
Энэ удаагийн ХОМ буланд УИХ-ын гишүүн Болдын Жавхланг онцолж байна. Түүний хувьд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албанаас УИХ-ын гишүүн болсон нэгэн. Тэрбээр гишүүн болохтойгоо зэрэгцэн Долоон болдог ХХК, Евроэлектроникс ХХК-иудаа нэр дээрээсээ “хассан” бөгөөд үүнээс хойш маш даруухан ХОМ мэдүүлэх болсон юм.
Б.Жавхлан гишүүний хувьд жилийн 20 гаруй сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 2017 онд огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн ч 2018 онд дахин буурч 50 гаруй сая төгрөгийн орлого олсноо бүртгүүлжээ.
Эрхэм гишүүний бэл бэнчинг итгэх нэг зүйл бол түүний тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй орон сууц юм. Мөн 80 сая төгрөгийн үнэлгээтэй Nissan маркийн нэг машинтай. 161 сая төгрөгийн малтай. Үүнээс хурдан удмын адуу 20 байгаа тухай ХОМ-доо мэдүүлжээ. 40 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй эрхэм гишүүн хоёр сая төгрөгийн хадгаламжтай.
Насаараа банкны салбарт ажилласан эрхэм гишүүн хуримтлалд нэг их ач холбогдол өгдөггүй бололтой юм.
П.ГОО