Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс  хүргэж байна.

Улсын Их Хурлын дарга,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулан, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтлах”-аар тусгасан билээ.

2016 онд Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрч буурсан, төсвийн нэгдмэл байдал алдагдаж олон зэрэгцээ төсөвтэй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувьд хүрсэн, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээл, сорилт тулгараад байсан.

Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байна.

Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаас авдаг байсныг зогсоож, өмнөх зээлүүдийг буцаан төлснөөр хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулаад байна.

Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлт гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн юм.

Миний бие Ерөнхий сайдаар томилогдохдоо “Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгах, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэдгээ чуулганы индрээс хэлсэн.

Энэ дагуу төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, баталсан төсөвт нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулахгүйгээр мөрдүүлэн, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан үзүүлэлт болсныг Та бүхэн мэдэж байгаа.

Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм.

Эрхэм гишүүд ээ,

Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгалаа.

Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ.

Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байна.

Татвар хураалтын хялбаршуулсан горим нэвтрүүлж, бүртгэл, тайлагналт, төлөлтийг бүрэн цахимжуулан, татварын тайлагналтын давтамжийг бууруулахын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг улирал тутам олгодог болно. Мөн иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулна.

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, нэвтрэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр боомтод зорчигч болон ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ бүхий дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгах юм.

Гаалийн шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо дөрөв дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав дахин, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэхээр байгаа нь гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх болно.

Түүнчлэн, 2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажил хийнэ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сум, дүүргийн орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг сайжруулах зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг харьяалах сум, дүүрэгт хуваарилахаар тооцлоо.

Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх болно.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд зохих хөшүүрэг хэрэгтэй байна. Мэргэжлийн боловсролын төвийг төгсөгчид ажлын байртай болох нь их, дээд сургууль төгсөгчдөөс илүү байгаа бөгөөд энэ хэрээр мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ Монгол Улсад өндөр байна. Иймд мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмж 200 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөлөө.

Сургуулийн өмнөх болон бага боловсролын тогтолцоонд хамрагдсан хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцаж байгаа хэдий ч хоол хүнснээс авбал зохих амин дэм, эрдэс бодисын зохистой норм хангагдаж чадахгүй байна. Иймд эдийн засаг, төсвийн боломжоос шалтгаалан 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай хөтөлбөр” болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлж, зохистой хэмжээнд хүргэхээр тооцлоо.

Төрийн өмчийн эмнэлгүүд болон сумын эрүүл мэндийн төвд олгодог тусламж, үйлчилгээний төлбөрийн тариф нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад олгодог тарифаас ойролцоогоор хоёр дахин өндөр хэдий ч үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувьд хангалтгүй байгаа бөгөөд орон нутагт хувийн хэвшлийн үзүүлсэн үйлчилгээний тоо хэмжээ нь 2.8 дахин их байгаа юм.

Иймд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад давуу боломж олгосон бүх шатлалын тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэн тогтоох замаар адил боломж нөхцөл, өрсөлдөөн бүхий иргэнд ээлтэй, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг бий болгох цаг нь болсон байна.

Түүнчлэн, үзлэг оношилгоо, эмийн сан, эмнэлэг хоорондын уялдаа сул байгаагаас шалтгаалж үйлчлүүлэгч эдгээр байгууллагуудын хооронд чирэгдэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс эдгээр үйлчилгээг нэг дороос, бодит өртөг шингэсэн тарифын дагуу санхүүгийн нэмэлт дарамтгүйгээр авах боломжийг бий болгоно.

Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэх болно. Энэ хүрээнд:

Нэг. 2014 оноос хойш нэмээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.

Гурав. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталсан боловч эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан 2 удаа хэрэгжилтийг хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.

Дөрөв. Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлөх зэрэг болно.

Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг байх болно. Сүүлийн гурван жилд уул уурхайн хайгуул, ашиглалтын талбай бүхий 191 суманд байгаль орчны эсрэг гэмт хэргийн 670 тохиолдол бүртгэгдэж, 7.3 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Энэ төрлийн гэмт хэрэг цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан хяналт, хамгаалалтыг сайжруулж, уул уурхай бүхий газар нутгийн унаган төрхийг сэргээх, хамгаалах зорилгоор Экологийн цагдаагийн алба байгуулахаар төлөвлөлөө.

Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.

Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монгол Улсад жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж 8.1 тэрбум төгрөгт хүргэнэ.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд төсвөөс олгох дэмжлэг, урамшууллыг оновчтой хуваарилж, салбарын өсөлтийг дэмжихэд олгох хөрөнгийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгалаа.

Эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулна.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний өв соёл, урлаг, үзвэрийн барилга байгууламжийг сайжруулах замаар уг салбараас олох орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсрууллаа.

Төсвийн төслийн хамт Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцлэх, зориулалт, эх үүсвэр, санхүүжилт, зарцуулалтыг нь ил тод, оновчтой, хяналттай болгох, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилго бүхий Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-10-18 09:48:53
    Амжилт хүсье. АН/МҮАН/МАХН-ын өрийг төлсөөр өсөлтийг 2016 оны 1.2 %-иас 7.3% хүргэж, төсвийн алдагдлыг 2016 оны 15%-иас 3.4% хүртэл бууруулсан бн. Болж л байна ...
    64.119.20.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-18 02:29:35
    Ядахдаа орлого зарлагаа тэнцүүлмээр байна. Улсын чинь өр талийж өглөө.
    64.119.22.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Zojin 2019-10-17 14:53:31
    Amjilt saidaa
    202.131.229.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Барс 2019-10-17 07:09:40
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш сайн ажиллаж байгаа,хийж бүтээж байгаа ажил нь олны нүдэн дээр ил байгаа.
    64.119.21.220
    Мэдэгдсэн Хариулах
  • !!?? 2019-10-17 06:01:21
    Энэ хүн 1990 оноос хойшх бүх Засгийн газруудаас хамгийн муу ажиллаж байгаа Ерөнхий сайд болжээ!!!
    122.201.24.191
    Мэдэгдсэн Хариулах