Кремль: ОХУ, Бээжин онцгой харилцаа тогтоосныг онцлов

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Бээжин, Москвагийн хооронд онцгой харилцаа тогтсон талаар мэдээлсэн байна. Тэрээр “Одоогоор зөвхөн АНУ, ОХУ эзэмшдэг энэ системийг БНХАУ яг хэзээ ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа хугацааг тодруулж хэлэхээс татгалзсан” гэжээ. Харин Владимир Путин өнгөрсөн пүрэв гаригт Сочид болсон Валдайн чуулганы үеэр “ОХУ БНХАУ-ыг пуужингийн дайралтаас урьдчилан хамгаалах системийг бий болгоход тусалж байна. Энэ нь их чухал. Зөвхөн ОХУ, АНУ-ын эзэмшдэг энэ системийг БНХАУ эзэмшснээр Хятадын батлан хамгаалах чадвар сайжирна. Мөн ОХУ БНХАУ-тай цаашид хамтран ажиллана. Гэхдээ зөвхөн батлан хамгаалахын салбарт бус сансар судлалын салбарт хамтрана” гэж онцолжээ. Хэдийгээр БНХАУ-тай пуужингийн дайралтаас урьдчилан хамгаалах системийн технологийг хуваалцах шийдвэр гаргасан нь тодорхой байгаа ч энэ нь үндсэндээ Вашингтоны эсрэг чиглэсэн алхам юм. Владимир Путин “Москва, Бээжин хамтран хэний ч эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахгүй. Үргэлж талуудын харилцан ашиг сонирхлыг баримтлан ажиллана гэж мэдэгджээ.

Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа

БНХАУ, ОХУ батлан хмгаалахын салбарт хамтарсан бэлтгэл сургуулилт хийх зэргээр олон жил хамтран ажиллаж байна. Гэхдээ хүйтэн дайны үеэр 1970 онд ЗХУ-ын бүтээсэн баллистик пуужингийн дайралтаас урьдчилан сэргийлэх системтэй болоход тусалж байгаа нь батлан хамгаалахын салбарт өмнө нь гарч байгаагүй зүйл аж. Харин ОХУ-ын мэргэжилтнүүдийн байгууллага Москва, Бээжинтэй батлан хамгаалахын салбарын энэ нууц чухал зэвсгийн технологи, нууцыг хуваалцах ёстой юу гэдэгт санал хуваагдаад байгаа юм байна. Тодруулбал, энэ нь мэргэжилтнүүдийн ихэнх нь хоёр орны харилцаа сайжирч байгаа нөхцөлд дэлхийн геостратегийг тэнцвэржүүлэхэд Москвагийн зүгээс оруулж байгаа эерэг хувь нэмэр болох болно гэж үзжээ. Энэ талаар ОХУ-ын Геополитикийн асуудлын академийн ерөнхийлөгч Константин Сиков “ОХУ тусалснаар АНУ БНХАУ-д цөмийн зэвсгийн гэнэтийн халдлага хийх боломжгүй болж байна” гэж бодож байгаагаа “Взгляд” сонинд ярьсан байна. Гэхдээ хөрш орноо хамгаалах нь ОХУ-д ямар ч ашиггүй гэж тооцоолж байгаа аж. Түүний үзэж нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Учир нь БНХАУ одоохондоо пуужингийн дайралтаас хамгаалах асуудал ОХУ-аас хамаарч байна. Тиймээс Москватай найрсаг харилцаатай байгаа дүр үзүүлж байна. Харин энэ бүх систем болон бусад төстэй технологийг эзэмшсэнийхээ дараа бидний туслалцаа тэдэнд хэрэггүй болно гэж ярьжээ.

Тэд 30 гаруй удаа уулзжээ
 

Владимир Путин, Ши Жинпин нар өнгөрсөн болон энэ жил харилцан айлчлал, олон улсын арга хэмжээний үеэр 30 гаруй удаа уулзжээ. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Ши Жинпин Москвад хийсэн айлчлалынхаа үеэр “Владимир Путиныг түүний сайн найз” гэж тодорхойлж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт Тянь Ань Мэнийн талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоор тив хооронд харвах зориулалттай DF-41 шинэ баллистик пуужингаа танилцуулсан байна. Энэ нь 12000-14000 км газрын туулах хүчин чадалтай ажээ.
 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.