З.Бадамхатан: Палеонтологийн салбарт төсөв, боловсон хүчнийг нэмэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатаныг урилаа.

Хүмүүс манай салбарыг мөнгө олдоггүй, яс цуглуулдаг гэдэг

-Би үлэг гүрвэл судалдаг. Үлэг гүрвэлийн ясны бүтэц, тэдний өсөлтийн судалгааг хийдэг. Энэ чиглэлээр 2016 онд докторын зэрэг хамгаалсан. Миний бодлоор инновацийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй.

Шинжлэх ухаан хөгжиж байж түүнийг цааш нь ашиглах техник технологи хөгжих ёстой. Түүн дээр суурилаад инноваци буюу олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Инноваци гэж ярихаас өмнө шинжлэх ухаанаа ярих нь зөв гэж боддог. Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухаан гээд шинжлэх ухаан маань гуравдугаарт бичигдсэн байна. Уг нь шинжлэх ухаанаар эхлэх ёстой байсан. Манай салбарыг хүмүүс гайхдаг. Мөнгө олдоггүй, олсон амьтдын ясаа яадаг юм бэ. Ингээд цуглуулаад байдаг юм уу гэдэг. Гэтэл манайх чинь мэдлэг, мэдээлэл, танин мэдэхүй үйлдвэрлэдэг салбар. Нэг мэргэн хүний хэлсэн “Түүхээ  мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэгтэй ижил. Хүн цааш хөгжихийн тулд  бид юу байсан, биологийн биет гэдэг утгаараа бид сээр нуруутан амьтан. Өөрийнхөө салбар дээр нарийвчлаад ярихад ийм байна. Эртний сээр нуруутнууд ямар байсан юм гэдгийг харж байж өнөөдөр бид яагаад ийм болчихоод байгаа юм бэ гэдгээ ойлгох ёстой юм. Энэ утгаараа эртний амьтдын талаарх нарийн мэдээллүүдийг цуглуулах нь чухал. Сээр нуруутны палеонтологи гэсэн энэ салбар маань өсч хөгжөөд явж байгаа. Үүн дээр нэмэх нь олон сая жилийн өмнө буюу 70, 100 сая орчим жилийн өмнө манай дэлхий дээр юу болсон нь их сонин. Яагаад өнөөдөр уул үүссэн, яагаад говийн их элсэн цаваас үлэг гүрвэл, шувуу гардаг юм бэ. Үлэг гүрвэл нь өдтэй байж, энэ нь махчин байж гэдэг нь нөгөө талаараа их сонирхолтой.

Монгол Улсын хувьд их онцлогтой. Дэлхийд үлэг гүрвэлийн олдоц, олдвор, нөөц баялгийн хувьд эхний тавд багтдаг. Гадны судлаачид Хойд Америкаас үлэг гүрвэл олдсон ч яагаад Монголыг илүү сонирхоод байна вэ гэвэл манайх олон онцлогтой. Тухайлбал, Монгол буюу Төв Азид амьдарч байсан амьтад нь бусад тивийнхээс өөр байдаг. Яагаад гэвэл индемик буюу тухайн жижигхэн газраа амьдардаг байсан. Тэндээ зохицоод хөгжсөн, өөр амьтад байдаг. Монголоос олдсон амьтад өөр тивээс олддоггүй. Үүнийг судлаж байж бусад амьтны хөгжлийг гаргаж авдаг учраас манай орноос олддог амьтад нь нэлээд том түлхүүр олдвор болдгоороо онцгой. Ер нь палеонтологи маань сээр нуруутан, сээр нуруугүй амьтад, палеоботаник буюу эртний мод, цэцэг, ургамлын үр, тоосонцрын судалгаа хийдэг. Сээр нуруугүй амьтад гэвэл дун, хясаанаас эхлээд эртний мөр хөлтөн, хөвд биетэн байна. Эдгээр нь үлэг гүрвэлээс өмнө 300-400 сая жилийн өмнө далайн ёроолд амьдарч байсан. Хүмүүс Өмнөговьд далай байсан юм уу гэдэг, байсан. Түүнээс хойш далайн ус татарч, газар өргөгдсөн. Түүний нөлөөгөөр хуурай газар үүсэхэд далайн ёроол дээш гарч ирснээр үлэг гүрвэл, эртний шувуу, матар хэлбэртэн болон хөхтөн амьтан амьдарч эхэлсэн. Эртний хөхтөн амьтны шүд их олддог. Бүр залуужуулаад ярьвал арслан заан байна. Арслан зааны соёог та бүхэн үзмэрээс харсан байх. Савагт хирс гэх мэт. Тэгэхээр сээр нуруутны палеонтологийн нөөц баялгаар Монгол Улс онцгой улс. Үүгээрээ ч дэлхийд их танигдсан. Баялаг гэдгээрээ номер нэг. Хоёрдугаарт, дэлхийд цорын ганц олдсон хэд хэдэн том олдвор бий. Тухайлбал, ноцолдож буй хоёр үлэг гүрвэл. Нэг нь өвсөн тэжээлтэн, нөгөөх нь махан идэштэй. Нэг нь нөгөөгийнхөө хөлийг зуучихсан, нөгөөх нь гэдэс рүү нь жийсэн байдалтай олдсон. Яг тэр байгаа байдлаараа олдсон олдвор дэлхийн хаана ч байдаггүй. Энэ олдвор Монгол Улсын нэрийн хуудас болдог.

