Шинэ нийслэлийн зураг, төсөл хэнд байна вэ?

Шинэ нийслэлтэй болъё гэж хэлээч гэж нэг л юм зүрх маажаад болох юм биш. Энэ санаа маань олон түмний нэг хэсэгт таалагдахгүй ч байж мэдэх юм. Гэхдээ л бодит байдлаас ургуулан бодоод байхнээ чиний үг зөв юм шүү гэж хэлэх хүн цөөнгүй л байх болов уу. Сэтгүүлч хүн улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах үүднээс ирэх цаг, ирээдүйг урьдчилан харж нийгмийн хүрдийн хөтөч нь байх учиртай гэдэг. Тийм ч үндсэн үүрэгтэй. Иймийн учир Монгол Улсын шинэ нийслэлийн зураг, төсөл хэнд байна вэ гэж хэлье. Тэгэхдээ бүр уг зураг, төслийг яаравчлахгүй бол болохгүй шүү гэсэн анхааруулгыг хамтатгаж байгаа юм. Зөвийг хүсэх сэтгэл зүйтэй хүн олон байдаг болохоор миний саналыг анзаарах байх гэдэгт найдна. Тэгэх тусмаа архитекторчид, улстөрчид, шинэ үеийн мэргэжилтнүүдэд бүр их найдах болно.

Яагаад чи 380 жилийн түүхтэй хотыг нүүлгэх гээд байгаа юм бэ гэсэн асуулт надад оноож л таарна биз. Тэгвэл надад олон талын тайлбар бэлэн байна. Өнөөгийн Улаанбаатар хэд хэдэн давагдашгүй бэрх хүчин зүйлтэй тулгарчихаад байна шүү дээ. Юуны өмнө бүр яг одоо ярвигтайд тооцогдоод байгаа түлшний асуудлыг авч үзье.

Нийслэлийн өдөр хоногоор өссөөр байгаа гэр хороолынхон түүхий нүүрснээс эхлээд хаа юу тааралдснаа түлдэг болсны уршгаар утаа гэдэг гамшигт нэрвэгдээд удлаа. Утаанаасаа сална гэж 20-иод жил яриад, оролдоод огтоос амжилт олоогүй өдий хүрсэн. Сайн зуухтай болгох, хүхээ болон янданд нь шүүлтүүр тавьлаа л гэсэн. Машин унаанд хүртэл утаа багасгах төхөөрөмж зүүлээ л гэсэн. Хүнээ утаанаас аврах гэж маскаар хангалаа л юм болсон. Арайтай хамар, аманд нь бөглөө тааруулаагүй байх. Тэр бүхнээ том ажилд тооцож их мөнгө үрсэн. Гэтэл бүтэл муутай. Тэгж байтал шинэ Засгийн газрынхан өнгөрсөн онд гарч ирэнгүүтээ аа гэмээнэ түүхий нүүрс түлж байгаагаас болж утаандаа мансуурч гүйцлээ. Өөр арга бодно гээд сайжруулсан түлш гэдэг юм гаргаад ирсэн. Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг тас хориглосон. Гэтэл одоо тэр сайжруулсан түлшийг хэрэглэж эхлэх үед олиггүй тохиолдол нэг биш удаа гарч угаартаж үхсэн хүний тоо нэг биш болсон. Эмнэлэгт хэвтсэн хүн ч олон байгаа.

Яагаад тэр вэ гэвэл уг шинэ түлшийг ямар зууханд яаж түлэх тухай урьдчилсан заавар зөвлөгөө өгч, бэлтгэлийг хангуулаагүй байж үүнийг л түл, өөр юм огтоос битгий түл гэсэн огцом шийдвэр тулгасны харгай юм шиг. Энэ тухайд үлгэрлээд хэлэх юм бол Биокомбинатад малын эм бэлдмэл шинээр хийхдээ оготоно, туулайд туршдаг. Уг туршилтын явцад тэр амьтдаас цөөнгүйг цааш харуулдаг байсан шиг дүр зургийг бодогдуулах. Ямар сайндаа хүмүүсийн дунд Улаанбаатарт амьдрах юм бол зайлшгүй үхэх юм байна. Нүүрс түлбэл утаанд нь утагдаж үхнэ. Сайжруулсан түлш хэрэглэхээр угаартаж үхнэ. Тэгээд хоёуланг түлэхгүй бол хөлдөж үхэх юм байна гэсэн хошин яриа гарахав дээ. Гэхдээ одоогоор сайжруулсан түлш сайн уу, муу юу, хэрэглэх арга нь зөв үү, буруу юу гэж хэлэхэд арай л эрт байна. Нөгөө талаар нийслэлд замын түгжрэл гэдэг нэг “мангас” бий болсон. Тэр мангас бензин шатахуунаас эхлээд хүмүүсийн цаг зав, хөдөлмөрийн бүтээмж, уур ундуу бүхнийг идэж байна.

Зарим газар давхар зам, гүүрэн гарцтай болоод ч тус нь бага. Хоногоос хоногт бөглөрөл, түгжрэл ихэссээр байгаа. Тээврийн цагдаагийнхны хэлж байгаагаар Улаанбаатарын зам, талбай ачааллаа даахаа больсон. Энэ нь жил бүр 2000-3000 машин шинээр нэмэгдэж замын хөдөлгөөнд оролцож байна. Бас манайхны соёлгүй байдал ч нөлөөлдөг гэж байналээ.

Ер нь л нисдэг унаагүй бол нийслэлийнхэн ажилдаа цагтаа ирж, очно гэж чадахыг байх янзтай. Хотын нийтийн тээврийн автобусны үйлчилгээ сүүлийн үед бүр муудав. Өдөрт 800 гаруй автобус үйлчилгээнд гардаг гэдэг байсан бол түүний 200 гаруй нь эдэлгээний хугацаа нь дуусч зогслоо гэсэн. Сүүлдээ “чөлөөнд гарсан” автобусны тоо 200 биш 400 илүү боллоо гэсэн мэдээлэл ч бий. Ажиглаад байхнээ өглөө, оройд автобусанд 70-80-аад оных шиг л чихцэлдэх болж байна. Нийслэлийн тээврийн газрын нэг нөхөр “2020 онд Улаанбаатар хотын нийтийн тээвэр тэг зогсолт хийнэ шүү” гэж зурагтаар хэлэхийг сонслоо. Тун цочмоор мэдээлэл тэр байлаа. Тэгвэл Улаанбаатарын бас нэг анхаарал татсан сэдэв нь агаар, хөрсний бохирдол “замаа алдсан” гэх асуудал. Агаарын бохирдол утаанаас л үүсэлтэй болохоор одоо түлшийг сольсноор багасч байна гэж онгирцгоож л байна. Хүйтэрч айл болгон галлаад ирэхээр яахыг харж л байя. Энэ олон мянган машины утааг  бас яалтай ч билээ. Үүнээс гадна хотын хөрсний бохирдолд тулах цэг гэж байдаг бол түүндээ хүрсэн дээ. Хөрс бохирдсоноос болж гамшиг нүүрлээд байна гэж ч хэлж болох. Хүн амын өвчлөл тэр дотор халдварт өвчин ихэссэн нь түүнтэй холбоотойг судлаачид хэлэх юм билээ.

