Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч өнөөдрөөс хөдөлгөөнийг нээлээ. 60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм.

Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, өнгө асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгана.

Автозамыг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн, иргэдийн төлөөлөл оролцов.

Борооны улмаас 29 хоног алдсан ч ажлаа чанартай гүйцэтгэсэн холбогдох яам, хотын захиргаа, гүйцэтгэгч компани болон бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлыг ойлгож хүлээцтэй хандсан иргэдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар цаашид автозамын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэй зам төлөвлөх, барьж байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв.

Шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Мөн Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийнх бөгөөд Улаанбаатар хотын автозамын сүлжжэнд хамрагддаг байна.

Энэ зам хөгжлийн, аялал жуулчлалын, ажлын байр нэмэгдүүлэх, дагуул хотын хөгжлийг түргэтгэх зам гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан тэмдэглэв. Мөн Яармагаас Цонжин болдог хүртэл дугуйн зам тавьснаар эрүүл мэнд, спортыг дэмжих зам болно гэв. 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын  “Синохайдро Лимитед корпорейшн”,  зөвлөх үйлчилгээг “Мөнхад ашдын зам”, туслан гүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууны гол”, “Дардан говь” компани ажиллаж байгаа юм.

Энэ замын бүтээн байгуулалт Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцааг илтгэхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх болно гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэллээ. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын өөр олон ажил хамтран хийж байгааг дурдав.

Шинэ зам хурдны зам биш учир тээврийн хэрэгсэл эзэмшигчид хурдаа тохируулж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцож, осол гэмтлээс сэргийлж  байхыг Замын цагдаагийн байгууллага уриаллаа.

Энэ онд нийслэл хотод Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн шинэ, хуучин гүүрийн шинэчлэлт, их засвар, Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр зэргийг барьж, ашиглалтад оруулаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Garamaa shiideech 2019-11-05 01:26:32
    Havar guuren gartsnuud ashiglaltand ortol olon orshin suugchid zam garah gej hetsuudehne dee!
  • монгол 2019-11-04 09:16:58
    хурд сааруулагч олныг хийхгүй бол их л олон хүний амь эрсдэнэ дээ хөөрхий.
  • Иргэн 2019-11-04 09:16:12
    Ерөнхий сайд, хотын дарга нартаа их байрлалаа
  • батсайхан 2019-11-04 07:50:58
    баярлалаа хотын даргад олон жил зүгээр ярьсан харин одоо ажил хэрэг болжээ мсайхан байна шүү удахгүй тэр замаар явна
  • Дараа жил гүйцээнэ! 2019-11-04 07:37:57
    Энэ замын захын ирмэгийг нь бордюраар хашиж амжаагүй задгай орхиж байгаа учраас манай жолооч нар түүнийг дайрч эмтэлж бутаргахгүй байхыг хичээж үзээрэй дээ!!!