Блиц: Боловсрол: -2000-2003 он ШУТИС-ийг Уул уурхайн инженер -2003-2005 он ШУТИС-ийг Геологи, палеонтологич -2007-2016 он АНУ-ын Монтана мужийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан Мэргэжил: -Палеонтологич Ажлын туршлага: -2004-2006 он ”Рио Тинто Монголиа” компанид геологич -2014-2016 он ШУА-ийн Геологи, палеонтологийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан w2016 оноос өнөөдрийг хүртэл ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгчээр ажиллаж байна.

Бид дэлхийгээс мэдлэг чадварын хувьд хоцроогүй

-ШУА-ийн бүрэлдэхүүн хэсэг буюу Палеонтологийн хүрээлэн улсын байгууллага. Үлэг гүрвэлийн чиглэлээр судалгаа хийдэг цорын ганц эрдэм шинжилгээний газар. Үүнтэй холбоотой эрдэм шинжилгээний материал, олдворуудаа эндээ өөрсдийн цуглуулгадаа хадгалдаг. Олдвор их олддог ч агуулах байр савны асуудал хүндрэлтэй. Тиймээс  шинжлэх ухааныг дэмжихийн тулд энэ их мэдээлэл агуулсан, ховор, эмзэг материалуудыг хадгалах том байр хэрэгтэй байна. Энэ талаар холбогдох байгууллагууд ажилладаг юм билээ. Байшин барилга барих төсөл хийж байгаа, юу болохыг нь харж л байя. Би Монголын палеонтологичдыг чадваргүй гэж хэлэхгүй. Бид дэлхийтэй ижилхэн судалгаа хийдэг. Дэлхийд юу хийж байна бид тэр бүгдийг хийж чадна, мэднэ. Шинжлэх ухааны байгууллага бүр ийм лаборатори, ийм техник дутаад, уг нь байсан бол гоё болох гээд байдаг гэж ярьдаг. Гэхдээ бид өөрсдийн боломжоор лабораторио байгуулаад ажиллаж байна. Бид дэлхийгээс мэдлэг, чадварын хувьд хоцроогүй. Харин дахин хөгж гээд түлхээд өгвөл юм хийх боломж бий. Бас нэг дутагдалтай тал нь гэвэл Монголд цөөхөн палеонтологич байна. Энэ их нөөц, баялаг боломж дээр цөөхүүлээ байдаг. Үүнд хувь хүний хувьд харамсдаг. Аль болох олуулаа болох хэрэгтэй. Олуулаа байж хүчтэй, хөгжих хэрэгтэй болоод байна. Одоо Монголын палеонтологич боломжийн түвшинд байгаа ч үүнийг хэд дахин илүү нугалсан дээшээ өндөрлөг рүү тэмүүлэх боломжтой гэж боддог. Олон хүн нарийн мэргэжлээр мэргэшиж, боловсрох хэрэгтэй. Манайд палеонтологийн чиглэлээр боловсрол олгодог байгууллага байдаггүй. Саяхан “Улаанбаатар” их сургуультай хамтраад өнгөрсөн жил палеонтологийн нэг элсэлтийг нээсэн. Эндээс хэд нь палеонтологич болохыг мэдэхгүй байна. Ихэнх нь цалин хэд билээ гэж асуудаг. Мэдээж улсын байгууллага учраас 500-700 мянга гэхээр яваад өгдөг. Гэхдээ энэ мэргэжлээр карьер хийгээд явбал их боломж бий, оюунлаг амьдрах, насны карьер хийх боломж байдаг. Үүнийг зөвхөн өнөөдрөөр харж байгаа нь харамсалтай байдаг. Цаашаа хөгжих юм бол өөрөө хөгжинө, өөрөө хөгжвөл тэр хүн нэг их газардахгүй. Хүн оюунаараа олсон хөдөлмөр хамгийн үнэтэй. Судлаач хүн шинжлэх ухааны төлөө золиос гаргадаг. Бидэнд цаг, нар гэж байдаггүй.

Засгийн газраас судлаачдыг мартаагүйд баярлаж байна

-Засгийн газраас шинжлэх ухаан, судлаачдыг мартсан байна гэж ярьж байгаа нь баярлууштай зүйл юм. Ер нь төсөв гээд орж ирдэг. Бид улсаас цалинждаг. Гэхдээ өнөөдөр өгч байгаа тэр төсвөөр долоо хоногийн хайгуул хийхэд тун хүндрэлтэй. Шатахуун, тосныхоо гуравны хоёрт нь арай гэж хүрдэг. Судлаачид хоол идэж, байрлах хэрэгтэй болоход яах вэ. Үлдсэн мөнгө нь хүрдэггүй. Социализмын үед манай ахмадууд тавдугаар сард гараад арваннэгдүгээр сард гэртээ ирдэг байсан. Одоо техник технологи хөгжсөн, машин тэрэг, зам нь сайхан болсон байна. Хээрийн ажил одоо хамгийн богинодоо 10 хоног, хамгийн их нь нэг сар гаран явна. Манайхан дангаараа хайгуулд гарна. Хамтарсан хайгуул их бий. Тухайлбал, БНСУ-ын Үндэсний их сургууль, Японы Окияама, Хокайдогийн  их сургууль, АНУ-ын Байгалийн түүхийн музейн хайгуулынхантай 1990 оноос эхлээд өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Миний бие тэнд Монгол талын ахлагчийг нь хийдэг. Гадаадынхантай хамтрахад хөрөнгө мөнгөний асуудал цаанаасаа шийдэгддэг. Түүнээс төрөөс өгсөн мөнгөөр бүсээ чангалахаас өөр аргагүй болдог. Гэхдээ бид болгоод л явж байна.

Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар хурал болсон нь их чухал. Ер нь цаашид ингэж болж байх ёстой. Бид юу хийгээд өнгөрчихөв гэдгээ дүгнээд харчих хэрэгтэй. Одоо юу болоод байна вэ гэдэгтээ бас дахин нэг дүгнэлт хийгээд цааш яах вэ гэдгээ заавал ярих ёстой. Нэгдсэн чуулганаар хэтийн төлөв, чиг, жанжин шугамаа тодорхойлоод санаа нэгтэйгээр цаашаа алхах хэрэгтэй. Өнөөдөр хамгийн түрүүнд олдвороо яах вэ. Манайхан олдвор оллоо гэхээр шууд үзмэрт тавина гэж буруу ойлгодог. Нэг олдвор оллоо гэхэд эхлээд судална. Хамгийн гол нь энэ судалгаа хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Нэг ширхэг ясны хэлтэрхийг төгс судална гэж байдаггүй учраас судалгаа хэзээ ч дуусч магадгүй. Гэхдээ тодорхой хэмжээний ерөнхий судалгаа хийсний дараа үзмэрт тавьж болно гэдэг. Тухайлбал, нэг чөмөг оллоо гэхэд нэг нь хэлбэрийг нь судлаад нэг эрдэм шинжилгээний бүтээл гарчихна. Дараа би гэхэд дотоод бүтцийг нь микроскопны түвшинд судлахад дахин нэг бүтээл гарна. Үүний дараа гадаад, дотоод бүтцийг нийлүүлэхэд бас нэг бүтээл гардаг. Тийм болохоор олсон олдвор болгон музейн үзмэр биш. Шууд очих албагүй, заавал судлагдах ёстой, судалсны дараа олон нийтэд үзүүлэхэд асуудалгүй.

