Винод Ахужа: Монголчуудын хувьд шим тэжээлийн дутагдал тулгамдсан асуудал болоод байна

Өнөөдөр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсан өдөр. 1981 оноос эхлэн аравдугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн Хүнсний өдөр болгон энэ жил 39 дэх жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Тиймээс энэ удаагийн “Нэгдүгээр хүн” буландаа НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужаг урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөн оны долдугаар сард манай улсад суурин төлөөлөгчөөр ажиллахаар томилогдсон ирсэн юм.

-Таныг Монголд суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө мал аж ахуйн салбарын судалгааны чиглэлээр түлхүү ажиллаж байсан гэж сонссон. Энэ сонирхол тань манай улсад томилогдоход нөлөөлсөн болов уу?

-Би Монголд ирэхээсээ өмнө Бангконгд Ази, номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчөөр есөн жил ажилласан. Түүнээс өмнө Энэтхэгт эдийн засгийн бодлого, хөгжлийн сэдвээр багшилдаг байлаа. Миний ажлын гараа АНУ-ын Вашингтоноос эхэлж, хөдөө аж ахуйн эдийн засаг, ядуурал, тэгш байдал зэрэг салбарт ажиллаж байгаад 15 жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт анхаарч сонирхож ирсэн. Энэ салбар нь эдийн засгийн болон байгаль орчны хөгжилд хэрхэн нөлөөлдгийг судалж Бангконгд энэ чиглэлээр түлхүү ажиллаж байсан юм. Энэ нь намайг мал аж ахуйн орон болох танай улсад томилогдоход нөлөөлсөн гэж хэлж болно.

-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн хоол хүнсний гачигдлыг даван туулах, хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврах, ядуурлаас гаргах зорилгоор байгуулагдаж байсан юм билээ. Өнөөдөр энэ байгууллагын том зорилт юу байна вэ?

– НҮБ-ын мэргэшсэн техникийн, олон жилийн түүхтэй салбар агентлаг юм л даа. Манай байгууллага хөдөө аж ахуй тэр дундаа хүнсний баталгаат байдлыг хангах, байгалийн нөөцийн зөв зохистой ашиглалт, менежмэнт, ойн менежмэнт гэх чиглэлд тэргүүлж ажилладаг. 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгын хоёрдугаарх буюу дэлхий даяар өлсгөлөнг болон түүний бүх төрлийг зогсоох том зорилготой ажиллаж байна. Өлсгөлөн гэдэг нь зөвхөн идэх хоолтой байхаас гадна хангалттай хэрэгцээт шим тэжээлээ хоол хүнсээр дамжуулан авч чадаж байгаа эсэхээр тодорхойлогддог. Тиймээс шим тэжээл бүхий чанартай олон нэр төрлийн аюулгүй хүнсээр хүн төрөлхтнийг хангах боломжийг бий болгохыг зорин ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ хүн төрөлхтөнийг ингэж хүнсээр хангахдаа байгалийн нөөцөө доройтуулахгүйгээр, нөхөн сэргээж, хадгалж үлдэх ёстой. Тэгэхээр энэ байгууллага нь зорилтоо эрүүл хүн гэдгээс гадна эрүүл ургамал, эрүүл амьтан, эрүүл байгаль гэсэн зарчмаар биелүүлэхийн төлөө явж байгаа юм.

 

-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Тогтвортой хөгжлийн зорилгын хоёрдугаарт орсноор 2030 он гэхэд өлсгөлөнг бүрэн зогсоохын төлөө ажиллаж байна.

-Дэлхий даяар таны хэлсэн өлсгөлөнд нэрвэгдсэн хэдэн хүн байгаа вэ?

-Бидний тооцооллоор дэлхий дээр 820 сая хүн өлсгөлөнгийн байдалд амьдарч байна. Засгийн газрууд зөв бодлого хэрэгжүүлж бүх талууд хамтран ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс бидний хувьд тэдэнтэй хамтран дэмжин ажилладаг. Дэлхийн хүн ам 2050 онд есөн тэрбум хүрнэ. Энэ есөн тэрбум хүнийг олон нэр төрлийн шим тэжээл бүхий хоол хүнсээр хангалттай хэмжээгээр хангах шаардлага үүсч байна. Тиймээс хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд байгалийн нөөцөө доройтуулахгүй, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Мөн хоол хүнсний үйлдвэрлэл хүн бүрд хүрэлцэхүйц байлаа ч хүмүүс ядуу байвал худалдаж авч чадахгүй. Тиймээс хүн амын орлогыг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах, ялангуяа орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал нь аливаа улсын ядуурлыг хэмжих бас нэгэн индекс болдог. Бид Засгийн газар, НҮБ-ын бусад агентлагууд, ТББ, төр хувийн хэвшил гээд бүх талуудтай нягт хамтран ажилладаг.

Дараагийн анхаарах чухал асуудал бол 50 жилийн өмнөхтэй харьцуулахад хүнсний салбар маш их өөрчлөгдсөн. Тухайн үед бид хэн хаана хэрхэн хүнсийг маань үйлдвэрлэж байгааг мэддэг байсан. Одоо зах зээл өргөжиж байгаан хэрээр үйлдвэрлэгчид асар их болсон. Бид өнөөдөр дэлгүүрт ороод Герман, Солонгост үйлдвэрлэсэн хүнс худалдан авах асар их сонголттой болсон. Үүний адил Монголын хүнс үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд тоглох боломжтой болж байгаа юм. Харин жижиг үйлдвэрлэгчид буюу малчид, ногоочид, тариачид маань энэ гинжин хэлхээнд ороход мэдээлэл зэргээс эхлээд боломж бага байдаг. Тиймээс тэднийг дэмжих хэрэгтэй байна. Бидний ажиллах дараагийн тэргүүлэх чиглэл бол байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, дамжин өнгөрүүлэх . Сүүлийн жилүүдэд байгалийн гамшгийн давтамж 10 дахин нэмэгдсэн байна. Энэ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжид шууд нөлөөлдөг. Монгол Улсад дайн байлдаан, зөрчил тэмцэл байхгүй азтай боловч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Цөлжилт, зуд гээд хүнс үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг гамшгуудын үед орон нутгийнхны даван туулах чадавхийг сайжруулах, түүнчлэн Монгол Улс шиг эдийн засгийн гол хүчин зүйл болсон уул уурхай зэрэг салбар нь гадны зах зээлээс шууд хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд дотоод чадавхийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллаж байна.

-Уучлаарай, та түрүүнд дэлхий даяар 820 сая хүн өлсөж байна гэлээ. Энэ тоонд хоолноосоо хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа хүн орж байна уу. Эсвэл зөвхөн идэх хоолгүй байгаа хүний тоо юм уу?

-Би танд хэдэн тоо хэлье. Сүүлийн 20-30 жилийнхтэй харьцуулахад дэлхий даяар өлсгөлөнг зогсоох тал дээр амжилттай ажиллаж чадсан. Хүн амын тоо нэмэгдсэн ч өлсгөлөн хүний тоо буурч, хоол хүнсний чанар сайжирсан. Хоол хүнс авах боломж нь ч дээшилсэн. Энэ тал дээр харьцангуй сайн үзүүлэлтийг гаргаж чадсан. 2005-2015 онд судалгааны дүнгээр өлсгөлөн тогтвортой буурч байлаа. 2005 онд 14.5 хувь буюу 947 сая хүн өлсгөлөнд байсан бол 2015 онд 10.6 хувь буюу 785 сая болж буурсан. Гэтэл 2015-2018 онд эргээд өссөн. Дэлхийн хүн амын 10.8 хувь буюу 820 сая хүн хоолоо хаанаас олж идэх вэ гэсэн асуудалтай амьдарч байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа хэрнээ өлсгөлөн хүний тоо нэмэгдэж байгаа нь яах аргагүй санаа зовох асуудал болж байгаа юм. 820 сая гэж тоолж байгаа тодорхойлолт нь эрүүл амьдрахад шаардлагатай калорио авч чадахгүй буюу хэт өлсгөлөнд нэрвэгдсэн өлмөн зэлмэн хүмүүсийг хэлж байна. Харин зөрчилдөөнтэй бүсэд амьдардаг, улирлын чанартай ажил эрхэлдэг, ажилгүй, мөнгөгүй болчихвол хүнсээ худалдаж авч чадахаа больдог зэрэг хүнсний баталгаагүй байдалд амьдарч байгаа хүмүүсийг тоолвол хоёр тэрбум байна. Ази тивийн хувьд бусад газартай харьцуулахад үзүүлэлт нь тогтмол байгаа ч өлсгөлөн хүмүүсийнхээ тоог бууруулж чадахгүй байгаа. Азийн эдийн засгийн өсөлт сайн байгаатай харьцуулахад энэ нь санаа зовоож байгаа асуудал.

 

-Дэлхий даяар амьдрахад хангалттай калориа авч чадахгүй буюу өлсгөлөнгийн байдалд 820 сая, харин хэзээ ч хоолгүй хонож мэдэх баталгаагүй нөхцөлд хоёр тэрбум хүн амьдарч байна.

-Монгол Улсын хувьд ямар тоо баримт байна вэ?

-Монгол орны хувьд шим тэжээлийн дутагдлыг багасгахад хүрсэн үр дүнгийн талаар сайн мэдээ бий. Өсөлтийн хоцролттой болон туранхай, тураалтай хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсан. Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад энэ үзүүлэлтээр Монгол Улс хамгийн сайн байгаа. Харамсалтай нь дуулгах сайхан мэдээ үүгээр дуусч байна. Тогтвортой хөгжлийн хоёрдугаар зорилго болсон “Өлсгөлөнг зогсоох”-ыг тодорхойлсон бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангахад Mонгол Улс хол хоцорч явна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан сүүлийн тооцоогоор 400 мянган хүн эрүүл чийрэг, идэвхтэй амьдрахад хэрэгцээтэй илчлэгээ бүрэн хэмжээнд хүртэл хангалттай авч чадахгүй байгаа бөгөөд ямар нэгэн дэвшил сүүлийн таван жилд гараагүй байна.

Нөгөө талаас, хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд таргалалт нэмэгдсээр байна. 2006 онд долоон хувь байсан хүүхдүүдийн таргалалт 2016 онд бараг 12 хувь болтлоо өссөн, нөхөн үржихүйн 15-49 насны эмэгтэйчүүдийн дунд цус багадалт нэмэгдэж байна. Орон нутагтай харьцуулахад нийслэлд хүнсний баталгаат байдал алдагдах эрсдэл их байна. Зөв хүнсээ сонгож идэхгүй, цөөн төрлийн хүнсний хэрэглээтэй, шим тэжээлээ хангалттай авч чадахгүй байгаагаас Монгол Улсын хувьд өлсгөлөнгийн нэг төрөл буюу шим тэжээл дутагдал нь тулгамдсан асуудал болж байна гэж хэлж болно.

-Өөрөөр хэлбэл, идэх хоолгүй яваа ядуу хүмүүсийн хажуугаар амьдралын боломжтой хүмүүс бас шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдэж байна?

-Тийм ээ үнэн. Өнөө, маргаашийнхаа хоолыг хаанаас олж идэх вэ гэсэн баталгаагүй байдалд байгаа хүмүүсийн хувьд гэхээс илүү эдийн засгийн хувьд орлоготой, боломжтой хүмүүс маань шаардлагатай зөв хоолоо сонгож идэхгүйгээс, цөөн төрлийн хүнсний хэрэглээтэйгээсээ болж хангалттай шим тэжээлээ авахгүй байна. Энэ нь урт хугацаандаа өвчлөлийг нэмэгдүүлж, хүнсний аюултай байдлыг үүсгэж байна. Цэвэршүүлсэн цардуул, элсэн чихэр, өөх тос, давс болон боловсруулсан хүнсний хэрэглээ улам нэмэгдсээр. Жимс, хүнсний ногоо, ислэг ихтэй бусад хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх мөнгөөрөө ресторан, түргэн хоолны газар гэх мэт гэрээсээ гадуур хооллож шим тэжээл багатай бэлэн хоолыг ихээр хэрэглэж байна.

