Газар хөдлөлтөд амиа алдсан иргэдийн 70 хувь нь тавилгандаа дарагдсан байдаг

Дэлхий дээр хүний буруутай үйлдлээс шалтгаалсан 40 гаруй төрлийн гамшиг тохиолдож байна. Үүнээс богино хугацаанд өрнөж хамгийн их хохирол учруулдаг нь газар хөдлөлт. Гэтэл манай улсад сүүлийн нэг жилд  42 мянган удаа газар хөдөлж, давтамж, чичирхийлэл улам ойртож, хот суурин газар руу идэвхжил дөхөж буйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж ирлээ. Мөн хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн нийслэл хотод 6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөх өндөр магадлалтай. Хэрэв ийм зүйл тохиолдвол Улаанбаатарт байгаа барилга байгууламжийн 40-60 хувь нь нурах, 30 мянгаас дээш хүн амь эрсдэж болзошгүйг  судалгааны дүн харуулж байна.

Тэгвэл бүрэн цутгамал биш л бол бүх барилга газар хөдлөлтөд тэсвэргүй. Ялангуяа, хуучны угсармал болон амины орон сууц илүү эрсдэлтэй байдаг аж. Эрсдэлтэй барилгуудыг богино хугацаанд шинэчилж чадахгүйгээс хойш хүчитгэх шаардлагатай гэдгийг ОБЕГ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүн харууллаа.

Газар хөдлөлтийн аюулыг ихэнхдээ байшин барилгаар төсөөлдөг. Тэгвэл газар хөдлөлтийн үеийн хамгийн эхний аюул бол овор хэмжээ ихтэй том тавилгууд байдаг аж. Газар хөдлөлтийн томоохон гамшгуудын дараах судалгаанаас харахад газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүсийн 60-70 хувь нь тавилгандаа дарагдсан байна. Тиймээс тавилгаа зөв байрлуулах, метр хагасаас хэтрэхгүй өндөртэй  тавилга сонгох. Ханын шүүгээ, зурагт, жаазаа заавал ханатай бэхлэх хэрэгтэйг онцгой байдлын мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ талаар Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч Б.Ням-Очир “Айлууд тавилгаа дуртай газраа байрлуудаг. Бас бэхэлдэггүй нь буруу. Мөн худалдааны төвүүдээр борлуулж байгаа тавилгын хамгийн намхан нь 2-3 метр байх жишээтэй. Сүүлийн үеийн байшингууд шалнаас тааз хүртэл том цонхтой болсон. Энэ бүхэн гоё харагдаж байгаа мэт боловч эсрэгээрээ гамшиг эрсдлийн үед аюул дагуулдгийг иргэд ойлгох ёстой. Эрсдэлтэй барилгын нэгдүгээрт хуучны угсармал орон сууц ордог. Хавтангаар тусгаарлагддаг учраас газар хөдлөлтийн хувьд нурах эрсдэл өндөр. Харин тоосгон орон сууцан дотор бөмбөг дэлбэрэв үү гэмээр гадагшаагаа хагарал өгч бут үсэрдэг. Энэ барилгын онцлог нь дээвэр хэсгийг хүнд зүйлээр хийдэг болохоор нурах эрсдэлтэй. Шинэ барилгын 1-3 дугаар давхар нь үйлчилгээний төв байдаг. Гэтэл тулгуур баганыг багасгаад байхаар суурь хэсэг хэврэг болдог. Барилгыг хэрхэн хүчитгэх талаарх саналаа ОБЕГ-аас Засгийн газарт өргөн барьсан. Барилга хот байгуулалтын яам хариуцах эсэхийг нь шийдвэрлэнэ. Японд бол хүчитгэх ажлыг барилгын яам, хувийн байгууллага нь давхар хийдэг. Өртөг зардлын хувьд ч өндөр байдаггүй. Ер нь шинээр барилга барихдаа хүчитгэлийн аргуудыг шингээх хэрэгтэй” гэлээ.

Угсармал болон тоосгон сууцыг хэрхэн хүчитгэдгийг модон макетуудаар харуулсан байв. Угсармал сууцын салдаг хавтан бүрээр нь бат бөх материалаар дарж зааг болгон дээр бэхэлнэ. Харин тоосгон орон сууцны дээвэр хэсгийн дотоод талд нь металл хавтан байрлуулж өгдөг юм байна. Аливаа гамшгийг хохирол багатай даван туулдаг Япон улсын хувьд ч гэсэн цэцэрлэг, сургуулиас эхлээд бүх барилгаа дээрх аргаар хүчитгэдэг гэлээ. Монгол Улсын хэмжээнд иргэдэд гамшгийн талаарх олон талын мэдлэг ойлголтыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв олгодог бөгөөд 2016 оноос хойш 75 мянган иргэн гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгчээ.

“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд манай улс Японы туршлагаас гурван жил судаллаа. Харин үр дүн өндөр байгааг талууд илэрхийллээ. Төслийн хүрээнд хамтарсан ажлын хэсгүүд байгуулж Японоос 18 мэргэжилтэн, Монголоос 47 ажилтан туршлага хуваалцсан байна. Мөн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг боловсронгуй болгож, орон зайн мэдээллийн систем, гамшгийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлсэн. Хүүхдүүдэд гамшгаас хамгаалах боловсрол олгох “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр батлуулж мөрдөж эхэлсэн байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.