Баримт сөхье. Улаанбаатар хотын хүн амын нас баралтын шалтгааны бараг 20-иод хувь агаар, хөрсний бохирдлоос болсон гэх. Сүүлийн 15 жилд утааны уршгаар амьсгалын тогтолцооны өвчин 28.8, зүрх судасных 18.1 хувь нэмэгдсэн тухай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Бас ЭХЭМТ-ийн тандалт, судалгааны албанаас гаргадаг “Монгол Улсын эх, хүүхдийн эндэгдлийн байдал, төрөлх хөгжлийн гажигийн тархвар зүйн бүрдэл” гэсэн судалгааны хуудсыг сөхөж үзвэл 2013-2017 онд жилд дунджаар 470-560 хүүхэд амьгүй төрж, 900-1200 ураг зулбасан гэх тоо байна. Бас хэвлийдээ бүтсэн, амьгүй төрснийг оролцуулалгүйгээр 0-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо жилд 3000 хүрдэг гэнэ. Аймаар мэдээ энэ биш гэж үү. Бас Дэнжийн 1000, Таван буудал, Баянхошуу, Улаанхуаран зэрэг газрууд судалгаагаар “Амьдрахад аюултай цэг” гэж бүртгэгдсэн. Мөн Гуравдугаар эмнэлэг, I хороолол, Телевиз орчимд агаар дахь азотын давхар ислийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-2.9 дахин их байдаг гэнэлээ. Тиймээс Улаанбаатарын агаар дэндүү хортой, хөрс нь асар их бохирдолтой байна гэж эрүүл ахуйчид хоолойгоо сөөтөл орилж, сэтгүүлчид бид бэхээ дуустал бичлээ. Гэвч төр, засгийн хомс анхаарал, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр нь оршин суугчдын зөвхөн сэтгэлийг тайвшруулсан түр зуурын үр дүн муутай жүжиглэл төдий байна. Өөрөөр хэлбэл тэр бүхэн нь асуудлын хагас шийдэл гэж болно. Саядаа нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдсан нэг шинэ хорооллынхон ундны уснаасаа хордож хэдэн арваараа эмнэлэгт иржээ. Яагаадыг нягталбал уг хорооллын оршин суугчид гүний худгаар ундаалдаг байж. Тэр худгийн усыг нь шинжлэхэд гэдэсний савханцарын нян илэрсэн байна. Энэ чинь манай хотын хөрс хэр их бохирдсоны илрэл мөн биз.

Монголын төр, засгийн эрх баригчид алсын хараа муутай манай нийслэл сая илүү хүн амтай метрополит хот болсон, хүн ам өсч байгаа гэж сүржин яриад сууж байдаг. НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужагийн хэлж байгаагаар “2050 он гэхэд Монголын хүн амын 85 хувь нь хотдоо суурьшина хэмээн тооцоолоо” гэж байна. Тэр үед хөдөө орон нутагт маш цөөн хүн үлдэхнээ дээ. Ингэж бодохоор Улаанбаатар ер нь 2050 биш бүр наана нь хөдөлгөөнгүй нэг хөлдүүс шиг организм болох янзтай.

Мөн Улаанбаатар хот ногоон байгууламжаа устгаад дуусч байгаа. Тиймээс ногоон байгууламжийн хувьд бусдаас эрс ядмаг. Энэ нь хотын агаарт хүчилтөрөгч маш бага үйлдвэрлэгддэг гэсэн үг юм. Басхүү Улаанбаатарын маргаашийн аюул дагуулсан нэг асуудал нь цаашид өргөжин хөгжих ямар ч газаргүй болсон. Яг үнэн байдал гэвэл уул овоогоо нурааж байж, бургас модоо огтолж сүйрүүлж байгаад гэр, байшингаа барьдаг болсныг бид харсаар байгаа. Ийм учир шалтгаануудаас болж шинэ нийслэлийн зураг, төсөл хэнд байна вэ гэж хашгирахаас өөр аргагүйд хүрлээ.

Хүнд таван цул эрхтэн гэж байдаг атал нийслэлийн утаа, агаарын бохирдол болон дээр хэлсэн шалтгаануудаас болж зургаа, долоо дахь эрхтэн зэрэг өвдөх шиг санагдахын учир бүр чангын чанга хашгирах гэсэн юм. Хүрээ нүүх нүүхгүй нь тэр гуайн чавганцад ямар хамаатай юм гэдэг шиг миний санааг буруутгэж зарим нь шүүмжилнэ л биз.

Ц.Элбэгдорж анх Ерөнхийлөгч болохдоо нийслэлийг нүүлгэнэ. Хархоринд суурьшуулна гэж өөрийн гэр орны шавыг хүртэл тавьж нөгөө л чаддагаараа бурж жүжиглэж байсныг санаж гэж магадгүй. Философийн түүх гадарладаг нэг нь XVII зууны үеийн Францын утоп буюу үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон нарынх шиг тэнэгрэл гэж шоолонгуй хандах ч юм билүү. Яасан ч яах вэ. Тэр болгоноос эмээх юм ердөө алга. Ган, зуд Улаанбаатарт хамаагүй ч дөрвөн уулынхаа дунд багтаж ядан шамбааралдаж, шахцалдан чихцэлдэн, утаатайгаа баагилдан, хог шороотойгоо хутгалдан байгаа ядруу байдал нь яах ч аргагүй шинэ нийслэлийг нэхэж байна шүү дээ. Газар хөдлөлт, гал усны гамшгийг ч холуур өнгөрнө гэж бодвол эндүүрэл.

Нийслэлийн бөөгнөрлийг задлана. Дагуул хоттой болно гээд шийдэлд хүрч Налайх, Багануурыг хот болгох гэж оролдсон нь нэмэргүйдэж дүүрэг, хотын дарга гэх хоёр хүний хоорондын хэрүүлээс хэтрээгүй. Их, дээд сургуулийг хотоос нүүлгэнэ гэж бас 20-иод жил ярьсан. Гэтэл үг, үйл хоёр нь зөрөөд заримынх нь байрыг шинэчилж том том намын сан барьж өргөтгөөд бүр суурьшуулаад авсан байдаг. Дэлхийн улс орнуудад нийслэлээ нүүлгэсэн түүх зөндөө бий. Сая гэхэд Индонез улс олон жижиг арал дээр байдаг болоод ч тэр үү яг л манай нийслэл шиг түмэн зовлонд учирснаас болоод шинэ нийслэл барихаар шийдэж 30 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд нүүхийг банжиж байна. Манай хөрш Казахстан хэдхэн жилийн өмнө шинэ нийслэлтэй болсон. Эднийх арай өөр нөхцлийн улмаас нүүдэл хийсэн байх.

Иймэрхүү учир шалтгаан, жишээ тоочихоор хэн нэг зөрүүд нь их мөнгө зарцуулж шинэ нийслэлтэй болно гэж байхаар тэр хөрөнгөөрөө нийслэлээ өргөжүүлж хөгжүүлье гэж харанхуйгаар хэлж магадгүй л дээ. Мөнгө байж гэмээнэ тэр өргөтгөөд байх газар нь хаа байнаа. Байхгүй шүү дээ. Ийм л дотоод байдал бэрхшээл нь хөлдүүдээ тулсан учир шинэ нийслэлийн зураг, төслийг яаравчлуулж байна л даа. Хамгийн гол нь алгуурлаж хүлээх цаг даанч алга. Эцэст нь хэлэхэд би фантазлаагүй ээ. Яг л үнэн бүхнийг хөндөхийг хичээлээв шүү.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Цэрэннадмид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2019-10-22 12:27:36
    Mash zov Hurdhan arga hemjee avah heregtei Harhorin ruu nuuh ni hamgiin zov zam
    193.91.98.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Хоты хүн 2019-10-22 08:17:54
    Нүүе нүүе. Аль болох үтэр түргэн нүүе. Улсынхаа нийслэлийг өөр газар шинээр барья. Гэхдээ чингис гэж л нэрлэхгүй юм шүү. Хот шиг хоттой болъё.
    103.26.194.218
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-10-22 02:35:22
    2022 оноос өмнө баруун урагшаа нүү. /Орхоны хөндий нь тэгш тал учраас үргэлжийн салхитай, утаа хургаж тогтохгүй. хаха . Одоо УБ нь 4 уулын дундах хонхорт байгаа...
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-10-22 01:15:27
    зураг төсөл нь байлаа ч. замбараагүй болгодог архины хамааралтай дарга нараас болж л балгас хиргэсүүр болж байна хот чинь
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах