С.Бат-Эрдэнэ: Дуурь ухаантай, мэдрэмжтэй байхыг шаарддаг урлаг

Энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдаанд III байр эзэлсэн УДБЭТ-ын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан С.Бат-Эрдэнийг урилаа.
 

-Казахстаны Алма-Ата хотод болсон олон улсын тэмцээнд III байр эзэлсэнд баяр хүргэе. Энэ тэмцээнд  дэлхийн шилдэг 60 гаруй дуучин оролцсон гэсэн?

-Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. 90 насныхаа ойг угтан зохион байгуулсан тэмцээндээ өөрөө ерөнхий шүүгчээр ажилласан нь онцлог байлаа. 10  дахь удаагийн  уралдаанд 60 гаруй дуучин оролцсоноос III байрт орлоо. Олон улсын тэмцээний шагналын сан дуучдын анхаарлыг татдаг. Энэ тэмцээний шагнал өндөр байсан учраас Итали, Хятад, ОХУ-ын театраас сайн дуучид ирсэн.

-Өнгөрсөн онд зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт  Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” улсын уралдаанаас тэргүүн байр хүртсэн. Монголдоо чансаа өндөртэйд тооцогддог уралдаан байх аа?

-Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт  Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байрыг өнгөрсөн жил хүртсэн. Монголын хэмжээнд мэргэжлийн 40 гаруй дуучин оролцоно гэдэг том уралдаандаа тооцогдоно. I шатандаа “Халуун элгэн нутаг”, II шатандаа Б.Шарав гуайн хөгжим Б.Лхагвасүрэнгийн үг “Хувь заяа минь  дээ”, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншаравын хөгжим, Ардын уран зохиолч, Төрийн хошой шагналт Ц.Дамдинсүрэнгийн шүлэг “Хэрлэн” дууг төгөлдөр хууртай дуулж түрүүлсэн. Тэр гайхалтай хүнээс нутгийн зон олных нь өмнө тэргүүн байрын шагнал хүртээд, сүүлийн удаа урмын үг сонсох сайхан байсан. “Миний хүү мундаг байна. Би энэ шагналыг 2-3 жилийн өмнөөс чамд өгөхийг хүсч байлаа. Олон улсын ямар ч уралдаанд оролцсон “Сэрсэн тал” уралдааны тэргүүн байр хүртэж байсан гэдгээ заавал танилцуулгадаа бичиж байгаарай” гэж захисан. Өмнө нь Б.Шарав гуайн нэрэмжит “Ари романс” олон улсын уралдаанд нь хоёр удаа орж IV байрт шалгарч байсан.

-Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Сүхбаатарын талбайд тоглоход Балганы дүрд дуулж, 10 сая төгрөгийн шагналын эзэн болж байсан?

-Тэр үед ОХУ-ын Красноярск руу явж А.Бороди “Игор Ван” дуурийн Кончакыг дуулчихаад шөнө хотод ирээд өглөө нь дуулсан. Үндэснийхээ сонгодог урлагийн брэнд болсон дуурийг 12 мянган хүний  өмнө эзэн Чингис хааныхаа талбай дээр дуулахад сэтгэл их хөдөлдөг юм билээ. Өмнө нь нэг, хоёр удаа Балганд дуулчихсан байсан ч гэсэн сайхан мэдрэмж төрсөн. Мөн “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн сонгон шалгаруулалтын уралдаанд тэргүүн балган О.Хүрэлбаатар ах, дэд Балган нь би болж байсан.

-Театрт тоглогддог бүх дуурьд дуулсан байх. Тэдгээрээс онцолдог хайртай дуурь, дүр гэж бий юу?

-Монгол, гадаадын 50 гаруй дуурийн ихэнхэд дуулсан. Дуулаагүй 1-2 дуурь бий.  Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Базилиод дуулахад сайхан мэдрэмж төрдөг. Ж.Верди “Риголетто” дуурийн Спарафучилед дуулаад үзчих юмсан гэж боддог. Басын хоолойнд нэлээд хүнд дүр. Гэхдээ ирэх оны хоёрдугаар сард манай театр “Риголетто” дуурийг тоглохоор Спарафучилед заавал дуулна.

-Дуурийн дуучны хоолой байгалиас заяасан байдаг. Гэхдээ амжилт гаргахад хоолойноос гадна хичээл зүтгэл, мэдрэмж шаардана биз?

-Хүмүүс “Чиний хоолой 100 хувь бурхны бэлэг шүү” гэж хэлдэг. Амжилт гаргахын тулд хоолойны цар хүрээнээс гадна эрүүл мэнд маш чухал. Монгол хүн дэлхийн ямар ч улсад очоод дуулахад өөр, сонсголонтой, тослог тембртэй байдаг. Хаана ч очсон Монголын дуучид дэлхийн дуучдаас илүү гарна уу гэхээс дутах зүйлгүй. Үүгээр их бахархдаг. Дуурь бол ганц хүний биш багийн урлаг. Нэг дуурийн бүх дүрийг 5-6 солистиуд аваад 1-2 цаг нэг хүн шиг амьсгалж, нэг хүн шиг мэдэрч дуулдаг. Ер нь дуурь дуучнаас бодолтой, ухаантай, мэдрэмжтэй, формтой байхыг шаарддаг хэцүү урлаг. Гэхдээ олон улсын тэмцээнд Монгол Улсын УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ гэж зарлуулаад эцсийн шат хүртэл яваад шагнал авахдаа дуурийн дуучин болсноороо бахархдаг.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dyyriin emegtei meregjiliin dyychid here 2019-10-29 10:43:31
    dyydeen bayar hyrgye,bas l neg saihan dyychin hyn bna!odoo manai soyol yrlagiin mundagchyyd delhiid erseldeh emegtei meregjiliin dyychid mas ikhe erelttei baina...
    • Huue, ta onoj hellee 2019-10-29 19:45:28
      Ta onoj hellee. yag minii bodoj yavdag zuiliig maani tas hiitel hellee. Ergetei duuchid bol delhiin topuud bolood bainaa - Ariunbaatar, Amertuvshin, Batjargal