Хүүхэд, залуусын урам зоригийг сэргээсэн 10 од

Өсвөр насныхан болон залууст бид Zen үеийн хамгийн яруу тод төлөөлөл болгож зөвхөн оддыг төдийгүй мөн гайхалтай шинийг зохион бүтээгчдийг tattler.ru танилцуулсныг толилуулж байна.

 

Милли


“Хачин жигтэй ажил үйлс”, эсвэл “Гозилла” киног олон удаа үзсэн бол гол дүрд нь тоглодог Миллиг чи сайн таньж байгаа байх. Гэхдээ энэ охин зөвхөн кино жүжигчин, олон ангит кинонд тоглосон гэдгээрээ нийтийн танил биш. 15 насандаа НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) энхийн элч болж чадсан бөгөөд олон улсын энэхүү байгууллагатай хамт Милли дэлхийн охидын боловсрол олж авах эрхийн төлөө тэмцдэг. “TIME” сэтгүүл манай дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд түүнийг оруулсан бөгөөд тэдний дунд Милли насаар хамгийн бага нь ажээ. Саяхан тэр гоо сайхны бүтээгдэхүүний өөрийн шугамыг нээжээ.

 

 

Хлоя Ким

 

19 настай тамирчин бүсгүй Хлоя Ким өнгөрсөн жил сноубордингийн төрлөөр олимпийн тоглолтын түүхэнд хамгийн залуу аварга болсон. Тэрээр хафпайп төрөл буюу тусгайлан зассан цасан гадаргуу дээр гулгадаг. Гэхдээ Хлоя үүнээс өмнө хангалттай хэмжээнд олны танил болсон байсан. Идэрчүүдийн олимпийн тоглолтод тэр алтан медаль хүртсэн анхны америк тамирчин бөгөөд түүхэнд хамгийн өндөр оноо авсан ажээ. Хлояг бид спортын өндөр амжилтынх нь төлөө гэхээс гадна хоол хүнсний талаар Твиттерт байнга пост гаргадагт нь хайрлаж хүндэлдэг.

 

Сторм Рейд

16 настай Сторм Рейд нийтэд танил болсон хийгээд хэд хэдэн том төсөл, түүний дотор Оскарын шагнал хүртсэн “Боолчлогдсон 12 жил” кино болон гол дүрд нь Зендая тоглосон “Эйфория” олон ангит кинонд тоглож амжсан. Гэхдээ тэрээр өөрийнхөө хамгийн хайртай төслийг Риз Уизерспун, Опра Уинфри нарын хамт тоглосон “Он цагийн эвдрэл”  кино хэмээн нэрлэдэг. “The Washington Post” сонинд өгсөн яриандаа энэ дүр өөртэй нь адилхан охид юу ч хийхэд бэлэн гэдгийг харуулах боломж олгосон гэж өгүүлжээ. Сторм ирээдүйд кино найруулагч  болохыг мөрөөддөг. Кинонд тоглосон арвин их туршлага нь түүнд ажлаа маш сайн мэддэг болоход нь тус болох биз ээ.

 

 

Чонгук

Энд бид BTS-ийн залуусыг бүгдийг нь  багтаах боломжгүй нь харамсалтай. Учир нь тэдний олонх насаар таарч тохирохгүй. Харин 22 настай Чонгук яг таарч байна. Тэр бол өнөө цагийн хамгийн нэр цуутай к-рор-бойз-бэндийн гол дуучин. Өөрсдийн хөг аялгуугаар BTS өсвөр насны хүүхэд залуусын үзэл бодлыг төлөвшүүлж, хүнд бэрх цагийг даван туулж, сэтгэл зовоосон төрөл бүрийн асуудлыг зохицуулахад нь тус дэм үзүүлдэг билээ. Өөртөө эргэлзэх, шинэ зүйлээс айж бэргэх гэдэг бол хэвийн зүйл. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд тууштай, шантралгүй мэрийх аваас ямар ч эргэлзээ, айдас чамд саад болж чадахгүй гэдгийг хамтлагийнхан өөрсдийн үлгэр жишээгээр харуулдаг. “TIME” сэтгүүл тэднийг дараагийн үеийн лидерүүд хэмээн нэрлэсэн нь яг оносон. Тэд үнэхээр бидний лидерүүд, залуус өсвөр үеийнхний дуу хоолой, бидний зүг чигийг заагч одод мөн.

