Хятадад ял эдэлж буй зарим иргэдээ үлдсэн ялыг нь эх оронд нь эдлүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо болов.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчдийн хооронд найрсаг уур амьсгалд болсон энэхүү зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын хооронд консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын төлөөллийг харилцан бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХЯ, ХЗЯ, ИХШХЕГ, ЦЕГ, Тахарын Ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хот, ЗЗОБ Хонконгод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хот, Хөлөнбуйр хотод суугаа Консулын газрын тэргүүн нар, Шанхай дахь Консулын төлөөлөгч оролцлоо.

Манай төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар дэвшүүлсэн саналуудыг хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын иргэд паспортоо гээгдүүлж, буцах үнэмлэхээр эх орондоо ирэхэд гарах визийг нь Эрээн хотод олгодог болох, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

Түүнчлэн, хоёр улсын боомтуудад, тухайлбал Эрээн, Замын-Үүд, Ховд аймгийн Булган, БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен, Дорнод аймаг дахь Баянхошуу-Өвдөг, Дорноговь аймгийн Ханги-Мандалын боомтуудад ачаа тээвэр хийж буй автомашинуудаас хятадын тал гааль, хорио цээрийн гэх мэт олон тооны төлбөр хураамж авдаг, удаан хүлээлгэдэг асуудлыг цэгцэлж, иргэд нэвтрэх нөхцлийг хөнгөвчлөх шаардлагатай байгааг мэдээлж, зохих арга хэмжээ авах хүсэлтийг хятадын тал судлан үзэж, ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв.

БНХАУ-д хугацаатай хорих ял эдэлж байгаа зарим иргэнээ шилжүүлэн авах хүсэлтийг Монголын талаас энэ онд тавьсныг хүлээн авч, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаад талархал илэрхийлж, БНХАУ-д ял эдэлж байгаа, саатуулагдан шалгагдаж байгаа иргэдэд анхаарал тавьж консулын албан тушаалтан, ар гэрийнхнийг нь уулзуулж, утсаар яриулж, захидал харилцаатай байлган, илгээсэн мөнгө, хувцас зэргийг саадгүй оруулж байгаад талархал илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лю Зяньчао хүлээн авч уулзав.
Хоёр орны ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалт нь 16 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд хоёр орны иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх, консулын холбогдолтой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх, дараагийн алхмуудаа тодорхойлох чухал ач холбогдолтой механизмын нэг юм. Манай улс ОХУ, БНКазУ, БНТуркУ, БНСУ-тай мөн консулын зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shegba 2014-09-24 15:44:34
    hiih ajil chin bagadaad baigaa bol gudamjnii arhichidaa emnej eruul bolgohiig bod . ter har tamhichidaar uls yugaa hiinee.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах