Олон улсын удирдагчид чуулж, Нагоягийн тунхаглал гаргав

Япон улсын Нагоя хотод “Номхон далайн соёл иргэншлийн эрин: Зүүн Азийн Энхтайван, Япон, Солонгос, Америкийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт чуулга уулзалт боллоо. Дэлхийн Энх Тайвны Японы Холбооноос зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтад улс орнуудын одоогийн болон хуучин төр, засгийн газрын тэргүүнүүд, парламентын гишүүд, сайд дарга нар болон иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, шашны байгууллагын удирдагч 700 гаруй төлөөлөгч оролцов. Үндсэн илтгэлийг Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Такаши Нагао, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн асан Мүонг Чул Чо, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо, Балбын Вант Улсын тэргүүн дэд ерөнхийлөгч асан Пармаманда Жха нар тавьж хэлэлцүүллээ. Илтгэгчид дэлхий ертөнц дээр даяаршлын үйл явц эрчимтэй өрнөж, улс орнуудын хоорондын харилцан хамаарал улам бүр хүчтэй болж байгааг тэмдэглээд, төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцлаа.

Тэд энхтайван, аюулгүй байдлыг авчрахад зөвхөн улс төрийн аргаар биш цаана нь иргэний болон төрийн бус олон байгууллагын хамтын ажиллагаа, энэ бүс нутаг дахь ард иргэдийн оролцоо чухал байгаа гэдэг талаас нь ярьж байна.Чуулганы төлөөлөгчид улс орон бүс нутгийн хэмжээнд тогтвортой энхтайван, хөгжил дэвшлийг хангахад чиглэгдсэн Нагоягийн тунхаглал гаргав.

Сенегал улсын Ерөнхийлөгч 2020 оны Энхтайвны шагналтнаар тодров

Японы олон улсын чуулга уулзалтын үеэр Sunhak (Санхаk) Дэлхийн Энх Тайвны шагнал хүртэx болзол хангасан гурван эрхмийг зарлалаа. Африкт сайн засаглалын тогтолцоог бүрдүүлсэн Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Селл 2020 оны Энхтайвны шагналтнаар тодров. Маки Селл Сенегалын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байсныг 5 жил болгосны зэрэгцээ улс орондоо засаглалын бүтцийг нарийвчлан сайжруулж,хууль дүрмийг чангатган авилгалын эсрэг холбогдох байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэж үр дүнд хүрсэн байна. Түүнчлэн Баруун Африкийн тээврийн дэд бүтцийг өргөтгөж, эдийн засгийн шинэчлэл хийж, улс үндэстнийхээ эв нэгдлийг бэхжүүлсэн зэрэг амжилтаар дэлхийн шагнал хүртэх болзол хангажээ. Санхак Дэлхийн Энхтайвны шагналын болзол хангасан хоёр дахь эрхмээр Дэлхийн Ариун Лютераны Холбооны ерөнхийлөгч асан Мюниб Ёонен тодорлоо.Тэрбээр 40 жилийн турш Ойрхи Дорнодод шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх үйлсийн төлөө өөрийн биеэр үлгэрлэн зүтгэжээ.
Мюниб Ёонон дэлхийн бүх шашин ямар үзэл суртлыг баримталдагаасаа үл хамааран эв нэгдлийг эрхэмлэх илүү агуу шалтгаан байгаагийн улмаас шашин хоорондын ойлголцлыг бэхжүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталж үр дүнд хүрсэн байна. 2020 оны Санхак Дэлхийн Энхтайвны шагналаас гадна үүсгэн байгуулагчийн шагналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэхээр болов. Бан Ги Мүн дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулж, цаашид тэрхүү өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, хүний үйл ажиллагааны улмаас учирч байгаа сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах боломжтойг Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар уриалан ажилласан. Үүнд 2015 онд батлан гаргасан Парисын тунхаглалд 197 орныг нэгтгэж, тив дэлхийд ногоон хөгжлийг бий болгохын төлөөх үйлс нь онцгой нөлөөлсөн юм.

Санхак Дэлхийн Энxтайвны Шагналын Хорооны тэргүүн Хонг Сик хэлэхдээ, шагнал хүртэхээр шалгарсан хүмүүс бол илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгохын төлөө хамтдаа зүтгэж байгаа хүмүүс юм гэж онцлов. Санхак Дэлхийн Энхтайвны шагналын болзол хангасан хүн бүрт нэг сая америк доллар олгоно. Харин үүсгэн байгуулагчийн шагнал хүртэгчид хагас сая доллар олгоно.


Шагналыг 2020 оны хоёрдугаар сард тус шагналыг үүсгэн байгуулагч, доктор Сун Мён Мүний 100 жилийн ойн үйл ажиллагааны үеэр Сеүл хотод гардуулах ажээ. Санхак Дэлхийн Энхтайвны шагналыг 2015 оноос эхлэн хоёр жил тутам олгож байгаа бөгөөд энэ удаагийн шагналд 46 орны 86 хүн нэр дэвшсэн байна.Урьд жилүүдэд энхтайвны шагналыг Кирибати улсын Ерөнхийлөгч асан Аноте Тонг, Энэтхэгийн эрдэмтэн Модадүги Бижая Гүпта, Италийн мэс засалч Жино Страда, Афганистаны сурган хүмүүжүүлэгч эмэгтэй Сакена Яакооби, Африкийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Акинвими Аёодежи Адесина, Африкийн хүний эрхийн зүтгэлтэн Ворис Дири нар хүртэж байжээ.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ц.Сарантуяа Олон улсын сэтгүүлч
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.