 

 Bhad Bhabie

Тийм ээ, Bhad Bhabie хэмээх нууц нэрээр нь бидний мэддэг Даниэлла Бреголи бол сая дагагчтай болохыг зорьсон шинэ үеийнхний хамгийн зоримог шазруун охидын төлөөллийн нэг билээ. Тэрээр доктор Филийн теле нэвтрүүлгээр үймж бужигнасан олон түмэнд хандаж танхимаас гарч учир начраа олохыг санал болгож” («Cash me ousside, how ‘bout dah’?») хэмээн ганц өгүүлбэр хэлснээр нийтэд алдаршсан. Өнөө цагт амнаас унагасан ганц чухал санаа, үг өгүүлбэр чамайг ганц өдрийн дотор нэр цуутай болгож чадах билээ. Даниэлла огтхон ч сандарч тэвдэлгүйгээр олон цагаар идэвхтэй хөдөлмөрлөж, трекүүдээ бичиж, уран бүтээлээ интернэтэд тавьж байлаа. Анхны сингл нь Billboard Hot 100-д багтаж, Bhad Bhabie чартын түүхэн дэх хамгийн залуу репчин болов. Сая дагагчтай болоход тун ойрхон байсан бөгөөд жилийн дараа Даниэлла Калифорнид хувийн байшин худалдан авч, 15 насныхаа төрсөн өдрөөр алтан дискнээс бялуу амталжээ.

 

Фионн Феррейра

Хүрээлэн буй орчны нөхцөл байдал сэтгэл санааг нь ихээр зовоодог 18 настай ирланд зохион бүтээгч залуу Фионн Феррейра. Тэрээр бичил хуванцрыг уснаас ялган гаргаж авах зориулалттай төслөөрөө саяхан 50 мянган ам.доллар хүртсэн. Энэ бол орчин үеийн дэлхий ертөнцийн тулгамдсан төвөгтэй асуудлын нэг билээ. 2014 оны байдлаар далайн усанд 250 мянган тонн бичил хуванцар хуримтлагдсан байжээ (түүнээс хойш өнгөрсөн таван жилийн дотор нөхцөл байдал ямар болж өөрчлөгдсөнийг төсөөлөхөд айдас хүрмээр). Гэхдээ Фионн шиг сэтгэл зүрхээ зориулсан идэр залуу зохион бүтээгчдийн ачаар бүгдийг засч сайжруулах боломж бидэнд бий. Тэрээр бичил хуванцрыг өөртөө агуулах соронзон шингэнийг усан дотор бий болгохын тулд магнезитийн нунтгийг тостой хольсон бэлдцийг ашиглажээ. Бичил хуванцрын жижиг хэсгүүд энэ шингэнд татагдан орж хуримтлагдсаны дараа Фионн соронзон ашиглаж уг шингэнийг уснаас ялган цэвэрлэж, усыг дангаар нь үлдээдэг ажээ.

 

Кирнан Шипка

Кирнан Шипкагийн ачаар бидний хайртай бяцхан шидтэн Сабрина дэлгэц дээр амилсан билээ. Одоо тэр 19 настай боловч 2006 онд анх кинонд тоглосон. Жилийн дараа Америкт нэрд гарсан “Тэнэгүүд” олон ангит кинонд тоглож Young Artist Awards-ын хэд хэдэн шагналд нэр дэвшсэн. Сабрина Спеллманы дүрд тоглосондоо Кирнан мэдээж бусдаас илүү бахархдаг. Variety-д өгсөн ярилцлагадаа “Өөрийнхөө төлөө хэзээ ямагт бат зогсож, зөв гэж үзсэн зүйлээ л хийдэг хүч тэнхээтэй, хэнээс ч хамааралгүй бие даасан охин” хэмээн өөрийн тоглосон киноны гол баатрыг тодорхойлсон байдаг. Түүнтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Үнэхээр шинэ Сабрина бол насандаа байхгүй шийдвэр төгс, мэргэн ухаантай, үнэн хийгээд шударга ёсны төлөө байнга тэмцэхэд бэлэн билээ. Кирнан өөрөө Сабринагаас их зүйлийг сурдаг гэсэн. Бид харин бяцхан шидтэн маань жинхэнэ бодитой хүн байсан бол Кирнанаас мөн адил их сонирхолтой зүйлийг олж мэдэх байсан гэдэгт итгэлтэй байна.

 

 Грета Тунберг

16 настай Грета Тунбергийн тухай сонссон байх. Шведийн сургуулийн сурагч энэ охин нэгэнтээ орон нутгийн парламентын дэргэд суулт хийж цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг эрх баригчдад уриалж эхэлсэн. Түүний үлгэр жишээ бусад улс орны сурагчдын урам зоригийг бадрааж, “ирээдүйн төлөө”, “цаг уурын өөрчлөлтйн төлөө” баасан гариг бүрт хичээл хаялт зарладаг болсон. Грета янз бүрийн хурал, зөвлөгөөнд тухайлбал, Давосын форум, Европын нийгэм, эдийн засгийн хороо, тэр ч бүү хэл Европын парламентын төлөөлөлтэй хийх уулзалтад оролцож үг хэлж байсан. Тэрээр улстөрчдийн үйлдлийг шүүмжлэх, цаг уур, хүрээлэн буй орчныг сайжруулахын төлөө тэмцэхээсээ айж эмээдэггүй нэгэн билээ. 16 насандаа тэр Шведийн “Оны эмэгтэй”-гээр шалгарч амжсан бөгөөд Нобелийн шагналд нэр дэвшсэн.

 

 

Эгч дүү Вийсен

Мелати болон Изабель Вийсен нарыг бүхэл бүтэн арлыг аварсан охид хэмээн нэрлэдэг. Бали арал дээр тэнгисийн усанд сэлж явахдаа тэд нийлэг хуванцар уутнууд тэнгисийн усыг бохирдуулж байгааг олж ажигласан байна. Тэгээд 2013 онд 10, 12 настай байхдаа охид тулгамдсан энэ асуудлыг олон нийтийн сонорт хүргэхийн тулд “Нийлэг уут байгаа цагт…” хэмээх кампанит ажлыг эхлүүлжээ. Бали арал дээр нийлэг хуванцар уут хэрэглэхийг хориглох шийдвэр гаргуулах зорилго тавьж 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан боловч орон нутгийн амбан захирагч эхэндээ тэднийг дэмжээгүй аж. Тэр үед охид өлсгөлөн зарлаж, бусад суралцагч, багш нараа хүртэл татан оролцуулжээ. Ийм шахалт шаардлагын дараа амбан захирагч арга буюу бууж өгч хориглох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Мелати, Изабель хоёр үүнээс гадна үзэл бодол нэгт үеийнхэнтэйгээ харилцан ярилцаж, арал дээр хуримтлагдсан хур хогийг хамтдаа цэвэрлэдэг гэсэн.

 

 

Жек Кейбл

18 настай Жек бол ёс зүйтэй хакеруудын төлөөлөл. Тэд бол компьютерийн системийн аюулгүй байдлыг сорилоор шалгаж нягталдаг мэргэжилтнүүд юм. Гэхдээ алдаа гэмтлийг эрж олох ажлыг үнэ төлбөргүй хийдэг, эсвэл программ зохиогч нарт бүтээгдэхүүнээ илүү хамгаалалттай хийхэд нь туслах ажлыг мөнгөөр хийж өгдөг. Жек анх гурван жилийн өмнө цифрүүдийг ганцхан комбинацад оруулан бусдын данснаас мөнгө татаж авч болохыг сайтнаас нь олж илрүүлжээ. Жек тэр даруй сайтын зохиогчид руу  “Ийм зүйл болох ёсгүй гэдгийг би мэднэ” хэмээн өөрийн үйлдлээ тайлбарлажээ. Ийм л ач буянтай үйл, программчлалын маш сайн ур чадвар нь Жекийг жинхэнэ ёс зүйтэй хакерчин болгожээ. Одоо тэрээр Стэнфордод сурч байгаа. Өөрийн гэсэн компаниа байгуулж амжсан ажээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Энхээ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 88864046 2020-01-01 14:05:10
    Also I would be to get a combination that the first of all of the first to get responsible t to the world t cells to know how you may WWW18 scrunched toaccident...
    66.181.161.96
    Мэдэгдсэн Хариулах