Ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг томилов
-Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна-

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн (2019.11.12) хуралдаанаа 12 цаг 01 минутад 57. 9 хувийн ирцтэй эхэлж, “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга эмнэлгийн чөлөөтэй байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав даргалсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох, сонсголд ажиглагчаар 10 хүртэл хүн оролцохыг зөвшөөрөх, сонсголыг даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилохоор уг тогтоолын төсөлд тусгажээ.



Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх асуудал нь олон нийтийн анхаарал татсан, нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг учраас Ерөнхий хяналтын сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ажиглагчдыг оролцуулах боломжийг хангах үүднээс Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тогтоох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.