав хоногийн хилийн хориг тавиад байсан. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хилийн хоригийг цуцалж, долоон сая воноор торгох шийтгэл оногдуулсан.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2 жилийн хорих ялаар шийтгүүлэв
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 12-ны өдөр болж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноов. Тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргасан бөгөөд цаашид нарийвчлан судлаад, 2020 оны эхээр бүрэн хэмжээгээр хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
“Монголын үндэсний фронт”-ын тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг сонгожээ
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэмцлийн ажлаа орхино гэдгээ өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулж “Монголын үндэсний фронт”-ын удирдах зөвлөл 11 дүгээр сарын 11-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар “Монголын үндэсний фронт”-ын удирдах зөвлөлөөс Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх шийдвэр гаргасан байна. Улмаар фронтын дараагийн тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгосон байна.
Иргэн Б.Болороо тэмцлээ зогсоолоо
Иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэх, цаашлаад үл хайхарсан бүхэнд хариуцлага тооцуулахын тулд Сүхбаатарын талбайд 12 дахь өдрөө суулт зарлаад байсан юм. Тэгвэл 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын даргатай хамт Сүхбаатарын талбайд очиж, иргэн Б.Болороотой уулзлаа. Ерөнхий сайд Б.Болороод эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгов. Асуудлыг шийдэж дуусах хүртэл биеэ бодож, хүйтэн талбайд суулт хийхгүй байхыг Ерөнхий сайд хэллээ. Иймээс иргэн Б.Болороо Сүхбаатарын талбайд зарласан тэмцлээ зогсоосноо мэдэгдэв.
Газрын эзэд нэгдэж хүсэлт гаргавал газрыг орон сууцаар солино гэв
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах гэж байна.
Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй газарт газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлнэ. Ингэснээр тухайн байршилд дахин орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 6-н дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан барилгажуулах төслийн 19-н байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт өртөх иргэд дээрх төсөлд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Гэр хорооллын 200 өрх төвийн дулаанд холбогдлоо
Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцсон.
С.Тайшир