Бизнес эрхлэгчид судалгааны байгууллагатай хамтрах хэрэгтэй

Энэ сарын 4-нд болсон  “Бизнесийн орчин” форумд “Бизнесийн орчин ба хязгаар” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлсэн билээ. Хэлэлцүүлэгт  оролцож байр сууриа илэрхийлсэн эдийн засагчдыг энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд  оролцуулж байна.

Д.Ончинсүрэн: Экспортлогч компанийг төр илүү дэмжих хэрэгтэй

-Бизнесийн орчин, валютын ханшийн өөрчлөлт бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай компани гадны компанид татварын зөвлөх үйлчилгээ үзүүлж, үйлчилгээгээ экспортолдог. Гаднаас потенциалын хөрөнгө оруулагчид зөвлөгөө авах юм уу эсвэл хөрөнгө оруулагчид Монголд санхүүгийн хэлэлцүүлэг, дүгнэлт, шинжилгээ хийх гэх мэтээр экспорт руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг. Гадны хөрөнгө оруулалтууд, валютын нөөц нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг гэдэг утгаар манай  бизнесийн салбарынхан экспортыг түлхүү хийхийг эрмэлздэг.  Бодит байдалд гадаадын компанид илүү үйлчилгээ үзүүлбэл өөрийнхөө үйлчилгээг доллараар үнэлж, тухайн өдрийн ханшаар нь төгрөгт шилжүүлэн нэхэмжлэлээ бичих боломжтой байдаг. Тиймээс гадны компанид үйлчилгээ үзүүлэх нь манай дотоодын компаниудад нээлттэй. Мөн үндэсний компаниуд экспортын үйлчилгээ эрхэлдэггүй, импортын барааг гадны валютаар их хэмжээгээр худалдан авсан тохиолдолд эдгээр боломж хаалттай байдаг. Доллараар эх үүсвэрээ олдог гадны компаниудтай харьцсанаар дотоодын компаниуд валютын эрсдэлд ордоггүй.

2010 оноос хойш төгрөгийн ханш тасралтгүй буурч байна. Манай үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн бодит ханш 2500 төгрөг юм. Уг нь 1800 төгрөгт ханш нэлээн тогтворжсон. Хэдийгээр энэ нь бодит харьцаа биш ч гэсэн сайн үзүүлэлт гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэхдээ асуудлын гол нь гадаад валютыг бий болгох, экспортын үйлчилгээг компаниуд болоод улс орноороо хийж чадах уу гэдэгт оршиж байгаа юм. Валютын ханшийн өсөлтийг экспортлогч компаниуд их дэмждэг. Энэ нь эргээд улс орны худалдан авах чадварт эерэгээр нөлөөлдөг учраас тэр. Жишээ нь, манай ажиллах хүч сүүлийн жилүүдэд Солонгос руу нэлээд явж байна. Ингэснээр Солонгосын вон, төгрөг хоёрын харьцах экспортын орлого хоёр дахин өсч байгаа юм. Ямар ч хүн эдийн засгийн үр дүнтэй шийдвэр гаргая гэж бодож байгаа бол БНСУ явахаас өөр аргагүй.

Эдийн засагч Ц.Даваадорж: Экспортлогч компанид тээврийн зардал өндөр байдаг

 -Ирэх жил ханшийн өөрч­лөлтөөс үүдэж ирэх хамгаалалтыг компаниуд хэрхэн хийх вэ. Ялангуяа, импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүд юунд анхаарах вэ?

-Жижиг, дунд үйлдвэрүүдэд ханшийн эрсдэлээс хамгаалах муруйд зардал гаргах хүндрэлтэй. Манай компаниудаас шууд гадагшаа зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой нь ховор. Ялангуяа, Япон улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш тус улсын зах зээл нээлттэй болсон. Гэхдээ энэ зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа нь цөөхөн. Өөрөөр хэлбэл, тэдний зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц компани манайд одоогоор бойжоогүй байна. Нөгөөтэйгүүр тухайн улс руу экспорт хийхэд  манай улсад тээврийн зардал өндөр байдаг. Зардлынхаа ихэнх хувийг тээвэрт зарцуулдаг учраас ашиг нь муу байдаг. Валютын ханшийн мэдээллийг албан ёсны сайтуудаас авч бизнесээ төлөвлөж байна. Манайх 2009 оноос хойш хэрэглэгчдийн итгэлийн индексийг авч улирал бүр судалгаа хийж, дүнг нь мэдээлдэг. Одоогоор сүүлийн 10 жилийн дата бааз үүссэн. Харамсалтай нь манай бизнесийн байгууллагууд үүнийг авч ашигладаггүй. Олон жилийн дундажаас харах юм бол ханш нэлээд өссөн.

Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр: Төр бизнест оролцдогоо болих хэрэгтэй

-Дэлхий даяар бизнес дижитал хэлбэрт шилжиж, технологид суурилсан инновацилаг бүтэгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Дотоодын компаниуд технологио сайжруулж, хүний үйл ажиллагаа бага шаардагдах инноваци нэвтрүүлэх нь бизнесийн  бас нэг боломж гэж хардаг. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Бусад орны туршлагыг судалж, их, дээд сургуулиудтай хамтарч  хөрөнгө оруулалтаа хийснээр шинэ технологийг нэвтрүүлж, инновацийг хөгжүүлэх боломж өргөжиж байна. Бизнесийнхэн шаардлагатай судалгаа шинжилгээнд зарцуулах хөрөнгө оруулалтаа төрөөр дамжуулахгүйгээр тухайн байгууллагад нь өгвөл илүү шударга болно. Хэрэв төрөөр дамжуулах юм уу эсвэл төр санхүүжүүлэхээр бол тендер зарлаж, танил талаараа хувааж аваад өнгөрдөг. Мэргэжлийн судалгаа, шинжилгээний байгууллагууд авч чаддаггүй. Харин бизнесийнхэн хөрөнгө оруулалтаа судалгааны байгууллагад шууд шилжүүлж,  төр бодлогоор дэмжвэл аяндаа хөгжинө.  Бид аж үйлдвэрийн IV хувьсгалын  үед амьдарч байна. Үүнээс хоцрох эрхгүй, хамт хөгжих ёстой. Төр үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Төсвөөс мөнгө өгөхийг хүлээж суух биш  бизнесийн байгууллага, судалгааны байгууллагатай хамтраад ажиллавал төрийн ачаалал буурч шууд үр дүнгээ өгнө. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид 3-4 зүйлийг онцолж хөрөнгө оруулалтаа хийх эсэхээ шийдвэрлэдэг.  Гадны хөрөнгө оруулалтыг бууруулаад байгаа гол шалтгаан нь хууль эрх зүйн тогтворгүй орчин юм. Өөрөөр хэлбэл, бизнес дэх  улс төрийн нөлөө их байдаг. Бизнесийнхэн бизнесээ шударга хиймээр байна. Харин төр нь оролцоод хийлгэхгүй байгаад гол асуудал нь байна. Тиймээс  төр, засаг  бизнест оролцдогоо болих хэрэгтэй.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ц.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.