Б.Баттулга: Манайхан Токиогийн олимпоос алтан медальтай ирнэ

“Комментатор” нэвтрүүлгийн хөтлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Энхбат Монголын Чөлөөт бөхийн холбооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгатай хөөрөлдсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

 

-Юуны өмнө шигшээ багт баяр хүргэе. Олимпийн эрх олгох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөтийн шигшээ баг гурван медаль,  олимпийн хоёр эрхтэй  ирсэн сайхан мэдээ хуучраагүй байна?

-Баярлалаа. ДАШТ туйлын өрсөлдөөнтэй болсон. Бөхийн гурван төрлөөр, нэг жинд  зургаан эрх олгосон. Нэг  төрөлд 36 эрх, хоёр төрөлд 72 эрх ногдож буй. Олимпийн эрхийг ДАШТ-ээс нийтдээ 44 улс  авлаа. 72 эрхийг 44 улсад хуваабал нэг улсад дунджаар 1.6 эрх таарна. Монгол хоёр эрх авсан нь дунджаас үл ялиг дээгүүр үзүүлэлт. Гэхдээ үүнд сэтгэл ханамгүй. Илүү ч эрх авах боломжтой байсан.

Холбоо, шигшээгийн дасгалжуулагчийн хувьд олимпийн эрх авахад одоогоор гол анхаарлаа хандуулж буй. Нэг зүйлийг хэлэхэд, “Олимпод оролцох нь чухал” гэдэг уриа хуучирсан. 1992 оноос олимпийн журамд өөрчлөлт орж, нэг жингийн зөвхөн дэлхийн 16 шилдэг бөхчүүдэд л эрх олгодог болсноор олимпод оролцох тамирчдын чансаа дээшилсэн. Дээр нь, тухайн жинд эрх авсан улс нь хэнийгээ олимпод илгээхээ өөрөө мэдэх болсон нь чанарт мөн л нөлөөлсөн. Өмнө нь эрх авсан тамирчин амжилтадаа ханаж, өөрийгөө дайчлахгүй, өсөхгүй, олимпод үлбэгэр оролцдог явдал бүрмөсөн зогссон гэж хэлж болно.

-Таныг хэлэхээр тийм ч юм уу гэж бодогдлоо. Гэхдээ тухайн хувь тамирчинтай л холбоотой байх, өсөх, эс бөгөөс уруудах нь. Мэдээж олимпод явах нь тодорхой гээд тайвшрах нь сул талтай.

-Тэр тамирчнаас өөр хүн явахгүй гэхээр дотооддоо ямар ч өрсөлдөөнгүй, өөртөө тэмүүлэлгүй болчихдог талтай. “Сэтгэл хөдлөл, шаналал  нь элгэн дэх кулькацаа иддэг” гэж Спортын Шинжлэх ухаанд тогтоосон. Та бод л доо. Жилийн 365 хоног олимпийн тухай бодолд автсан тамирчин олимпийн дэвжээн дээр гарахад сэтгэл зүйн нөөцөө шавхсан байдаг гэж судлаачид дүгнэсэн. Энэ шинжлэх ухааны үндэслэл бүхий эрдэмтэдийн тогтоосон үнэлэлтэд бид ч гэсэн дүгнэлт хийх ёстой. Ялангуяа 1980 оноос хойш нэг ч медаль авчраагүй, Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багт энэ хамааралтай. Эрчүүд маань олимпоос медаль авалгүй 40 жилтэйгээ золгож байна. Тэгэхээр үүнийг таслан зогсоохоор ажиллаж байна.

-Олимпийн эрх авах. Энэ асуудал та бүхний өнөөдрийн гол зорилго гэлээ. Хэдэн эрх авахыг зорьж байна?

-Одоогоор 12 жингээс ердөө л хоёр эрх авсан. Цаана нь үлдсэн 10 эрхийг авахын төлөө бүх хүчээ дайчилна. Олимпийн эрх олгох хэд хэдэн тэмцээн бий. 2020 оны гуравдугаар сард болох Ази тивийн АШТ-ий жин тус бүрт олимпийн гурван эрх олгоно. Холбооны зүгээс эрэгтэй, эмэгтэй нийлээд 10 бөхийг Токиогийн зуны олимпод оролцуулах зорилго тавьсан.

-Таны дээр дурдсан сорилгын тухай бодлоо л доо. Тамирчдын тэмүүлэл, хариуцлагыг дээшлүү­лэхэд сайн нөлөө үзүүлэх юм байна?

-Дэлхийд байхгүй систем биш шүү дээ. Эрэгтэйгээр ОХУ, эмэгтэйгээр Япон улс дэлхийд ноёрхож байна. Тэдгээр улсад хэвшсэн. Мөн АНУ уламжлал болгосон. Нэг жишээг сонирхуулья. 2008 оны Бээжингийн  олимпод гавъяат тамирчин Б.Наранбаатарыг би  бэлдэж байсан. АНУ Афины олимпийн аварга Стивэнийг сойж байсан атлаа эцсийн мөчид дэлхийн рейтингээр 22-т жагсаж байсан Хэнри гэдэг залууг илгээсэн. Хэн ч мэдэхгүй тэр залуу ирээд л олимпийн аварга болж байсан түүхтэй. Яг түүний ижил монголчуудын хэлдгээр “битүү морь” хурдлах шиг, шинэ залуу тамирчин олимпоос медаль авсан тохиолдол цөөнгүй. Бээжингийн олимп эхлэхээс дөрвөн  сарын өмнө АНУ-ын дасгалжуулагчтай уулзаж ярилцахад “Бид Стивэнд л найдаж байгаа. Тэр олимпоос медаль авна гэж хэлж байсан. Гэтэл Бээжингийн олимпод Стивэн биш, Хенри гэж залуу хүрээд ирсэн. Тэгэхээр нь “Та нар Стивенд итгэж найдаж байна гээгүй билүү” гэж асуутал “Манайх сорилгын журмаа мөрдсөн. Гурав барилдуултал хоёрт нь Хенри ялсан учраас бид түүнийг сонгосон” гэж хариулсан. Тэгэхээр нь бичлэгийг нь үзтэл Стивэн ялагдсан. Уйлж босож ирээд “Би өөрт байгаа бүх нөөц бололцоогоо шавхсан. Үнэхээр энэ залууг хүчирсэнгүй. Дүүдээ  амжилт хүсье. Америкийн тугийг өндөрт мандуулаарай” гэж ерөөсөн. Ийм л шударга өрсөлдөөний журмыг Монголын Чөлөөт бөхийн холбоо нэвтрүүлж эхэлсэн.

-2012 оны Лондонгийн зуны олимпод анх удаа энэ журмыг туршиж үзсэн гэдэг. О.Насанбурмааг эрхээ авчихсан бай­хад С.Батцэцэгийг явуулсан байдаг?

-2012 онд тухайн үеийн шигшээ багийн удирдлагууд С.Батцэцэгийг олимпод барилдуулах шийдвэр гаргасан. Яг нарийн юу болсныг би хэлж мэдэхгүй. С.Батцэцэг эмэгтэй бөхчүүдээс олимпийн анхны медалыг авчирсан. Медаль авчирсан учир зөв шийдвэр байжээ гэж дүгнэж байна. Тухайн үед бөөн хурал, зөвлөгөөн болж байж шийд гарч байсан. Явж буй, үлдэж буй аль аль бөхөд нь амаргүй л байсан байх. Энэ журмыг бүгдэд ил тод болгоно. Яагаад гэдэг асуулт, битүү хөтүү хариулт нэг мөр арилна.

-Тохиолдол биш, жишиг болгох нь.

-Тийм. С.Батцэцэгийнх бол анхны тохиолдол. Цаашид тохиолдол биш, хэвшил болно. Олимпийн эрх авсан тамирчдыг УАШТ-д заавал оролцохыг шаардахгүй. Өөр бусад сорилтоос ч чөлөөлнө. Гэхдээ тэр тамирчин тэмцээнд оролцохгүй ч, ур чадвараа дээшлүүлж байх үүргийг өөрөө хүлээнэ. 2020 оны тавдугаар сард түүний жинд сорилгоор шалгарсан хамгийн шилдэг нэг тамирчинтай эрх авсан тамирчинг өрсөлдүүлнэ. Гурав барилдуулна. Хэн түрүүлж хоёр ялсан нь олимпод хүч үзэх эрхийг гардан авах юм. Тэгэхээр бүгдэнд нь олимпод оролцох ижил тэгш эрх байна гэсэн үг.

-Та дэлхийн зарим оронд ажил­лаж байсан туршлага бий. АНУ-д чөлөөт бөхөөр мэр­гэ­жил дээшлүүлсэн цөөн дасгал­жуулагчийн нэг. Мөн Тайваньд үндэсний шигшээ багийн ахлах дасгал­чуулагчаар уригдаж ажилла­сан туршлагатай. Үүнийгээ то­дотговол?

-Одоогоос 17 жилийн өмнө (2002 -2003 онд ) АНУ-д дэлхийн олон орны дасгалжуулагч нарын хамт нэг жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Түүний дараа жил, Италид, 2004 онд дэлхийн бүх орны дасгалжуулагчид мэргэжил дээшлүүлэх шалгалт өгсөн. Миний хувьд тэр шалгалтыг амжилттай өгч, олон улсын дасгалжуулагчийн цол авч, өөр бусад улсад багшлах эрх нээгдсэн. 2008 оны Бээжингийн олимпийн дараа Тайванийн шигшээ багаас ирүүлсэн саналыг хүлээн авч, 2009-2011 онд Тайванийн шигшээ багийг дасгалжуулсан. 1994 оноос хойш нийтдээ 25 жил бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн МУБИС-ийн бөхийн багшаар ажилласан туршлага бий.

-“Манчестэр Сити” багийн дасгалжуулагчийг Пэп Гвардиолла гэдгийг та мэднэ. Тэр гурван жил тус багийг удирдахдаа сүүлийн хоёр улиралд Премьер лигийн аваргын цомыг өргөсөн амжилт үзүүлсэн. Гэтэл энэ улирлын эхэнд тааруухан хоёр багт хожигдсон учир ширүүхэн шүүмжлэлд өртсөн. Тэр “Хөлбөмбөгчин бол бурхан биш хүн. Тиймээс алдана , ононо. Яагаад хожигдож болохгүй гэж. Юунд сүйд болов. Ямар хүн алчихсан, хүрээ талчихсан биш” гэж хариулсан.

-Алдаа болгон муу зүйл биш. Ялалт болгон сайн зүйл биш гэж би хүүхдүүдээ сургадаг. Алдаанаасаа хүн сурна. Ялалтаас сурах зүйл байхгүй.

Ажил хийсэн хүн алдаа гаргадаг гэдэг ч үг бий. Юу ч хийлгүй, нэр хүндээ бодоод, ямар ч алдаа гаргалгүй, хэл амнаас хол нам гүм яваад бас болно.

-Оросын Салтыков Шедрин зохиолчийн “Хэтэрхий мэргэн жараахай” гэж зохиол бий. Юу ч хийлгүй зуун жил насласан загасны амьдрал шиг?

-Туулсан гурван жилээ эргээд харвал шүүмжлэл дүүрэн байлаа. Манай чөлөөт бөхийн холбоо эрүүл органикаар хөгжиж байна л гэж бодогдсон. Үнэндээ юу ч хийлгүй, ямар ч алдаа гаргалгүйгээр ажилласан нэр зүүж болно шүү дээ. ДАШТ-ий 53 кг-ийн сонгон шалгаруулалт бол энэ бүхний энгийн жишээ. Аль ч талаасаа шүүмжлэл. Холбооны зүгээс бэлтгэл сургуулилт илүү сайн байгаа тамирчдыг ДАШТ-д явуулах шийдвэр гаргасан. Олимпийн эрх авчихвал  Монголд хэрэгтэй гэж тооцсон. Холбооны гаргаж буй шийдвэрт жаахан ч гэсэн хүлээцтэй хандаж байгаасай гэж бодогдсон. Зөв талаас нь харах юм бол манай үндэсний шигшээ баг тун давгүй. Эрэгтэй багийн дөнгөж 21 настай залуу  Монголд нэг эрх авчирлаа шүү дээ.

-Олимпийн эрх авсан Тулга гэдэг залууг өөрийн чинь унаган шавийн нэг гэж сонссон?

– Манай арслан клубынх. Арслан клуб маань байгуулагдаад 23 жил болж байна. Миний удирдлаганд ажилладаг, манай клубын багш Гантулга, Моломжамц нарын гаргаж ирсэн хүүхэд л дээ. Тулгыг 19 настайд нь шигшээ багт би дуудсан. “Олимп хаяанд ирчихээд байхад 19- 20 настай хүүхдийг шигшээд авлаа. 2020 онд яаж дэлхийн хэмжээнд гарч ирэх юм бэ”гэсэн шүүмжлэл багагүй өрнөсөн. “Дэлхийн хэмжээнд 21, 22 настай тамирчид дэлхий, олимпоос медаль авч байна. Монголчууд бид нар яагаад 18, 19-тэй залуусаа дэмжиж болохгүй гэж” би тэдэнд хариулсан. Өнөөдөр буруудаагүй гэдгээ баталлаа. Тэгээд ч зохих шалгуураар л шигшээд шалгарсан хүүхэд. Сонгон шалгаруулалтаар ялж, энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Би үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн зүгээс крандаагүй. 21, 22, 23 настай залуусыг сайхан ирээдүй тосож байна. Гол нь өөрийн хүчиндээ л итгэх хэрэгтэй, тэгвэл амжилт ойрхон байна. Бидний эхлүүлсэн ажил 2020 оны олимпоор өндөрлөхгүй.

-Санаж байна уу, Германы шигшээ баг Хөлбөмбөгийн ДАШТ-д медальт байрнаас буудаггүй байлаа, нэг үе. Тэгтэл нэгэн удаагийн ДАШТ-ээр медальгүй хоцорсон. Германчууд ч дасгалжуулагчаа огцруулж, Клинсманыг оронд томилсон. Шинээр дасгалжуулагчийн ажилд томилогдсон Клинсманы хамгийн анхны шийдвэр нь хуучин овгоруудыг чөлөөлж, шинэ , эрч хүчтэй залуусаар багаа сэлбэсэн. Удалгүй тэр баг ДАШТ-ээс хүрэл, Бразилийн ДАШТ-ээс аваргын алтан цомыг өргөсөн?

– Аливаа зүйл чинь ердөө л цаг хугацааны асуудал. Холбооны зүгээс шижигнэсэн сайн багийг шигшээд бүрдүүлсэн. Өмнө нь тамирчин байсан Ууганбаяр, Батцэнгэл гээд хоёр залууг шигшээгийн багт гавъяат дасгалжуулагч Баярсайхан, Цэдэнсодном нарын хамт авсан. Бид тавын ойрын зорилго бол 2020 оны олимп мөн. Алсын зорилго гэж бий. Тэр нь хойч үеээ авч явах сайн боловсон хүчинг бэлдэж өгөхөд оршиж буй. Ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлж буй. U -23-ийн  Ази тивийн аваргаар Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа түрүүлсэн. Энэ залуу бөхчүүдээс 2024 оны олимпийн найдвар тодорно. Тун удахгүй, ердөө есөн сарын дараа, зуны олимпоор эхнийхээ дүнг тавиулна.

-Энэ удаагийн ДАШТ-д С.Батцэцэг маш сайн барилдсан. Барилдаан дуусахад 30,40 секунд дутуу байхад 5:2-оор хожиж байсан. Гэхдээ төгсгөлөө хийж чадалгүй ялагдсан, харамсалтай явдал болсон. Ялсан бол аваргын алтан медалийн төлөө барилдах байлаа?

-Хоёрхон секунд үлдлээ гэдгийг харчихаад дуусчихлаа л гэж бодсон юм билээ. Гэтэл цээж рүүгээ мөргүүлээд, улмаар хөл алдаад л явчихсан. Ийм юм л болсон. Олимпийн дэвжээн дээр энэ алдааг гаргасан бол яана. Эргүүлж буцаах аргагүй. Энэ удаад ялагдсан ч, хүрэлийн төлөө барилдлаа. Маш өндөр үнээр олдсон хүрэл медаль. Батцэцэг бол үнэхээр агуу тамирчин. Есөн жилийн өмнө, бөхийн орны нийслэл Москвагийн дэвжээнд , намайг Тайванийн шигшээ багийг удирдаж байхад Монгол эмэгтэй анхны дэлхийн аварга болсон нь С.Батцэцэг. Тухайн үед 60 кг-ийн жинд түрүүлсэн. Лондонгийн олимпид 63 кг-д, Риогийн олимпид дундаж жинд зодоглосон. Дэлхийн аваргад ноднингоос 68 кг-д өгсөж барилдсан. Энэ бол дээд жин. Өнгөрсөн жилийн медальтнуудыг бүгдийг нь ялж Нурсултаны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Олимпийн бэлтгэл зохих түвшинд хангагдаж байна. С.Батцэцэгийн алдаа бол мэдээж ноцтой том алдаа. Гэхдээ олимпод давтаж болохгүй сургамж боллоо гэж гэж харж байгаа.

– Г.Мандахнаран “Рио”-гийн олимпийн төгсгөлд алдаа гаргаж энгэртээ “зүүсэн” хүрэл медалиа алдсан гашуун сургамж бий. Тийм л алдааг давтаж болохгүй?

-Сэтгэл хөдлөлөө барьж чадах, тогтвортой байх, эцсийн шүгэл дуугаран дуугартал  хяналт сайтай байна гэдэг бол тамирчин хүний ягштал баримтлах гол зарчим.

-Амжилт гаргахын нэг үндэс нь өрсөлдөгчийн судалгаа хийх шүү дээ?

-Өрсөлдөгчийн судалгааг хийдэг техникийн дасгалжуулагчийг баг бүр ажиллуулдаг. Манайд энэ орон тоо байхгүй учир багш нар давхар хариуцдаг. 2017 онд АНУ-аас ажиллах ур чадварын багш урьж, шигшээ багаа хамруулсан. Сайн ажиглавал,  манай шигшээ багийн тамирчид өмнөх шигээ “хялайж хожигдохоо” больчихсон. Монголд үйл ажиллагаагаа эрхэлж буй гурван кроссны төвүүдтэй хамтран ажиллаж тамирчидаа бэлдэж байна. Биеийн тамир спортын газраас кроссын таван салбарыг саяхан нээсэн. Бидэнд их дэм болох байх. Дутуугаа нөхөж, олимпийн дэвжээнд алдах эрхгүйгээр тамирчидаа сайн бэлдэнэ.

– Сүүлийн 40 жил монголын чөлөөтийн эрэгтэй бөхчүүд олимпоос медаль авсангүй. Үүнийг л таслахыг монголчууд та бүгдээс хүлээж байгаа болов уу?

– Ямарваа нэгэн зүйлд үелзэл гэж бий. 40  жил уруудахаас илүү уналт гэж байхгүй. Уналтын доод цэгтээ хүрсэн. Одоо бол дээшлэх ёстой. Тамирчид маань ч ухамсарлаж буй. Хоёрдугаарт, 1964 оны  Токиогийн олимпод Монголчуудын анхны медаль авч байсан төрлийн нэг бол чөлөөт бөх. 1968-1980 гээд 12 жилийн дотор манай бөхчүүдийн олимпийн оргил үе. Мексикээс эхэлсэн амжилт маань 1976 оны Монреал, 1980 оны Москвагийн олимпоос хойш эрэгтэй чөлөөтийнхөн маань медаль авч чадахгүй байгаа гунигтай түүхийг таслах цаг ирсэн.

-Эрэгтэй чөлөөтийн олимпийн хамгийн сүүлийн медалийг Даваажав, Оюунболд нар авчирсан. Харин эмэгтэйчүүд бол амжилттай байгаа?

-2014 оны Афины олимпоос Монголын эмэгтэйчүүд олимпод орж ирсэн. Монголын эмэгтэй баг чансаагаараа дэлхийд тогтмол эхний гуравт багтаж буй. 2017, 2018 онд Дэлхийн цомоос хүрэл хүртсэн. Энэ жилийн ДАШТ-д багаараа долоод эрэмблэгдэж, Японд зохиогдох дэлхийн цомд гурав дахь жилээ дараалан оролцох эрхээ авсан.

-Охидууд “ айлгадаг “ л болсон доо?

-Угаасаа л “айлгадаг”. Биднээс өмнө. Өмнөх багш нарын маань ажлын үр дүн. Үе үед л шүүмжлэл байдаг. Хөгжиж дэвшил бол өмнөх үетэй заавал холбоотой.

-Токиогийн олимпийн найдвар Орхон маань допингийн асуудлаар барилдах эрхээ хасуулсан харамсалтай явдал боллоо?

– Дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан охин. 2018 оны Азийн наадамд Орхон түрүүлсний дараа ийм гунигтай явдал болсон. Үнэн мөн нь тогтоогдох байх гэж л бодох юм. “Хэн нэгэн хорлочихлоо “ гэдэг яриа гарсан. Хэн хорлосныг нотлох ёстой. Түүнээс биш хоосон явган яриа байж таарахгүй. Үндэсний бөх дээр ч ийм яриа тасрахаа больсон. Хориотой эм бодис эрхэлдэг сүлжээний бизнесийн бүлэг байвал илрүүлэх хэрэгтэй. Тэдний бизнесээс болж тамирчид насаараа хохирч болохгүй.

“Ямар ч допинггүй” гэсэн үгэнд нь тамирчид итгэснийх. “Би бяртай, чадалтай больё, допингоосоо хийчих” гэх нэг ч тамирчин байхгүй гэдэгт би итгэдэг.

-ДАШТ-ээс гурван медальтай ирсэн. Харамсалтай нь, хоёр медаль нь олимпийн эрхгүй?

-Энэ тийм ч чухал биш. Америкийн Кайелдэх гэж бөх бий. Олимпийн бус жинд барилддаг боловч, олимпод түрүүлсэн. Учир нь олимпийн жил бүгд жингүүд олимпийн жин рүүгээ шахагдан нягтардаг. Тэгэхээр өрсөлдөөн улам нэмэгдэнэ. Олимпийн бус жингээс медаль авчирсан  Болортуяа маань Сумъяагийн буюу 53 кг-ийн жин рүү орж ирнээ л гэж бодож байна. Багш нартай нь ч энэ талаар ярилцсан. Төрөл нь олимп учраас төр засаг ч гэсэн олимпийн бусад жин дээр медаль авсан тамирчдыг ялгаагүй л шагнал урамшлыг нь өгөх ёстой. 2020 оны зуны олимп хүртэл жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Болортуяа 53 руу, Шоовдор дээшээ 62 кг жин лүү өгсөнө гэж төсөөлж байна. Ингээд бодохоор олимпийн зургаан жингийн өрсөлдөөн улам нэмэгдэнэ. Тэгэхээр муу биш, харин ч сайн үр дүнтэй гэж бодож байна.

-Монголчууд хоорондоо хичнээн дотно, элгэмсэг болж чаддагийг 2008 оны Олимпийн аварга төрсөн өдөр бүгдээрээ мэдэрсэн. Гайхалтай дурсамж, бас мэдрэмж.

-Өнөөдөр нийгэм эвдэрсэн. Байнга шүүмжилж, фэйсфүүкээр бие биенийгээ гутаан, харлуулан доромжилдог. Энэ бол маш буруу хандлага, нийгэмд ч хортой. Тиймээс шигшээгийн тамирчиддаа, хандлагаа өөрчил, интернэт хэрэглээгээ буулга гэж зөвлөдөг.

-Фэйсбүүк тамирчдын амжилтанд , сэтгэл зүйд нөлөөлдөг болсон. Тиймээс Премьер лигийн аваргийн төлөө өрсөлдөж буй багийн хөлбөмбөгчдийг фэйсбүүкээс хол, ангид байхыг дасгалжуулагчид зөвлөдөг.

-Интернетийн хэрэглээ бол дэлхий нийтийн асуудал болсон. Өнгөрсөн наадмаар Канадын эмэгтэй баг Монголд ирсэн. Хамгийн нэн тэргүүний шаардлага нь Интернет. Тэгэхээр интернет бол өнөөгийн иргэдийн салшгүй хэрэгцээ болсон байна. Нөгөө талаараа интернет тамирчины амжилтанд сайн, муугаар нөлөөлдөг. Тиймээс манай тамирчид, тэр дундаа олимпийн эрх авсан тамирчид фэйсфүүкээ түр устгачих нь зөв юм. Нэг муу жишээг иш татья. Сумъяа Грекийн бөхөд ялагдчихаад л хувцасны өрөөнд оронгуутаа л сөхрөөд унасан. Асгартал уйлаад л “Ялахаас илүү, ялагдчихвал юу  гэж хэлэх болоо” гэсэн айдсаасаа салж чадаагүй байснаа надад хэлсэн. Сэтгэлзүйч урьж, Сумьяаг амихандаа сошиалаас нь салгаад л байсан. Тэгсэн хэдий ч оюун ухаан гэдэг тийм хүчтэй аж. Тархинд харвасан тэр сигнал тавигдсангүй. Орчин үеийн дасгалжуулагчидын хийх гол ажлын нэг бол тамирчдынхаа сэтгэл зүйг нь хүчтэй болгох,зорилгыг нь тодорхойлоход оршино. Ингэхийн тулд багш нар тамирчидтайгаа тун ойроос тулж ажиллах шаардлагатай. Тамирчид ч багш нартаа бүрэн итгэж байж аварга төрнө. Харилцан итгэлцэл, зөв хандлага бол амжилтын суурийг тавина. Зөвхөн тамирчид биш, бас багш нар нь ч зөв хандлагатай байх учиртай.

-Аливаа юм хэрээс хэтрэх, зохист харьцаагаа алдсан тохиолдолд нуран унах нь хялбар болдог гэж санадаг?

-Тамирчдын талаар хэл ам татлалгүй, хэрүүл тэмцэл өрнүүлэлгүй, аяар тайван орхивол Монголын чөлөөтийнхэн Токиогийн олимпод сайхан үзнэ гэдэгт итгэлтэй байна. Бага хугацаа үлдлээ. Эхлээд зорилгоо биелүүлье. Шүүмжлэл бол байна. Энэ бол өөрчлөгдөж буйн шинж тэмдэг. Тэгэхээр өөрчлөгдөж байнаа гэдэг бол сайжирч байна л гэсэн үг. Би ер нь сайнаар төгсөнө гэдэгт ямагт итгэдэг .

-Комментатор нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд талархлаа. Ингэхэд Токиогийн олимп эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Олимпоос Монголын эрэгтэй, эмэгтэй аль аль баг нь медальтай ирээрэй гэж ерөөе?

-Урьсанд баярлалаа. Илэн далангүй сайхан хуучиллаа. Олимпоос медальтай ирнэ. Түүгээр зогсохгүй аварга төрүүлнэ . Бидний зорилго тодорхой. Залуучууддаа бүрэн дүүрэн итгэж буй. Монголчуудынхаа хамгийн хайртай спорт болох чөлөөтийнхээ охид, залуучуудтайгаа Токиогийн олимпод амжилттай оролцож, эргэн баяртай уулзацгаая.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эгэл 2019-12-20 15:09:52
    тулаад зогсоод байдаг бас хөлөө хамгаалж чаддаггүй өрсөлдөгчийнхөө хөлийг авч чаддаггүй хүнийг тэмцээнд битгий авч яваарай
    64.119.25.252
    Мэдэгдсэн Хариулах
  • ШҮГЭЛДЭГЧ 2019-11-14 11:44:54
    ҮЛЭЭГЭЭД БАЙНА УУ?
    182.160.38.96
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-14 08:37:06
    яагаачгүй битгий ам гар хэцүү шдээ. авсан хойноо баярлацгаая
    202.179.24.18
    Мэдэгдсэн Хариулах