Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох, содон үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагибис”  хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.
 
Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив
 
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн байсан гарагт хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. 
Уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах зохицуулалтыг тусгасан юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. 
 
З.Баянсэлэнгийг хорив
 
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хугацаагүйгээр цагдан хорьсон байна. 
 
Энэ сарын 21-нд түүнд холбогдох шүүх хурал болох байсан ч тэрбээр шүүгч, шүүхээсээ татгалзсан байна. Тодруулбал, СХД-ийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй, Чингэлтэй дүүргийн шүүх рүү хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн байна. Ийнхүү ерөнхий шүүгчээсээ татгалзаж, анхан шатны шүүхээс мөн татгалзсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
 
Сайд асан З.Баянсэлэнгийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр ийнхүү удаан хугацаанд шалгаж байна.
 
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.
 
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийн гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 900 гаруй сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
 
Анх АТГ-аас хамаатан садан, төрсөн эгч дүүдээ давуу эрх олгосон, 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр жил гаруй хугацаанд шалгачихаад 19,200,000 төгрөгөөр торгосон тул ийнхүү дахин шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байсан юм. 
 
Сурагчдын амралт эхэллээ
 
Нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр өнгөрсөн баасан гарагаас эхлэн амарлаа
2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.
Нийслэлийн сургуулийн сурагчид:
• I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
• II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
• Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
• III улирал 3 дугаар сарын 23-наас эхэлж 4 дүгээр сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
• Зуны амралт I-V анги зургаадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургаадугаар сарын 8-наас амрах юм.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид:
• I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
• II улирал 12 дугара сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
• Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
• III улирал 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
• Зуны амралт I-V анги зургаадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургаадугаар сарын 8-наас эхэлнэ.

П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.