Одоо хийсэн энэ муу сонголтоосоо шалтгаалаад ирээдүйдээ муу хөрөнгө оруулалт хийж байгаагаа ойлгох хэрэгтэй. Ингэж хооллоод байвал эмнэлэгт илүү их мөнгө төлөхөөр харагдаж байна. Хангалттай шим тэжээл бүхий хүнс иддэггүйгээсээ болж эрдэс минералын дутагдалд орох нь ихэсч байна. 2016 онд хийсэн судалгаагаар хоол хүнсний хүчин зүйлээс улбаатай зүрх судасны өвчлөлөөр нас барсан хүний тоо нийгмийн насны ангилалд хуваагдах хэмжээгээр авч үзэхэд Монгол Улс дэлхийд хоёрдугаарт орж байсан. Энэ нь уламжлалаараа малын гаралтай хүнс их хэрэглэдэг, түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын сул хөгжлөөс үүдэлтэй байж болох юм. Хүнсний зах зээлийн эрчимтэй өсөлт, хөгжил дээрээс нь хот суурин газрын хөдөлгөөн багатай амьдралын хэв маягийн улмаас зохист хэмжээ улам их алдагдаж байна гэж харж байгаа. Тиймээс иргэдэд зөв сонголт хийхэд нь туслах, Засгийн газраас зөв бодлого барихад нь зөвлөх, илүү шим тэжээлтэй хүнс үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, шинэ технологи, системийг орон нутагт нутагшуулах, гамшгийн эрсдлийг бууруулах, хаана ямар асуудал байгааг судалж тогтоох гээд олон чиглэлээр ажиллаж байна.

 

-Орон нутагтай харьцуулахад нийслэлд хүнсний баталгаат байдал алдагдах эрсдэл их байна. Зөв хүнсээ сонгож идэхгүй, цөөн төрлийн хүнсний хэрэглээтэй, шим тэжээлээ хангалттай авч чадахгүй байгаагаас Монгол Улсын хувьд өлсгөлөнгийн нэг төрөл буюу шим тэжээл дутагдал нь тулгамдсан асуудал болж байна гэж хэлж болно.

-Гэхдээ сүүлийн үед хүнсний зөв сонголт, зөв хооллолт гэдэг зүйл дээр манай иргэд харьцангуй эерэг ойлголттой болоод байна уу гэж харж байгаа. Хүнс үйлдвэрлэгчид ч хүний эрүүл мэндэд тустай тусгай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэх болжээ. Энэ ахиц мөн байх аа?

-Мэдээж, таны хэлсэнтэй санал нэг байна. Хэтэрхий сөрөг тоо баримт ярьж, тийм зураглалыг бий болгомооргүй байна. Монгол Улсад давуу тал их байна. Хүн амын хувьд залуу, өндөр боловсролтой иргэдийн тоо олон байна. Тиймээс иргэдийг мэдлэгжүүлэхэд илүү амархан. Ялангуяа нийгмийн бүх харилцаанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг. Энэ нь маш сайн талтай. Танай улсын төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бидний туршлагаас харахад аливааг их нээлттэй, сайхан хүлээж авдаг. Харин бодит ажил болгох тал дээр цаг хугацаа алдах асуудал байдаг нь үнэн. Миний анзаарч байгаагаар хүнсний салбартаа урт хугацааны, алсыг харсан төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Өөдрөгөөр харж, илүү сайн давуу талууд байгаа ч хийх ажил маш их байгааг мартаж болохгүй.

-Монголчуудын хувьд үе уламжлан ирсэн мал аж ахуйгаа эрхэлж, органик хүнсээ өдөр тутамдаа хэрэглэх харьцангуй боломжтой ард түмэн. Гэхдээ саяхны нэг судалгаа байсан. 2050 онд Улаанбаатар хотын хүн ам нэг дахин нэмэгдэнэ гэж. Тэгэхээр хотжилт, шилжилт хөдөлгөөнөөс болж ирээдүйд хүнс үйлдвэрлэгчид хомсдож, иддэг нь олширчихгүйн тулд одооноос ямар бодлого баримтлах вэ?

– 2050 он гэхэд танай улсын хүн амын 85 хувь нь хотод суурьшина хэмээн тооцоолсон байдаг. Хотжилт болон хүмүүсийн орлого нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засагт өөрчлөлт гарч буйн тод илрэл юм.Зөвхөн Монголд ч биш дэлхий дахинд энэ бол том асуудал болж байна. Хөдөө орон нутагт маш цөөхөн хүн ажилладаг. Хотжилт нь үйлдвэржилтийг дэмжих боломж олгож байгаа учир ирээдүйд цөөхөн хүн илүү их хүнс үйлдвэрлэх боломжийг одооноос гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхийн тулд зөв технологийг зөв нөхцөлд нь нутагшуулж , танилцуулах, оруулж ирэх шаардлага бий. Жишээлбэл, хоёр аяга сүүнээс авдаг байсан кальцийг нэг аяга сүүнээс авчихдаг болох ч юм уу. Мөн ямар технологийг хаанаас авах вэ, хэнд эзэмшүүлэх вэ гэдэг нь бас чухал. Жишээ нь орон нутагт байгаа настай хүмүүс, тодруулбал малчид технологийн дэвшлийг төдийлөн ашиглаж чадахгүй. Тиймээс залуусыг хөдөө аж ахуйтай илүүтэй холбох, дижитал буюу цахим инновацийг нэвтрүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх тал дээр ажиллаж, суурь судалгаануудыг хийж байна. Яг зөв хувилбараа гаргаад авбал Монголын хөдөө аж ахуйн салбарт маш их боломж бий

-Хоёулаа түрүүнд ярьсан шүү дээ. Дэлхий дээр өлөн зэлмэн 820 сая хүн байхад хоол хүнсний хаягдал гэж зүйл улс орнуудад асуудал болоод байна. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Дэлхий дахинд тулгараад байгаа ноцтой асуудал бол яах аргагүй энэ. Бидний ерөнхий таамаг судалгаагаар нийт үйлдвэрлэгдсэн хүнсий гуравны нэг нь ямар нэг байдлаар алдагдаж байдаг. Монгол Улсын хувьд энэ асуудлаар харамсалтай нь ямар ч тооцоолол байдаггүй. Хоол хүнсний хаягдлыг тооцоолох аргачлалыг статистикийн байгууллагуудад заах сургалтыг бид бэлтгэж байгаа. Эхлээд хүмүүсээ сургаад авчихвал дараа жилээс тодорхой судалгаа, тоо баримтууд гараад ирнэ байх. Хэдийгээр судалгаа байхгүй ч гэсэн энэ талаар аян өрнүүлэх, мэдээллээр хангах, анхааруулах ажлууд зайлшгүй хийгдэх ёстой. Тооцоо, судалгаа байхгүй гээд орхигдуулж болохгүй.

 

– Цөөхөн хүн илүү их, чанартай хүнс үйлдвэрлэх боломжийг бий болгохын тулд шинэ технологи, инновацийг хэрэгжүүлэх, залуусыг хөдөө аж ахуйтай холбох, дижитал буюу цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх тал дээр ажиллаж, суурь судалгаануудыг хийж байна. Яг зөв хувилбараа гаргаад авбал Монголын хөдөө аж ахуйн салбарт маш их боломж бий.

-Би таныг сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр судалгаа хийх сонирхолтой гэж сонссон юм байна. Монгол малын сүүний чанар, монголчуудын сүүн бүтээгдэхүүний хэрэглээний талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ерөнхийдөө монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаа нь маш сайн үзүүлэлт. Ялангуяа хүүхдүүдийн хувьд сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байх нь кальци, фосфор, бусад эрдэс минералыг нөхөх хамгийн сайн арга. Харин чанарыг нь илүү сайжруулах боломж байгаа гэж харж байна. Шаардлага ч бий. Ялангуяа үйлдвэрүүд шинэ бүтээгдэхүүн хийхдээ чанартай түүхий эдийг ашиглах шаардлагатай. Орон нутгаас хотод ирж байгаа органик сүүн бүтээгдэхүүн одоогийн байгаа хэмжээнээс илүү хүртээмжтэй байх боломжтой гэж би боддог юм. Өөрөөр хэлбэл, хангалттай нөөц боломжоо бүрэн ашиглахгүй байна уу гэж хардаг. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чанараа сайжруулахын тулд урамшууллын систем нэвтрүүлэх хэрэгтэй болов уу. Малчиддаа ямар системээр төлбөр төлдөг вэ, яаж урамшуулдаг вэ гэж үйлдвэрүүдээр явахдаа байнга асуудаг. Сүү үйлдвэрлэгчид маань одоогоор нэг л системээр, адилхан шалгуур тавиад яваад байна. Урамшууллыг нь түүхий эдийнхээ чанартай уялдуулаад илүү нарийн болгочихвол малаа эрүүлжүүлэх, тэжээлийг нь чанаржуулах гэх мэт арга хэмжээг малчид авдаг болно. Чанарыг нь алдуулахгүйн тулд шинэ технологиуд ашиглаж болно. Монголчуудын хувьд дээр хэлсэнчлэн тураалтай хүүхдүүдийн тоог бууруулж чадсан амжилт нь сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээтэй нь холбоотой гэж би боддог юм.
-Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийн онцлог юу байгаа вэ, зорилтот ямар ажлууд хийгдэж байна?
– Жил бүр, энэ жил ч уламжлалт ёсоороо Монгол Улс болон дэлхийн бусад орнууд энэ өдрийг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Бидний үйлдэл-Бидний ирээдүй: Эрүүл хүнс-зөв хооллолт” уриан дор тэмдэглэнэ. Бид ямар нэгэн зүйлийг яг одоо эхлэх хэрэгтэй байна. Өлсгөлөн болон шим тэжээлийн дуталд анхаарлаа хандуулах нь хүнсний тогтолцоог бүхэлд нь хамарсан өөрчлөлтийг шаардана. Хаанаас эхлэх вэ гэвэл өөрсдөөсөө эхэлье. Хүн бүр өөрөөсөө эхэлж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, шош, самар болон бүхэл үрийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх, ханасан тос, давс, цэвэршүүлсэн цардуул, сахарын агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн, ундааны хэрэглээгээ багасгах, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хэрэглээг багасгаж оронд нь төрөл зүйлээр элбэг хоол хүнс, уламжлалт хүнсийг сонгож хэрэглэх зэргээр эрүүл сонголтыг хийж, түүнчлэн бидний хэрэглэж буй хоол хүнсний байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаарх өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэхийг хичээе. Хүнсний өдөрт зориулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тухайлбал, эссэ бичлэгийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, их сургуулийн оюутнууд, ахлах, бага ангийн сурагчдад зориулсан зөв хооллолтын сургалтууд, төслийн уралдаан гээд олон ажлыг зохион байгуулж байна. Төслийн уралдаанд гэхэд “Залуучууд уух зүйлсээ хэрхэн эрүүлийг сонгох вэ” төсөл бичсэн АШУИС-ийн оюутнууд шалгарсан байна. Мөн зорилтот ажлуудын хувьд баруун аймгуудад, ялангуяа Ховд, Баян-Өлгий аймагт цайгаа давс ихтэй, халуун уудгаас болж улаан хоолойн хавдрын өвчлөл өндөр байна. Тиймээс тус аймгуудад давсны хэрэглээг бууруулах сургалтыг шийдвэр гаргагч түвшний хүмүүст болон, тогооч нарт эхлүүллээ. Энэ өдрийн хамгийн гол үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Төрийн байгууллагууд иргэдэд эрүүл хүнсний талаархи бодлогоо хүргэхийн зэрэгцээ 30 орчим үндэсний үйлдвэрлэгч хүнсний үзэсгэлэн гаргаж, эрүүл мэндэд тустай ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа танилцуулна. Хэрэглэгч, иргэдэд зориулсан сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаанууд мөн болно.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Солонго
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Муу 2019-10-17 00:26:58
    хөөөж явуул
    66.181.161.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongoo 2019-10-16 12:48:59
    Ene nohoroor u ireheer zaalguulahgui ee ugaasaa l ue uedee tsoon torliin um iddeg bsan
    103.57.92.107
    Мэдэгдсэн Хариулах
  • хуцдаг 2019-10-16 05:27:22
    тэр энэтхэгдээ очиж энийгээ ярь! гамшигийн ядуу газар! монгол бол хажууд нь хамаагуй дээр!!!
    66.181.161.66
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-10-16 02:33:42
    бид бусад идэмхий орны иргэдээс өөр шүү дээ. бид хоолоо тохируулж хэрэглэж ирсэн уламжлалтай: бусад ногоо идэгч улсуудын хоолоос монгол хоол илүү шүү дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-16 00:25:38
    толгой шийр малын дотор гэдэсийг шууд хаяж байгаа монголчууд елсеегуй ээ айргаа уугаад махаа идээд монголчууд та нараар заалгах болоогуй африк энэтхэг биш
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах