Уоррен Баффет: Чаддаг зүйлээ хийх нь амжилтын үндэс
Мэдээний архиваас /2010/11/13/

Санхүү эдийн засгийн чиглэлийг нийтлэлийн бодлогоо болгосон дэлхийн шилдэг сэтгүүлүүдийн нэг бол Америкийн “Форбес” сэтгүүл билээ. Дэлхийн эдийн засгийн салбарт гарч буй шинэ соргог мэдээллүүд, амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүх, ярилцлага гээд эндээс олж унших зүйл бишгүй.

Өнөөдрөөс эхлэн та бүхэнд “Форбес” сэтгүүлийн буланг цувралаар хүргэхээр боллоо. Хөрөнгө чинээгээрээ дэлхийд гайхагдсан Уоррен Баффет болон репчин Жей Зи нартай Форбес өөрөө ярилцжээ. Тэдний яриаг товчлон хүргэе.

Стив Форбс: -Та хоёр хоёулаа л гайхалтай хүмүүс. Яагаад гэвэл өөр өөрсдийн салбартаа домогт амжилт гаргасан. Бусдаасаа юугаараа онцгойрч энэ амжилтанд хүрч чадав аа?

Уоррен Баффетт: -Аав маань хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг байлаа. Би долоон настайгаасаа эхлэн бямба гариг бүрт ажил дээр нь очиж өрөөнд нь ном уншиж суудаг байсан. Чухам юуг барьж авах вэ гэдгээ эрт ухамсарласан нь миний давуу тал. Хүн бүр бусдаас хамааралгүй сэтгэж чаддаг байх хэрэгтэй. Та ямар нэг дүгнэлтэнд хүрсэн л бол бусад нь юу бодож байгаа нь хамаагүй. Өөрийн ухамсартаа, ой санаандаа буулгасан дүгнэлтэндээ итгэ. Олон хүний хувьд энэ нь хэцүү л дээ. Гэхдээ надад ийм чадвар байгалиас заяасан.

-Олон хүн тантай санал нэгдэх байх. Гэхдээ хямралд өртөж, дампуурлын ирмэгт тулдаг нь олон шүү дээ? Дампууруулахгүйн тулд хийж буй таны онцгой зүйл юу вэ?

Уоррен Баффетт: -Таны асуултанд хариулахад хэцүү байна. Би ийм чадварыг сургуулиар олж аваагүй. Би ямар нэгэн зүйлд итгэсэн бол бусад нь надтай санал нэгдэхгүй байгаад би санаа зовдоггүй. Миний мэдэхгүй толгой хүрэхгүй зүйл зөндөө бий. Харин би ийм зүйлээс хол байхыг хичээдэг. Хэмжээнээсээ хэтэрсэн зүйлд ордоггүй гэх үү дээ. Энэ санааг IBM-ыг үндэслэгч Том Уотсон маш сайн гаргаж ирсэн байдаг “Би суутан биш, гэхдээ зарим салбарт ажиллаж чаддаг, үүнээсээ ч холдохгүй байхыг хичээдэг” гэж хэлсэн байдаг.

-Жей, чи өрсөлдөөн ихтэй бизнесийн салбарт ажилладаг. Од болохыг хүсдэггүй залуус гэж байдаггүй байх. Харин чи зүгээр ч нэг од болоогүй, аажмаар урагшилсан шүү дээ.

Жей Зи: -Би сая Уоррены ярихыг сонслоо л доо. Бидэнд төстэй зүйл их байна. Би түүнтэй санал нэг байна. Гэхдээ миний туулсан зам Уорреныхаас өөр. Амжилтын гараа маань маш хожуу эхэлсэн. Би 26 нас хүрч, эрийн цээнд хүрсэн үедээ анхныхаа цомгийг гаргаж байлаа. Ийм учраас 16-17 настай хүүгийн гаргасан хип, хоп цомгоос олон зүйлээрээ ялгарч чаддаг. Миний хувьд үнэн гэдэг бол миний амьдралын тухайн мөч дэх үнэний эрэл юм. Өөрийнхөө чадах хэмжээнээс давсан зүйлээр оролддоггүй.

-Чи 26 настайдаа анхныхаа цомгийг гаргасан ч гэлээ урьд нь хөгжим зохиодог байсан биз дээ?

Жей Зи: -Хөгжим бол миний амьдралд үргэлж байсан. Аав, ээж хоёрт маш их пянз байдаг байлаа. Хэрвээ би чаддаг байсан бол эртнээс л хөгжим зохиож эхлэх байсан. Гэхдээ орчинтойгоо эвлэрч олон жилийг өнгөрөөсөн гэх үү дээ. Гэнэт л надад сонин мэдрэмж төрсөн. “Чи юу хийх ёстой түүнийгээ л хий” гэсэн дуу хоолой дотроос минь сонсогдсон. Тэгээд хийж эхэлсэн, ухрах зам байгаагүй.

-Олон уран бүтээлчид ганц хоёр цомог гаргаад л дахиж уран бүтээл хийлгүй нам гүм болдог. Харин чи тэгсэнгүй?

-Өөртөө завсарлага өгөхгүйн тулд өөрийгөө удирдаж чаддаг байх хэрэгтэй. Хөгжмийн бизнесийн салбар бол хөрөнгийн зах зээлтэй их адилхан. Оргил мөч бүрд шинэ содон зүйл гарч ирдэг. Өнөөдөр электро урсгал хүчээ авч байгаа бол маргааш тусгай эффект ашиглаж бичсэн хоолой, эсвэл өөр нэг зүйлийг хүмүүс үнэлэх болно. Хүмүүс үргэлж л хуучнаа мартаж шинэ рүү тэмүүлэн, сэтгэл хөдлөлдөө захирагдаж байдаг.

“Би хэн бэ түүгээрээ байна, би гагцхүү хийж байгаа зүйлээ л хийнэ” гэж өөртөө хэлдэггүй. Тэд энэ тухай ор тас мартаад өөр нэгэн шинэ зүйл рүү хошуурцгаадаг. Гэтэл “моодонд” орж байгаа бүхэн тэдэнд зориулагдсан байх нь ховор шүү дээ.

-Хэдийгээр чи хөгжмийн бизнест хөл тавьсан ч Def Jam Records-ын Ерөнхийлөгч байхдаа энэ бизнес муу гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Чи энэ салбараас гарахыг хүсч, тэр бүү хэл эрх чөлөөтэй болохын тулд мөнгө төлөхөд ч бэлэн байсан биш билүү?

-Интернет байхгүй үед ганц л хит гаргачихвал бүх асуудлуудыг шийдэж болдог байлаа. Харин одоо интернет, You Tube гээд л хүмүүс олон янзын эх сурвалжаас шинэ шинэ зүйл мэдэж авч байгаа болохоор олон зүйлд ялангуяа уран бүтээлчдийн хөгжилд анхаарал хандуулахаа больсон. Хөгжмийн салбарын бизнесменүүд бид жилд хэдэн зуугаар нь цомог гаргасан ч тэднээс цөөн хэд нь л амжилтанд хүрэхээр тийм л байдалтай болчихоод байна. Студид ажиллаж байхдаа энэ бизнест соёлын бүхий л нарийн зүйлийг оруулахыг хүссэн. Уран бүтээлчидтэй гэрээ байгуулахаас гадна телевизийн станц, клуб худалдан авах гээд л олон ажил ундарч байсан. Энэ бүхэн нь удирдлагуудад таалагддаггүй байсан л даа. Тэд ийм зүйл хийхийг хүсдэггүй байсан. Ингээд би дэмий зүйлд цагаа үрж байгаагаа ойлгоод, хүссэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхийн тулд Roc Nation компанийг үндэслэн байгуулсан.

-Энэ бүхэн чинь та цомгоо таван сая ам.доллараар зарснаар дуусгавар болсон юм биш үү?

-Би та нарт арай өөр түүх ярьж өгье. Roc Nation компанийг Live Nation-тэй хамт байгуулахаар шийдсэн тэр жилд би гэрээний дагуу Deg jam-д дахин нэг цомог гаргах ёстой байсан. Тухайн үеийн Def Jam-ийн тэргүүлэгч надад их туслалцаа үзүүлсэн. Би сүүлийн цомгоо худалдсан. Үүний дараа бүхэл бүтэн гурван сарын турш компьютерийн ард суун хөдөлмөр гарган бичсэн цомгийг маань интернетэд тавин чөлөөтэй татаж авахаар суурилуулсан юм биш байгаа гэж шалгадаг байсан. Ямартай ч миний энэ цомог амжилттай болсон. Цомогт орсон нэг дуу гэхэд л дөрвөн сая хувиар зарагдсан. Гэхдээ юм бүхэн зүгээр ч нэг болдоггүй гэж би боддог.

-Тиймээ бүх зүйлд урьдчилан харж болохооргүй аз тохиох үе гардаг. Уоррен та энэ талаар юу гэж бодож байна?

Уоррен Баффетт: -Миний амьдралд аз тохиох үе олон байсан. Жишээ нь би энэ ертөнцөд ирэхдээ гагцхүү АНУ-д, бүр 1930 онд онож төрсөн нь аз. Би АНУ-д төрөхийн тулд юу ч хийгээгүй. Мөн би төрөлхийн л зарим нэг үйл хэрэгт чадвартай төрсөн. Би хөрөнгө хувиарлах авьяастай. Гэхдээ хэрвээ би 200 жилийн өмнө Небраскад төрсөн бол миний чадвар ямар ч үр дүн авчирахгүй байх байсан. Харин би капиталист системд төрж, энэ нь надад ашигтайгаар эргэн миний оруулсан хөрөнгө оруулалт хэд дахин өсч үржсэн. Би өөр нэгэн зүйлд авьяастай байгаад түүнийгээ хийдэг байсан ч гэлээ надад ийм их хэмжээний хөрөнгө авчирч чадахгүй л байсан болов уу. Өөртөө зориулан хөгжим бичээд, араас нь мөнгө орж ирдэг гэж Жей тун онож хэлсэн. Би дуртай ажлаа хийж байна. Энэ л хамгийн том амжилт. Би үргэлж азтай байсан, өдгөө 80 настай ч аз хариагүй гэдэгт итгэлтэй байгаа шүү.

-Жей, хуучин дүрмүүд үйлчлэхээ больсон бизнест хэрхэн амжилттай явах талаар ямар бодолтой байна?

-Бизнес дэх хамгийн чухал зүйлийн нэг нь өөрчлөлтөнд нээлттэй байх явдал. Бид өөрсдийгөө биш харин хандлагаа өөрчлөх хэрэгтэй байдаг. Roc Nation уран бүтээлчийг хөгжүүлэх дээр голлон анхаардаг ч хөгжмийн бизнесийг бүрдүүлэгч бусад олон хүчин зүйл дээр бид анхаарлаа хандуулахыг хичээж байгаа.

-Уоррен, та хөгжмийн бизнесийн тал дээр Жейд юу зөвлөх байсан бэ? Хэвлэлийн бизнес дээр бизнес загварууд хэрхэн өөрчлөгддөгийг та харсан шүү дээ? Би Вашингтон Пост болон Буффало Ньюсын талаар яриад байна л даа?

-Үнэхээр өөрчлөлт гардаг. Жишээ нь 100 жилийн өмнө Омахд трамвайн компанийн бизнес цэцэглэж байсан. Харин хөрөнгө оруулалтын тухайд гэвэл та ажиллаж л байгаа бол үр дүн гарч ирнэ. Гэхдээ энэ нь бүх бизнес байнгын орлоготой байдаг гэсэн үг биш. Бизнес загварын тухайд бол 20 жилийн өмнө олж авсан мэдлэг одоо ч хэрэгтэй байдаг.

Энэ нь физикийн хуультай адил. Гол үндэс нь өөрчлөгддөггүй. Хэрвээ та өөрийн зарчмаа баримталдаг, юуны ачаар бизнес нь амжилттай явж байгааг, менежерт юу хэрэгтэй гэдгийг, сайн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэгийг мэддэг бол энэ бүх чадвараа өөр бизнест ч ашиглаж болно. Юунд анхаарлаа хандуулах хэрэггүй вэ гэдгийг ойлгож байгаа нь юун дээр төвлөрөх хэрэгтэй вэ гэдгээ мэдэхтэй адил чухал зүйл.

-Мөнгө ер нь ямар хэрэгтэй вэ? Уоррен, таны хувьд хөрөнгө татах, түүнийг өсгөх чадвар тань гайхалтай ажил хэргийг бий болгосон. Гэхдээ хэдэн жилийн өмнө та мөнгөө өөр зүйлд хэрэглэхээр шийдэж байсан…

-Хачирхалтай санагдаж болох ч би 20 настай байхдаа л баян болно гэдгээ мэдэж байсан. Ингээд эхнэрийнхээ хамт амьдралыг мэдэрч, баяр баясгалантай өнгөрөөх хэрэгтэй гэж шийдсэн юм. Бид ажилласнаар өөрт хэрэгтэй зүйлээ бий болгож чаддаг. Ташрамд хэлэхэд 100 долларын оройн хоолноос таван долларын оройн хоол хамаагүй дээр гэж би боддог. Түүнээс гадна цуглуулсан мөнгөө нийгэмд эргүүлэн зарцуулах ёстой гэдэгт би итгэдэг. Мөнгөний тусламжтайгаар шийдвэрлэж болох нийгмийн асуудлуудад эхнэр маань анхаарал хандуулдаг. Би олж тэр зарцуулна гэсэн үг. Би таван буяны сантай. Миний өвлүүлэн үлдээж буй бүх мөнгийг арван жилийн дотор зарцуулж дуусах ёстой. Гэхдээ миний мөнгө ямар нэг ашиг хайсан компанид биш харин итгэл даах хүмүүст очно гэдэгт би итгэлтэй байдаг.

-Жей, чи саяхнаас л буяны үйлс эхлүүлэн Shawn Varter Scholarship Fund хэмээх санг байгуулсан. Сангийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

Жэй Зи: -Миний амьдралд сургуулийн багш маань ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэр миний толгойд шинэ боломжууд байгаа гэдгийг сайтар ойлгуулж өгсөн юм. Ийм ч учраас би буяны сангаа сургалтын тэтгэлэгт зориулахаар шийдсэн. Энэ амаргүй ажилдаа ээжийгээ татан оруулсан юм. Одоо бид манай анхны тэтгэлэг авагчид коллежээ төгсч байгааг, хүсэл минь бодит зүйл болж байгааг харж байна. Би үүнийг хийхийг хүсч байгаа учраас, нийгмийн асуудлуудад сэтгэл зовнидог учраас буяны үйлс хийж байна. Энэ нь эргээд надад сэтгэлийн амгаланг авчирдаг юм.

-Уоррен, та жил бүрийн тайландаа бүтэлгүй зүйлс мөн амжилтгүй болсон үйл хэргээсээ авсан сургамжийн тухай дурддаг. Энэ талаараа яриач.

Уоррен Баффетт: -Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх, мөн амжилтгүй шийдвэрийнхээ шалтгааныг тодруулах гэдэг нь бизнест зөв шийдвэр гаргах гол хүчин зүйлүүдийн нэг. Би маш их алдаа гаргаж байсан. Дахиад ч гаргана. Энэ бол тоглоомын мөн чанар. Чи төгс байхыг биш харин чаддаг бүх зүйлдээ хүрэхийг л хүснэ. Энэ нь өөрөөсөө төгс зүйл хүссэнээс илүү хариуцлагатай зүйл юм.

-50 жилийн дараа хүмүүс Уоррен Баффетын талаар бодох үед ямар үг толгойд нь орж ирэх бол?

-Тэд хамгийн түрүүнд Berkshire Hathaway-г л санах байх даа. 50 жилийн дараа компани оршин тогтносон хэвээр, ажил хэрэг нь амжилттай явна гэдэгт найдаж байна.
Хэрвээ тэгж чадахгүй бол сүнс маань хорогдож, тэднийг болгож тавина даа! /инээв/ Тоглоомгүй хэлэхэд ганц “багш” гэсэн үг л толгойд нь орж ирэх болов уу даа. Жей сургуулийнхаа багшийн талаар бидэнд ярьсан. Амжилттай яваа хүн бүрт нөлөө үзүүлсэн багш байдаг гэж би боддог. Хэрвээ чи хэн нэгэнд мэдлэгээ өгсөн бол энэ нь мөнгө өгсөнөөс хамаагүй дээр.

- Жейгийн хувьд?

Жей Зи: -Хүмүүс намайг “урам өгөх чадвар” гэсэн үгээр санах байх хэмээн найдаж байна. Үнэхээр их хүч чармайлт гаргаж, өөртөө үнэнч үлдвэл ямар их амжилтанд хүрч чадна гэдгээ хүмүүс мэдээсэй гэж би хүсч байна.

http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1178495
Б.Мөнхцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ect 2023-03-01 23:23:30
    Ect банкууд хөнгөлөлттэй зээлийг өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашины зээл, орон сууцны зээлийг 2017 оны 1 сарын 16-ны өдөр олгож эхэллээ. Эди...