А.Батсүх: Олон нийтийн цагдаа бол иргэд цагдаагийн байгууллагыг холбогч гүүр юм

Олон нийтийн цагдаагийн талаар ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа А.Батсүхээс тодрууллаа.

Олон нийтийн цагдаа ямар хууль тогтоомжийн хүрээнд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын хэмжээнд хичнээн олон нийтийн цагдаа байна вэ?

Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу 2014 оноос олон нийтийн цагдааг ажиллуулж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж, холбогдох харилцааг зохицуулахын тулд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 384 дүгээр тушаалаар  “Олон нийтийн цагдаагийн ажил дүгнэх үзүүлэлт, үнэмлэхний загвар”, 2017 оны А/121, А122 дугаар тушаалаар “Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам, хувцасны загвар”, “Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар”, А/243 дугаар тушаалаар “Олон нийтийн цагдааг ажиллуулах /код 243/ журам”-ыг боловсруулж батлуулан үйл ажиллагаандаа мөрдөж байна. Улсын хэмжээнд 400 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага, алба хаагчтай хэрхэн  хамтарч ажиллаж байна вэ?

Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа бол цагдаагийн байгууллагын олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажил бол зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш. Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагаа чухал. Олон нийтийн цагдаа бол иргэд цагдаагийн байгууллагыг холбогч гүүр нь байх ёстой. Энэ хугацаанд  цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, үүрэг гүйцэтгэх талаар ихээхэн туршлагыг хуримтлуулсан. Жишээ нь хэв журмын эргүүлийн чиглэлд цагдаагийн алба хаагчтай цуг үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд хувь нэмрээ оруулж байна.

Олон нийтийн цагдаа ямар чиг үүргийг гүйцэтгэдэг вэ?

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар олон нийтийн цагдаа “Гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох” чиг үүрэгтэй.

 Олон нийтийн цагдаагийн урамшуулал, тогтвор сууршил ямар байдаг вэ?

Олон нийтийн цагдаа цалин авдаггүй, аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон урамшуулал авдаг. Цагдаагийн байгууллага эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн ам, нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан тухайн жил ажиллах олон нийтийн цагдаагийн тоо, урамшилын хэмжээг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоолгодог.

Төсөв санхүүгийн хүндрэлтэй гэдэг шалтгаанаар зарим аймгууд олон нийтийн цагдаа ажилуулахгүй байсныг харилцан ойлголцож, хамтран ажилласны үр дүнд  бүх аймаг олон нийтийн цагдаатай болоод байгаа юм. Цагдаагийн байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд тэдний хүч туслалцаа, хувь нэмэр чухал байна. Олон нийтийн цагдааг тогвор сууршилтай ажиллуулах тал дээр тодорхой арга хэмжээг авч байгаа. Олон нийтийн цагдаагийн дүрэмд  цагдаагийн байгууллагад 2 жил үр дүнтэй ажиллавал цагдаагаар дэвшин ажиллах боломжийг зааж өгсөн бөгөөд 150 орчим хүн цагдаагийн алба хаагчаар дэвшин ажиллаж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.