Дижитал хувьсгалын удирдагчид чуулав

Монголын инженерүүд дижитал шилжилттэй хөл нийлүүлж, аж үйлдвэрийн IV хувьсгалд том хөдөлгөгч хүч болно гэв. Ерөнхий сайдын ивээл дор болсон  “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-нд оролцогчид ийм байр суурийг илэрхийллээ.

Тус чуулганы зорилго   Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахын зэрэгцээ залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох байв. Иймд оролцогчид  мэдээлэл технологи, харилцаа холбоо, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын өнөө ба ирээдүй сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРААС ИННОВАЦИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ манай улсын нийт  хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насныхны  50 хувийг залуучууд эзэлж байгаа нь  юутай ч зүйрлэшгүй  баялаг, тэр дундаа инженерүүд гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэрээр  Засгийн газар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтэц бий болгоход анхаарч байгаа. Мөн шинэ  технологи нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж ирсэн.  Цаашид оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд чиглэсэн тусгай сангууд байгуулахаар ажиллаж байгаа. Мөн эдгээрийг  санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг  тэмдэглэв.

Х.Бадамсүрэн:

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 60 ЖИЛ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН

Чуулганы анхаарал татсан гол асуудал  нь   уул уурхайн салбар хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн танилцуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өнөө ба ирээдүй сэдэвт илтгэл байлаа. Өдгөө 40 жилийн түүхтэй “Эрдэнэт”  үйлдвэр цаашид  60 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг гаргаад байна. Ингэхдээ эхний 15 жилийнхээ зураг төслийг хэдийнэ бэлэн болгожээ.  Хөгжлийн бодлого төлөвлөлтөө техник технологийн, байгаль орчны,  нийгэм  эдийн засгийн,  санхүү бүртгэлийн гэсэн  үндсэн таван чиглэлээр тодорхойлсон байна. Тэгвэл үүнд  инженерүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байгааг тэрээр илтгэлдээ хөндөж, боловсон хүчний болоод нийгмийн, хүний хөгжлийн  асуудал байгааг   дэвшүүллээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРТ БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА

Уул уурхайн салбарт уламжлалт боловсруулалт, баяжуулалтын инженерүүдээс гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд нарийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх  асуудал тулгамдаж байна. Үүнд  метан хийн олборлолт, боловсруулалт болон газрын ховор элементийн чиглэлээр мэргэшсэн  нарийн мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх  шаардлага тулгарч байгаа юм. Тэгвэл энэ чиглэлд  “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг  “Эрдэнэс Монгол” компанийн  гүйцэтгэх захирал П.Ганхүү танилцууллаа. Тэрээр “Эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч байгаа салбар бол  уул уурхайн  салбарын том төслүүдийг хөдөлгөхөд эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг бүхий л салбарын инженер, мэргэжилтнүүдийн оролцоо чухал. Тиймээс инженерүүдийг нэг дор уулзуулж, санал бодлыг нь сонсон, хамтран ажиллах үүднээс энэхүү чуулганыг  зохион байгуулж буйг тодотгож байлаа.

ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ БАЙГУУЛНА

Үг хэлсэн, санал дэвшүүлсэн, илтгэл тавьсан эрхмүүд  боловсон хүчний асуудал, тэр дотроо инженерүүдийн үүрэг, оролцоо хэрэгтэй байгааг хэлж байсан юм. УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал хэлэхдээ “Өнөөдөр  их, дээд сургуульд элсэгчдийн дөнгөж 17 хувь нь инженер мэргэжлийг сонгож байна. Энэ тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний  тулд залуу инженерүүдийг бэлтгэх, төрийн бодлогоор дэмжин ажиллах цаг нь болсон” гэлээ.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-өөс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, тэдний  бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэхэд санал гаргав. Мөн мэргэжлийн  лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах асуудлыг төр, засагт уламжлан шийдвэрлүүлэхээр болов. Чуулганаас гарсан энэхүү санал, зөвлөмжийг Засгийн газарт уламжлахаар боллоо.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.