50:50

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага /FATF/-аас Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн хориг арга хэмжээ авсан. Саарал жагсаалтад  орсон  хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуултад  УИХ-ын гишүүн, АН-ын дарга  С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарын байр суурийг сонирхлоо.

С.Эрдэнэ: МАН сайдуудаа огцруул

-Монгол Улс саарал жагсаалтад орсон үндсэн дөрвөн шалтгаан нь Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хайнга ханддаг, популизмаар ажил хийдэгтэй шууд холбоотой гэдгийг Ардчилсан нам биш Олон улсын байгууллага дүгнэж дэлхий дахинаа дүнгээ зарласан.

Мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх талаар хангалтгүй байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын  шууд хамаарах асуудал. Ц.Нямдорж сайд Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг даргалдаг, тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа. FATF байгууллагын 2017 оны сануулга ч  гэсэн түүнийг сайд болсноос  хойш ирсэн байдаг. Гэтэл ажлаа хийж чадахгүй байж   буруугаа  бусдад тохдог зуршлаараа саарал жагсаалтад оруулсан буруугаа АН руу  чиглүүлж  байна.

МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж саарал жагсаалтад оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа.  Эрх баригчид Ардчилсан нам руу буруугаа тохох санаархлаа хэрэгжүүлж 2012-2016 оны ажлыг дүгнэсэн мэтээр ард түмний тархийг угаах оролдлого хийж байгаа нь амжилт олохгүй.

Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан. Энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулах ёстой.

М.Оюунчимэг: АН-ын алдаа энэ хүргэлээ

-Ил тод байдал дутсан, дээр нь санхүүгийн сахилга батгүй, хариуцлагагүй байснаас болж манай улс саарал жагсаалтад орж, хөл бөмбөгөөр бол торгуулийн шар карт авчихлаа. Энэ явдал хоёр дахь удаагаа давтагдлаа. Энэ нь юу хэлж байна гэвэл, ил тод биш далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний урсгалын эх үүсвэр хаанаас вэ гэдэг нь тодорхойгүй байгаа нь олон улсын сангийн байгууллагуудыг эргэлзээнд оруулж  байна.  Ил тод байдлын тухай хууль, Татварын өршөөлийн тухай хууль далд эдийн засагт эх үүсвэр нь  тодорхойгүй мөнгө эргэлдэх боломж олгоод байна. Дээр нь үл хөдлөх хөрөнгийн гэдэг нэр орж ирээд байгаа, үүнийг цэгцлэх ёстой. Арилжааны банкуудад хийж байгаа аудит бодитой, шударга явагдах ёстой. Энэ нь  улс орны банк, санхүүгийн тогтолцоотой холбоотой асуудал учраас  бид болгоомжлох учиртай. Гэхдээ хариуцлага тооцох асуудал яах аргагүй мөн. Санхүүгийн зохицуулах хороо  үүнд буруутай. Санхүүгийн зах зээл тодорхойгүй, маш замбараагүй байна. Тиймээс тэнд ямар ч дүрэмгүй тоглолт явагдаад байна. Өргөдлийн байнгын хороонд л гэхэд санхүүгийн байгууллагууд, ХЗХ-той  холбоотой  гомдол тасрахгүй нэмэгдээд байдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороог   энэ асуудлыг зохицуулах, цэгцлэх хууль эрх зүйн актуудаа оруулж ир гээд  хоёр жил болж байгаа. Манай улс мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай хууль гаргасан. Түүнийгээ  хэрэгжүүлж, хууль хяналтын байгууллагууд сайн ажиллах  шаардлагатай. Манай улсад ирүүлсэн зөвлөмжид хөрөнгийг хураах, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал бүдэг байна гэсэн байна лээ. Энэ зайлшгүй анхаарах ёстой асуудал. Дээр нь одоо үүсээд байгаа нөхцөл байдал АН-ын үед буюу 2013 онд бий болсон байдалтай уялдаатай. Жишээ нь банкуудтай холбоотой асуудал, үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр их мөнгө гаргасан асуудал, Ил тод байдлын тухай хууль, 33 их наяд төгрөг гаргасан гэх асуудлыг шалгах ёстой. Энд АН, МАН гэхдээ биш бид хамтраад хүндрэлийг  давах ёстой. Хэрэв хар жагсаалтад орчихвол бүр ч ноцтой юм болно шүү дээ.
 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Үл-Олдох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-10-25 02:59:04
    Энэ нэг мэргэн авгай дандаа л худлаа яръж явах ардын намын оорсдын буруу шуу дээ бусад руу битгий тохоо сайд нартаа хариуцлага тооцоо ч ард тумэн хараж байгаа
  • Irgen 2019-10-25 00:35:33
    Бизнес хийдэггүй мөртлөө баян, ядуу монголчуудынхаа төлөө үхмээр байна гэж гишүүн болонгуутаа хэн нэгэнд хэрэгтэй ЖДҮгээс ичихгүавчаад бас олон юм яринаа та 2....