Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе

Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахаар боллоо. Энэ лагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.  

Б.Хурц нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэгт буцаав

Өнгөрсөн долоо хоногт Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаав

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн гэмт хэргийн шүүх хурал өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Дээрх есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Тэгвэл өчигдөр шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргасан байна.  

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болохоор бэлтгэл хангаж эхэлжээ. Улсын хэмжээнд хүүхдэд бүх төрлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн олон улсын стандарт хангасан мэс заслын нэгдүгээр зэрэглэлийн тасгийнхаа нээлтийг өнгөрсөн пүрэв гарагт хийсэн. Энэ нь хүүхдэд элэг шилжүүлэн суулгах болон бусад өндөр технологи шаардсан нарийн мэс заслуудыг эхлүүлэх бэлтгэл ажил юм.

Шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад УИХ, Засгийн газраас 7 сая еврогийн санхүүжилтийг шийдэж өгсөн бөгөөд тоног төхөөрөмжүүд энэ сараас эхлэн Герман улсаар онгоцоор тээвэрлэгдэн, энэ ондоо багтаж ирэх юм байна.

Тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн клиникийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах шаардлагатай нэг, гурав, тав, зургаа, долоо, ес, арван сартайгаас эхлээд 13 хүртэлх насны 78 хүүхэд байгаагийн дөрөв нь Монголд, нэг нь БНСУ-д мэс заслыг хийлгэсэн. Харин 73 нь санхүүгийн боломжгүй, цөөн хүүхэд донор олдохгүй шалтгаанаар хүлээж байгаа аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад айлчилна 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин  нар албан ёсны хэлэлцээ хийв.

Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв.

2020 онд Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа. Мөн 35 сая. ам.доллар байгаа худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх боломжтойг тэмдэглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хот, Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурав. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхлаа

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-13 07:20:12
    айлчлана биш айлчлав гэж бич ечигдер енеедрее ялгадаг байж юм бичиж бай пгоо эргуу мал минь