''Code of Conduct'' ярьж эхэлнэ гэдэг сайн хэрэг

Нэгэнт тогтчихсон, бидний анзаардаггүй, ерөөсөө л жижиг юм гэж боддог олон зүйлийн дэргэдүүр бид өнгөрдөг. Тэр бол даргын, албан тушаалтны талаарх сэтгэлгээ хийгээд тэдний үйлдэл бүхнийг нүдээ аниад тэвчиж өнгөрөөдөгт байгаа юм.

“…Дарга юу ч хийж болно”, “…Дарга хуулиас том”, “Дарга бол дарга” гэх ойлголт бидэнд суучихсан. Тэгэхээр УИХ-ын гишүүд, сайд нар, яамны газар хэлтэс, агентлагийн дарга нар, за тэгээд аймаг нийслэл, сум дүүргийн дарга нар, түүнээс доошоо албан тушаалтнууд бол төрийн ахуй хангамжтай “..Дарга” ангиллын хүмүүс гэсэн үг.

Тэд албаны машин унана. Жолоочийг, бензинийг төр даана. Тэд төрөөр гар утасныхаа төлбөрийг даалгана. Тэдний хоолыг ч төр даадаг. Өөр бусад олон хангамжийг Монголын төр тэдэнд олгодог. Ингэж төрөөс хангагдсан нөхцөл боломжийн хүрээнд төрийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм даа.

Харамсалтай нь тэд маань албан машинаар авгай хүүхдээ зөөлгөнө. Саяхан баахан даргын  ийм “хэрэг” ил болсон. Хятад, Макао, Солонгосын хаа нэгтээ очоод казино тоглоно. Энэ тоглоомоос эргэж гарахааргүй орчихсон хүн ч Монголын парламентад бий. Бэлгийн дарамт  үзүүлнэ. Одоо хил даваад гадныханд тэр дарамтаа үзүүлдэг болсон. За тэгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр бүх муу муухайг хийдэг болчихсон. Тэрийгээ тоохгүй. Улайхгүй. Гүрийнэ.

Энэ бүгд ганц л зүйлтэй холбоотой. Тэр бол төрийн хүний ёс зүй юм. Уг нь манай улсад Ёс зүйн дүрэм гээч юм бүхий л салбарт байдаг. Төрийн албан хаагчийн тангараг хүртэл бий. Тангараг өргөчихөөд л хулгай хийгээд, бэлгийн дарамт үзүүлээд яваад байхаар юу ч гэмээр юм бэ дээ.

Монгол төрийн албан хаагчид, өнөөх “дарга” нар маань ёс зүйн талаар бодохыг ч хүсдэггүй нь анзаарагддаг. Одоо хар л даа. 60 тэрбумын бичлэг дээр улайм цайм ярьчихаад “…Би байгаагүй” гэж чадаж байна. ЖДҮ-гийн мөнгийг албан тушаалаараа нөлөөлж авчихаад банк бус руу хийж эргэлдүүлж байгаад баригдаж байна. Тэр нь ил болчихоод байхад л гүрийгээстэй.

Ингэхээр манай төр Code of Conduct буюу ёс зүйн нэгдсэн дүрэмтэй болох хэрэгтэй юм. Ийм дүрмийг дэлхийн бусад улс орнууд мөрддөг.

Энэхүү Code of Conduct нь манай уламжлалт буяныг үйлдэх, эвийг хичээх, шударгыг эрхэмлэх гэсэн ёс зүйн “дүрэм”-тэй адилхан. Ерөөсөө л үүрэг хариуцлага, зөв зохистой дадал буюу худал ярьж болохгүй, шударга бай гэсэн зарчмуудтай адилхан.   Гэхдээ Code of Conduct нь  тодорхой дүрэм журам, стандартаар дамжуулан нарийвчилсан ёс зүйн дүрмийг өөртөө агуулдаг. Илүү үйлдэлд төвлөрч, нарийвчилсан, тодорхой заалтуудыг агуулахаас гадна байгууллагын удирдлага болоод ажилтан, хэрэглэгч, нийгэмд чиглэсэн харилцаанд суурилдаг байна. Зарим тохиолдолд хаалттай, нууцлалын зэрэгтэй ч байж болдог аж.

Засгийн газраас энэ талаар сүрхий ярьж эхэлж байх шиг байна. Энэ сайн хэрэг. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн яриад, хийгээд амьтан хүн инээлгээд элэг доог болоод байгаа таван секунд ширтвэл бэлгийн дарамт, албан машинаар хүүхэд зөөж байгаа хэд хэдэн даргыг илчилсэн, УИХ-ын гишүүдийн казино тоглох эрхийг хориглох гэдэг зүйлүүд чинь Монгол төрийн ёс зүйн хэмжээс давчихсан үйлдлүүд шүү дээ. Уг нь инээдэм бус юм.

Ажилдаа хэрэглэ гээд бал авч өгсөн бол ажилдаа л хэрэглэ л дээ. Албаны машиныг албаны зориулалтаар л ашиглачих л даа. Төрд алба хашиж байхдаа казиногоор орохоо больчих л доо. Бас төрийн мөнгө, тендер, ЖДҮ битгий хус л даа.

Монголын төрд өнөөдөр л Code of Conduct ярьж байгаа болохоос биш дэлхийд нэртэй компаниуд хүртэл яг л энэ ёс зүйн дүрмийн хүрээнд ажиллаж ирсэн байгаа юм. Амжилтынх нь ихэнх хувь Code of Conduct-тай холбоотой гэж ч ярьцгаадаг.

“Coca Cola” компанийн бизнесийн ёс зүйн дүрэм нь Шударга зарчмаар ажиллах, Хуулийг дагах, Дүрэм журамд нийцэх, Хариуцлагатай байх гэж байгаа юм.  “Apple” компани болохоор  Шударга байдал, Хүндэтгэл,  Нууцлал,  Нийцэл гэдэг ёс зүйн дүрэмтэй.

Ийм Code of Conduct-ийг нэвтрүүлсний дараа байдал хэрхэх вэ гэж бас асуух ёстой. Хариулт ойлгомжтой. Тендер, ЖДҮ, төрийн мөнгө хусахгүй гэж гар хөлийн үсгээ зурж, ам тангарагаа өгсөн дарга нарын үйлдэл нь ядаж цөөрч таарна.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
З.Болд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Машин унаад бай 2019-11-15 10:13:06
    Албаны машиныг Хувьдаа сайн Ашиглахаад бай. Сая шалгаад цагдаа төрийн албаныхан сэтгүүлчид зогсоох гэж оролдоод Дарга нар уурлаад Зогсоосон. Дарга сайд нар!!!
    64.119.23.78
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-11-14 02:22:55
    Уг нь ТАНГАРАГ ӨРГӨСӨН байгаа шүү дээ тангарагаа няцсан тул цаазлахад буруудахгүй шүү дээ. ЦААЗЛАХ хүсэлтэй иргэд мааш олон байгаа шүү.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах