“Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо, эмчилгээ” нарийн мэргэжлийн ахисан түвшний сургалт
Мед Импекс Интернэшнл компани Олимпус корпораци болон ANBIIG (Asian Novel Bio-Imaging and Intervention Group)–ийн дэмжлэгтэйгээр Монголын Интервэйшнл Эндоскопийн нийгэмлэг, Интермед эмнэлэгтэй хамтран 2019 оны 10 сарын 11,12-нд 5 дах удаагийн уян дурангийн эмч, паталогийн эмч нарт зориулсан “Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт нарийн мэргэжлийн ахисан түвшний сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын хөтөлбөрт улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний дурангийн оношлогоонд NBI технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах, хэт авиан дуран (EUS)-р оношлогоо хийх аргачлал болон булчингийн агчилтыг сулруулах уян дурангийн ажилбар (POEM - Per-Oral Endoscopic Myotomy), бүдүүн гэдсийг оношлогоонд бэлтгэх аргачлал, дурангийн гистологийн шинжилгээний чанарыг сайжруулах, цус тогтоох аргачлалыг бодит байдлаар үзүүлэх, гардан хийх ур чадвар олгох сургалтууд багтаж байгаа юм.


Сургалтыг
  • Японы Гастроэнтерологийн холбооны тэргүүн, профессор Hisao Tajiri,
  • Азийн Гастроэнтерологийн Институтын зөвлөх эмч Dr. Mohan Ramchandani
  • Японы Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын Хавдар судлалын тасгийн орлогч захирал Dr. Noriya Uedo,
  • Японы Жунтендо их сургуулийн захирал, профессор Takashi Yao болон
  • Монголын Гастроэнтерологийн холбооны тэргүүн Д. Даваадорж,
  • Монголын Интервэйшнл Эндоскопийн Нийгэмлэгийн тэргүүн А. Баттулга нар тус тус удирдан явуулах болно.
Мэргэжлийн эмч нарт онолын мэдлэгийг гардан үйлдлийн ур чадвартай хамтран олгох ахисан түвшний сургалт бөгөөд EUS, POEM зэрэг улаан хоолой, ходоод, гэдсийг оношлох, эмчлэг шинэ сэдвүүдийг багтааж буйгаараа онцлог сургалт болж байна.

Товч хөтөлбөр:

2019.10.11-нд
09:00-17:00 Цаг
Blue Sky зочид буудалд нийслэл, дүүрэг, орон нутгийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 200 эмчийг хамарсан лекц сургалт, Япон, Монгол эмч нар дурангийн ажилбарыг Интермед эмнэлгээс шууд дамжуулан заана.

2019.10.12-нд
09:00-17:00 Цаг
Интермед эмнэлэг дээр хоёрдугаар шатлалын болон орон нутгийн эмч нарыг хамарсан гардан сургалтыг гахайн ходоод дээр хийнэ.
Бусдад түгээх
  • gplus