Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы УИХ-ын чуулганд хэлсэн үг

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ!

Эдийн засагт сэргэлт үргэлжилж байгааг макро эдийн засгийн олон тоон үзүүлэлт батлан харуулж байна. Инфляци зорилтот түвшний орчимд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр орууллаа.

2019 оны эхний 9 сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10% өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3%-д хүрч, валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар буюу импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байна. Засгийн газрын өрийн хэмжээ буурч дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 60%-аас бага түвшинд хүрлээ. Эдгээр үзүүлэлт нь Монгол улс эдийн засаг уналтаас бүрэн гарч, өндөр өсөлтийн төлөвт шилжсэнийг харуулж байна.  Гэвч гуравхан жилийн өмнөх ДНБ агшиж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх учиртай. Цаашид гадаад өрийн эргэн төлөлт, саарал жагсаалт гээд сорилтууд ч байна. Энэ үед эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, сорилтуудыг давж гарах чиглэлээр шинээр эхлүүлэх болон одоо хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ тууштай үргэлжлүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

Монголбанк хуулиар ногдсон үндсэн зорилтынхоо хүрээнд үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэн хийх ажлууд, тэдгээрийн үндэслэл болон холбогдох тооцоо судалгааг боловсруулан УИХ-д өргөн барьж байна.  

Юуны өмнө та бүхэнтэй макро эдийн засгийн гүйцэтгэлийн дүгнэлтээ танилцуулъя.

Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, 2018-2019 онуудад сэргэсэн нь төсөв болон мөнгөний бодлогууд дээр хийгдсэн оновчтой тохиргоо, банкны салбарт хийгдэж байгаа реформ, гадаад эдийн засгийн орчны харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагаат улс орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байв. Энэ оны туршид эдийн засгийн өсөлт 7%-аас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын бодит үр дүн юм. Эдийн засгийн идэвхжилийн үр өгөөж эдийн засгийн салбаруудад тодорхой ажиглагдаж байна. Тухайлбал:

  • Өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш үргэлжлэн агшиж байсан бол сүүлийн 10 улирал дараалан өссөлттэй байлаа. Энэ нь хэрэглээний өсөлтөөр дамжин эдийн засгийн идэвхжилийг дэмжиж, иргэдийн амьжиргаа дээшиллээ.
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд дотоодын хуримтлал дутагдалтай ч санхүүгийн салбарын бизнесийн зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой урсгалаар нөхөж байна. Санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, зээлийн хүү тогтвортой буурч сүүлийн 5 жилийн доод түвшинд хүрсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл илүү таатай болоход хувь нэмэр орууллаа. Энэ оны эхний 8 сарын байдлаар банкны салбараас олгосон бизнесийн зээл 10.9 их наяд төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 1.3 тэрбум ам.доллар байна.
  • Гадаад худалдаа нэмэгдэж, экспорт түүхэн дээд түвшинд хүрсний зэрэгцээ эдийн засгийн идэвхжилтэй уялдан импортын хэмжээ мөн  тэллээ. Өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд ихээр нэмэгдсэн хөрөнгө оруулалтын чанартай импорт нь компани, аж ахуйн нэгжүүдийн технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой тул үйлдвэрлэлийн потенциалийг тэлж, эдийн засагт бүтээмжийг дээшлүүлснээр ирээдүйн өсөлтийн суурь болно. Харин хэрэглээний импортын хувьд өрхийн орлогын өсөлтөөс гадна хэрэглээний зээл хэт хурдтай өсч байсантай зарим талаар холбоотой байв.
  • Бизнесийн зээл, жижиг дунд бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдсэн нь энэ оны санхүүгийн зуучлалын онцлог байлаа. Монголбанк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулахгүй байх, өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, банкны зээлийн нийлүүлэлтийг илүү үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг 2019 онд авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхлээд байна. Энэ оны 8 дугаар сарын байдлаар хэрэглээний зээлийн жилийн өсөлт 14.7% болж өнгөрсөн оны эцэст 50% давж байсан хэт хурдтай өсөлт тогтворжлоо. Түүнчлэн бизнесийн болон жижиг дунд бизнесийн зориулалттай зээл жилийн өмнөх түвшнээс харгалзан 14.4% болон 51%-aар өсөөд байна.
  • Эдийн засгийг үйлдвэрлэл талаас авч үзвэл уул уурхайн болон уул уурхайн бус аль аль салбарт жигд өсөлт ажиглагдаж, 2020 онд ч өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.

Хэдийгээр эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч хүрсэн өндөр өсөлт, үр дүнг цаашид тогтвортой хадгалж, батжуулах, иргэдийн амьжиргаанд наалдацтай болгох нь чухал зорилт болж байна. Иймд Төв банк макро эдийн засагт бий болсон эерэг үр дүнг тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн зохицуулалтын реформуудыг ирэх онд хэрэгжүүлнэ.

2020 онд хэрэгжүүлэх бодлогод санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлууд тусгагдсанаараа онцлог болж байна. Түүнчлэн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээний эхлэл тавигдах болно. Энэ нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шинэчлэлийн эхний алхам юм.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ!

Илтгэлийнхээ дараагийн хэсэгт Та бүхэнд эдийн засгийн цаашдын төлөвийг Төв банк хэрхэн харж байгааг танилцуулъя.

Дотоод, гадаад орчны тодорхой бус байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Гагцхүү түүнд бэлтгэлтэй байх, зардал багатай даван туулах бодлогын орон зайг хадгалж, эрсдэл хуримтлуулахгүйгээр шаардлагатай бодлогын тохиргоонуудыг цаг алдалгүй хийх нь чухал байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулж, түүхий эдийн үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа нь гадаад орчны эрсдэл өндөр байгаагийн илэрхийлэл юм. Том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал, глобал зах зээл дээрх савлагаанууд үргэлжилсээр байна. Үүний зэрэгцээ Монгол улс 2020-2024 онд хувийн болон улсын сектор нийлээд 14 тэрбум ам.долларын гадаад өрийг эргэн төлөх хуваарьтай. Иймд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, инфляцийг зорилтот түвшинд байлгах, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, гадаад валютын албан нөөцийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэх, өрийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн баталгаажуулах,  төсвийн зарлагын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг чиглэлд хэрэгжиж буй бодлого, реформыг тууштай үргэлжлүүлэх нь чухал байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, өрхүүд гээд эдийн засгийн бүх агентууд санхүүгийн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын суурь болно.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд гадаад өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоогоо сайжруулах, зээлжих зэрэглэлээ дээшлүүлж валютын нөөцийн хүрээлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадвар, засаглалыг сайжруулах, санхүүгийн дэд бүтцийг бэхжүүлэх, банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгалаа.

Илтгэлийнхээ төгсгөлд олон нийтийн анхаарлын төвд байгаа ФАТФ-ын хяналтаас аль болох богино хугацаанд гарах асуудлыг онцолж байна.

2016 оны харилцан үнэлгээгээр Монгол улсад мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоонд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн тал нь хангалтгүй, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн бүгдэд нь хангалтгүй биелэлттэй, “хар жагсаалт”-д орох хэмжээний үнэлгээ авах эрсдэлтэй байв. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд санхүүгийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд ФАТФ-ын 15 техник үзүүлэлт, үр дүнтэй байдлын 7 үзүүлэлтийг сайжруулаад байна. Үлдсэн үзүүлэлтүүдийг аль болох богино хугацаанд сайжруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцооны дутагдлаа засч залруулах, улмаар эдийн засагт үүсч болзошгүй аливаа эрсдэлийг хамгийн бага байлгахад Монголбанкнаас илүүтэй бүх байгууллагуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудтай хийх хамтын ажиллагаа нэн чухал юм. Ялангуяа энэ төрлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр саарал жагсаалтаас гарах арга зам хомс билээ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Ирэх онд Монголбанк хуулиар ногдсон зорилтуудаа үр дүнтэй биелүүлж,  эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавих олон чухал ажлыг багтаасан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн  төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье!

Анхаарал тавьсанд баярлалаа!

Бусдад түгээх
  • gplus