Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ажилчид оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ зам ашиглалтад орсноор зуслангийн замын түгжрэлийг бууруулах, Дарь эх, Зуун айл, Дамбадаржаа гэсэн чиглэлүүд рүү замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх боломж бүрдэж байна. Мөн 7 буудал, Чингэлтэйн чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” хэмээн ярилаа.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн үерийн хамгаалалтын суваг дээр баригдаж буй 60 метр, 30 метр, 24 метр урттай зэргэлдээ гурван гүүрийн ажил хийгдэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 60 метр гүүрийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, 24 метр гүүрийн ажил 80 хувьтай, 30 метр гүүрийн ажил 65 хувьтай хэрэгжиж байна. Цаашид уг гүүрнүүдийг холбосон 6.6км урт авто замын ажил хийгдэнэ.

Сэлбэ дэд төвд эдгээр гүүр, авто замын ажлууд дуусч ашиглалтад орсноор 7 буудал орчим болон зуслангийн замын ачаалал 30-40 хувьтай буурна. Дээрх ажлуудыг 2020 оны III улирал гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 73 хувьтай байна. Дэд төвүүдэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлууд эрчимтэй хийгдэж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.