Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болов
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар тус тус танилцуулав.  

    Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Гадаад харилцааны сайд  дурдаад АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэлээ. Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзжээ.

    АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам ажилладаг бөгөөд тус улс  Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн байна. Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгдсэн байна. 

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

    Тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан гадаад улсад томилогдох албан хаагчдыг ямар шалгуураар томилж байгаа, хэрхэн хариуцлагажуулсан, томилогдсон албан хаагч алдаа, дутагдал гаргавал томилсон албан тушаалтан ямар хариуцлага хүлээх талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд дипломат албаны томилогооны асуудлыг анхаарах цаг болсон, дипломат албан тушаалд тавих шалгуурыг чангатгах нь зүйтэй, гадаад талдаа манай улсын нэр хүнд унаж байгааг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан дипломат албанд нүүрлээд байгаа энэ асуудалд хатуу хандаж, хариуцлагажуулах цаг болсон талаар тус тус үг хэлсэн. Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тус улстай хийсэн худалдааны эргэлт бага байхад Элчин сайдын яам нээн ажиллуулах шалтгаан, ач холбогдлыг тодруулахын зэрэгцээ Кувейт улсад байгаа Элчин сайдын яамаа хааж, АНЭУ-д байгуулах боломж байгаа эсэхийг лавласан. 

    Арабын Нэгдсэн Эмират Улсад Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах хэд хэдэн нөхцөл шалтгаантай. Тус улс Монгол Улсад 2016 онд Элчин сайдын яамаа нээсэн тул харилцан адил байх зарчмаар Элчин сайдын яам байгуулах шаардлагатай. Монгол Улсад 20 гаруйхан орны Элчин сайдын яам байдаг тул энэ хүрээгээ тэлэх нь гадаад бодлогын асуудал.  Арабын Нэгдсэн Эмират Улс Монголд багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн эх үүсвэрийг тус улсын хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлсэн бөгөөд өнөөдөр олон сум цахилгаанаар хангагдаад байна. Тус улс Монголд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл их үзүүлдэг төдийгүй энэ хүрээнд олон сургууль, цэцэрлэг баригдаж байна. Нөгөөтэйгүүр, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Дубай хот нь дэлхийн санхүү, ялангуяа үл хөдлөх хөрөнгө, технологийн шинэчлэлийн том төв болж хувирсан. Дубай хотод маш их экспо зохиогддог. Арван нэгдүгээр сард болох экспод манай улсад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр санхүү, үл хөдлөх хөрөнгийн том төвийн “үүдэнд” Элчин сайдын яамаа нээн ажиллуулснаар тэндхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, ажиллах шаардлагатай байна гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа дурдав. Хоёр орны худалдааны эргэлт өндөр биш байгаа ч цаашдаа үүнийгээ өсөн нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа. 

    Кувейт улс Монгол Улстай 1990 оноос хойш найрсаг харилцаж, маш их буцалтгүй тусламж үзүүлж, хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд Хөвсгөлийн Мөрөн-Уньтын авто замыг тус улсын санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулснаар дотооддын жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа тул бид хариу найрсаг хандах нь зөв гэж бодож байна салбарын сайд хариулж байлаа.

    Ингээд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,2 хувь нь дэмжив.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-11 08:30:11
    Монгол төр ажлын байр нэмж байгаа нь элчин хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэдэгсэн ОУВ сангаас зээл аваад л элчин үхэж байсан новшнууд
  • Zochin 2019-10-11 08:01:43
    Odoo yamar dafga ni ene ulsad shahaa hiij hunee tzbih bol???????
  • hulgaich luibarchid aa!! 2019-10-11 07:57:04
    yamar hereg bnaa!!!!heden sybyygaan egseer dyysah ni dee!!ene sybyy bol delhii deer hobor amitadiin toond ordog yum syy!!!luibarchid aa:!!!