Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе
 
ШИНЭ нам төв зөвлөлийн хуралдаанаа хийлээ

 ШИНЭ нам өнгөрсөн даваа гарагт Төв зөвлөлийн хуралдаанаа олон нийтэд нээлттэй хийсэн юм. Төв зөвлөлийн хуралдааны үеэр ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Болд “ШИНЭ нам бол бодлогын нам юм. Энэ бол бидний хамгийн том онцлог. ШИНЭ намын бүх зүйл шинэ байх ёстой, шинэ арга барилаар бид ажиллах ёстой. Тиймээс манай намын Төв Зөвлөлийн хурал нийт ард түмэндээ ил тод нээлттэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар шууд явуулж байгаа ийм хурал болж байна. Бидний бүх хурал манай гишүүд дэмжигчдэд нээлттэй байна. Тийм учраас ШИНЭ ард түмний нам байх болно. Энэ намын бүх бодлого иргэн бүрт тусч хэрэгждэг байх болно” хэмээн мэдэгдлээ.
 ШИНЭ нам нь өнгөрсөн зургадугаар сард үүсгэн байгуулагдаж, Дээд шүүхэд бүртгүүлсэн. Одоогоор тус нам улс орон даяар нийт 90 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болж, үндэсний хэмжээний манлайлагч улс төрийн хүчин болох зорилт тавин, бүтэц зохион байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа аж.
 
Мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөв

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгав.
Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээны албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, төрийн албан хаагчид гадаад улс орнуудад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох энэ төрлийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байхыг тодорхой зааж өгсөн байдаг. Төрийн байгууллагуудад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар ЗГХЭГ-аас тодорхой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд иргэд, олон нийтээс төрийн албан хаагчдын ёсзүйгүй үйлдэлтэй холбоотой 10 гаруй баримт мэдээлэл ирсний хоёр нь дээрхи албан тушаалтнуудтай холбоотой бөгөөд засгийн газрын гишүүд танилцаж албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болов.
 
20,9 км урттай Налайхын замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг даваа гарагт албан ёсоор нээлээ.
Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусжээ. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг орчны тохижилтын ажлыг гүйцэтгэх бөгөөд нэмж асфальтаар хучих юм байна.
 
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа

Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа амжилттай оролцож, урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байраар шалгарчээ. Ингэснээр тэрбээр  "Tокио 2020" Олимпийн наадмын эрхээ авлаа.
Ийнхүү Монголын буудлагын тамирчдын олимпийн дөрөв дэх эрхийг Хөдөлмөрийн баатар авчирлаа.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.