Эртний амьтад, ургамлын үлдвэрүүд БҮГД соёлын өв

-Дахин хэлэхэд Монгол Улс баян. Үлэг гүрвэл болон эртний амьтдын олдвор, үлдвэр ихтэй. Гэвч харамсалтай нь хүмүүс түүнийг зарж борлуулаад ашиг олж байна. Үүнийг Соёлын өвийн хуулиар зохицуулдаг. Үлэг гүрвэл, эртний амьтад, ургамлын үлдвэрүүд соёлын өвд багтдаг. Соёлын өв нь миний ч улсын ч өмч биш. Миний, таны болон гудмаар явж байгаа Монгол Улсын иргэн гэсэн иргэний үнэмлэхтэй бүх хүний өмч. Тиймээс тэр олдворыг дураараа авч, борлуулж болохгүй. Соёлын өв нь дахин давтагдашгүй, ард түмний өмч юм. Тиймээс зарж үрэх, хүнд бэлэглэх нь хуулиар хориотой. Үүнийг зарим хүн ойлгохгүй хууль бусаар ухалт хийж цавуугаар наагаад зарах гэж оролддог. Манай системийн гажуудлаас болж зарим үлэг гүрвэлийн олдвор гадагшаа гарсан гэдгийг сонсоод харамсч, эмзэглэж байсан ч буцаад эх орондоо ирсэнд нь баярладаг.

Үлэг гүрвэлийн олдвор илэрлээ гэхэд түүнийг ухаж авахаасаа өмнө маш их мэдээлэл авдаг. Тухайлбал, толгой нь хаашаа харсан, хэдэн шүд цухуйсан, ар сарвуу нь яаж тахийсан байна, хойд зүг рүү хэдэн хэмээр, ямар налуутай газрын гүн рүү шургасан байна вэ гэсэн мэдээллийг авсны дараа малтлаг хийдэг. Өөрөөр хэлбэл, олдворуудыг авахын өмнө гар хүрвэл шинжлэх ухааны ач холбогдлоо алддаг. Бид чинь мэдлэг үйлдвэрлэх ёстой хүмүүс тэндээс ямар ч мэдээлэл авч чадахгүй болж байгаа юм. Ганц авч чадах зүйл нь гадна талын хэлбэрийг нь хараад, музейн үзмэрт тавих болдог. Зарим хүн хууль бусаар малтаж авсных нь дараа жинхэнэ байгалийнх нь төрхийг алдагдуулж сонин болгочихдог. Тиймээс иргэддээ хандаж уриалахад хэрэв иймэрхүү эртний амьтан, ургамлын үлдвэр олбол зургийг нь авч, байрлалыг нь тэмдэглээд бидэнд мэдэгд. Бид очиж шинжлэх ухааны бүх мэдээллийг нь авсны дараа түүнийг маш болгоомжтойгоор мэргэжлийн хүмүүсээр малталт хийж авна. Нэг төвөгтэй асуудал үүсдэг. Хүмүүс олдвор олдог ч хэдэн төгрөг өгөх вэ гэж асуудаг. Ингээд 100 мянган төгрөг өгчихөөр нөгөө хүмүүс маань дахин олоод мөнгө авах гээд байдаг. Хэрэв мөнгө өгөхгүй гэхээр устгахаас гадна хэлэхээ больчихдог. Магадгүй ноцолдож буй динозавр шиг цорын ганц олдвор байхыг хэн ч мэдэхгүй. Шинэ олдвор олсон хүнийг шагнаж, урамшуулна гэсэн нь хоёр талтай хэцүү байдаг. Нийгэм ядуу болохоор бүх юмыг мөнгөөр харах юм. Жаахан цаашаагаа харчихвал бид хэд байхгүй юм гэхэд үр хүүхдүүдэд маань агуу мэдлэг үлдэнэ шүү дээ. Монголын үлэг гүрвэлийн үлдвэрүүдийн нэг онцлог нь гурван хэмжээст байдлаар олддог. Энэ нь маш чухал. Учир нь тухайн үеийн амьтан явахдаа ингэж явдаг, хэвтэхдээ ямар байсныг илэрхийлэх том кадр юм. Зөвхөн яс гэхээс илүү тухайн амьтны юу болж байсныг яг үйлдлээр нь гэрэл зургийн сурвалжлага шиг харуулдаг. Үүгээрээ Монголын үлэг гүрвэлийн олдворууд дэлхийд алдартай.
 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
Р.Оюун
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine