Төсвийн алдагдлыг нөхөх гарц байна уу?

Нэгдсэн төсвийн алдагдал 2016-2022 оноор

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2.074.7 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1.296.3 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал юм. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгасан. Монгол Улсын Засгийн газар 2020 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй.


Энэ долоо хоногт 2020 оны төсвийн төслийг батлах хуулийн хугацаа дуусч байна. Засгийн газраас төсвийн нийт орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв хэлэлцүүлж буй. Энэ нь ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэж байгаа юм. Алдагдлыг хэрхэн нөхөх нь тодорхойгүй байна. Дотоодын буюу Засгийн газар бонд гаргахгүй тохиолдолд гадны зээлээр нөхөх нь тодорхой байна. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал, гадаад зах зээлийн нөлөө, эрэлттэй бүтээгдэхүүний үнэ  зэрэг олон шалтгааны улмаас ирэх оны төсвийн орлого тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй гэж эдийн засагч, шинжээчид үзэж байна.

Төсвийн орлого хэрэв төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй бол төсөвт тодотгол хийх, нэмж зээл авах гэсэн  хоёр арга зам бий болно. Зээл нэмж авснаар гадаад өрийн хэмжээ нэмэгдэнэ. Гадаад өр нэмэгдвэл төсвийн алдагдал өснө. Тэгэхээр алдагдлыг ямар нэг аргаар нөхөх зайлшгүй шаардлагатай болно. Үүний тулд дотоод эсвэл гадаад зах зээлээс алдагдлыг нөхөх сонголттой тулгарна. Хэрэв гадаад зах зээлээс зээл, тусламж авах бол өр нэмэгдэж зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Дотоод зах зээлээс нөхвөл мэдээж төсвийн алдагдал өснө. Эдгээр эрсдэлийг урьдчилан тооцоолох нь чухал  болохыг эдийн засагч, судлаач анхааруулсаар байна.

Энэ талаар эдийн засагч Б.Дөлгөөн хэлэхдээ “Энэ жил манай нүүрсний экспорт 40 сая тоннд хүрч чадахгүй. 2020 онд 42 сая тоннд хүргэх төсөөлөл орж ирсэн. Энэ хэмжээнд хүрнэ гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр нүүрснээс олох орлогоо тодорхой хэмжээнд бууруулж тооцох хэрэгтэй. Тэгвэл ирэх онд санаа бага зовно” гэв. Харин эдийн засагч Г.Ганзориг “Валютын орох урсгал буурах хандлагатай байгаа буюу нүүрсний ханш унаж байгаа энэ үед алдагдлыг нэмэгдүүлэх биш бага байлгах бодлого баримтлах ёстой. Түүнчлэн мөчлөг сөрсөн бодлого буюу Төвбанкны зүгээс тодорхой арга хэмжээ авах  хэрэгтэй” гэсэн юм. 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад 1.9 их наяд төгрөг зарцуулна. Он дамжин хэрэгжиж дуусаагүй барилгад хамгийн өндөр зардал буюу нэг их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа. Бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгө оруулалтын задаргааг харах юм бол  урт хугацаанд эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалт бага туссанг шинжээч эдийн засагч Г.Бумчимэг онцолж байна. Тухайлбал, бүтээн байгуулалтыг эдийн засагт оруулах ач холбогдлоор нь эрэмбэлэх шаардлагатайг тодорхойлох хэрэгтэй гэлээ. Нөгөөтэйгүүр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Татварын багц хууль хэрэгжихтэй зэрэгцээд улсын төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэж буй ч хуулиар үр дүн харагдах учраас боломж бага гэж байна. Харин зарлагыг нь задалж харвал нийгмийн халамжийн зардал тэлэхээр байна.

Засгийн газар “Өрийн удирдлагын тухай хууль”-д өрийн дээд хязгаарыг 70 хувь хүртэл байхаар хуулиа өөрчилсөн нь 40 хувь байх ёстой хэмжээг алдагдуулж тэр хэрээр гадаад өр нэмэгдсээр байна. Гадаадаас 1.3 их наяд төгрөгийг зээлж алдагдлаа нөхөх дүр зураг ха­раг­даж байгааг эдийн засагч С.Болд хэлсэн. Учир нь Олон улсын валютын хөгжлийн сангийн хөтөлбөрийн хүрээнд манайд 700 орчим сая ам.доллар орж ирэхээр байсан. Гэвч манай Засгийн газар энэ хөтөлбөрийг түдгэлзүүлсэн байдалтай байгаа. Тэгэхээр төсөв энэ хэвээр алдагдалтай батлагдвал 2020 оны сонгуулийн үр дүнгээр  байгуулагдах Засгийн газар Валютын хөгжлийн санг дахин гуйх, банкуудад активын үнэлгээ хийж, шигших нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа алга  хэмээн эх сурвалжууд ярьж байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хас!!! 2019-11-13 13:43:17
    Төрийн захиргааны орон тоо, цалингийн сангаа 30% цомхотгох хэрэгтэй!!! Албан тоот ч төлөвлөж чадахгүй асман банди нар төрд жоом мэт шавжээ!!!
    96.30.79.134
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-11-13 06:55:20
    хулгайчуудаас мөнгөө эргүүлэн авч цаазалаад дахин төрийн хувьсгал хий
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-11-13 02:41:10
    Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэдэгсэн биш билүү 2,1 их наядыг зээлхүү энгэж төр барихыг юу гэх вэ өр тавиад төр бариад байх хүн олон биш үү
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-11-13 06:43:41
      амандаа савх зууж байгаад бичсэн юм байхдаа
      195.206.104.238
      Мэдэгдсэн Хариулах