Багануур, Багахангай дүүргийн хөгжлийн гарц бол дагуул хот болох
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц. Сандаг-Очиртой ярилцлаа.
 
-Таны хувьд нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай дүүргээс НИТХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд ямар томоохон ажлууд амжуулав?
 
-Нийслэлийн ИТХ-д сонгогдоод хоёр жил өнгөрч байна. Энэ нь үндсэндээ сонгуульт хугацаа талдаа орсон гэсэн үг. Миний сонгогдсон Багануур, Багахангай дүүрэг нь алслагдсан дүүрэг хэдий ч хоёр дүүргийн иргэдийг төлөөлж суугаа төлөөлөгч гэдгээрээ миний хувьд онцлогтой. Манай дүүргийн иргэд мал аж ахуй эрхэлдэг. Цаашдаа хот төлөвлөлтийн хувьд дагуул хот болон хөгжих боломжтой. Дээрхи хоёр дүүрэг бол үе үеийн Засаг дарга нарын анхаарлын төвд байсан. Учир нь Багануурт аж үйлдвэрийн парк, оюутны хотхон байгуулна хэмээн ярьсаар урт хугацаа өнгөрсөн ч дорвитой ажил хийгдэхгүй байсаар байна. Энэ нь их олон шалтгаантай хэд хэдэн асуудал байна.
 
Тухайлбал, УИХ- ын хувьд хуульд өөрчлөлт оруулж байж бие даасан хот байх уу, дагуул хот байх юмуу гэдэг асуудал гарч байгаа юм. Багануур ч бай Багахангай ч бай ер нь цаашдаа бие даасан хот байх гэдэг асуудлыг их өргөнөөр тавьж, ярьж ирсэн. Гэхдээ тухайн асуудал нь цаанаа хуультай холбоотой учраас ЗГ-ын хэмжээнд яригдах ёстой. Багануур дүүргийн хувьд жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн дагуул хот болгох, үйлдвэрлэл технологийн паркын асуудал яригдаж байгаа. Цаашлаад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах асуудлыг ЗГ-аар шийдүүлсэн. Гэсэн ч гарсан шийдвэр тодорхой ажил болоод бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа зүйл харагдахгүй байна. Бүүр больчихсон юмуу гэхээр үгүй юм шиг хаанаа ажил зогсчихоод байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ нь манайхны өмнөх Засгийн газар, удирдлагаа үгүйсгэдэггэй л шууд холбоотой гэж бодож байгаа.
 
-Алслагдсан дүүргийн иргэдийн маань өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна. Иргэдтэйгээ хэр уялдаа холбоотой ажиллаж байгаа вэ?
 
-Манай хоёр дүүргийн хувьд ерөөсөө л ажлын байрны асуудал байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэсэн юм санхүүгийн дэмжлэг яаж олох уу гэх мэтийн асуудал ярьж орж ирдэг. Ингэж ирж байгаа иргэдийн зарим нь аргаа олохгүйгээс болоод гарц хайж ханддаг бол зарим нь шууд дэмжлэг хүсэх нь бий. Тэгэхдээ нийслэл болон дүүргүүд маань нэг үеэ бодвол мөнгөтэй болсон байна. Тодруулбал, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө, зээлийн батлан даалтын сан гээд харьцангуй эх үүсвэртэй болсон учраас хандаж байгаа иргэдэд тийм, ийм боломж байна гэж хэлээд гаргадаг.
 
Ер нь ихэнх нь ажлын байр болон зээлийн асуудлаар ханддаг даа. Иргэдийн өмнө тулгардаг бас нэг хүндрэлтэй асуудал нь барьцаа хөрөнгийн асуудал юм. Харин өнгөрсөн жил ИТХ-ээр батлагдсан бичил зээлийн сан нь барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээлд хамрагдах боломжтой болсон нь иргэдэд нэлээд ач холбогдол өгөх ажил болсон.
 
-Хороо бүрт хэрэгжих бичил зээлийн сангийн мөнгө иргэдэд хүрч байна уу. Ажил ямархуу шатандаа явагдаж байна?
 
-Манай хоёр дүүргийн хувьд Иргэдийн нийтийн хурал хийгээд хадгаламж зээлийн хоршоогоо байгуулсан. Ингээд бичиг баримтаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд явж байна. Дээрхи байгууллагаас гэрчилгээ болон эрхээ авчихвал цаашаа ажил хийгдээд, иргэдийн гар дээр мөнгө очих юм. Төсөл анх батлагдах үеэр манай намын бүлгээс тооцоолж байсанчлан есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр иргэдийн гар дээр мөнгө очих тооцоолол бий. Энэ бол иргэдэд шууд үр дүнгээ өгөх шийдвэр, бодлого болсон. Учир нь үл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр иргэдэд хүссэн санхүүгийн дэмжлэг хүрч байгаа нь сайшаалтай.

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэлээд эрчимтэй явагдаж байна. Харин Багахангай, Багануур дүүрэгт энэ ажил ямархуу явагдаж байна?
 
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил Багануур дүүргийн I, V хороонд эхлэхээр байршил батлагдсан. Өнөөдрийн байдлаар төвийн дүүргүүдэд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажлууд боломжийн хийгдэж байна гэсэн дүн мэдээлэлтэй байна. Учир нь дэд бүтэц нь ойрхон учраас ажил эхлүүлэхэд хүндрэл бага байгаа болов уу. Харин алслагдсан дүүргийн хувьд бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн, газар чөлөөлсөн юм одоогоор байхгүй байна. Иргэд нэг үеэ бодвол газрын үнэ цэнийг мэдэрдэг болсон байна.
 
-Нийслэлд сургууль, цэцэрлэгийн асуудал тулгамдсан асуудал байдаг. Алслагдсан хоёр дүүрэгт дээрх асуудал ямар түвшинд байна?
 
-Манай хоёр дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал харьцангуй гайгүй. Өнгөрсөн жил 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтанд орсон. Цэцэрлэгийн хувьд ирэх аравдугаар сарын 1-нд 100 хүүхдийн ортой Канад технологиор баригдсан цэцэрлэг ашиглалтанд орох гэж байна. Мөн шинэ оноос өмнө дахиад 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орохоор болж, барилга баригдаад дуусч байгаа.
 
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар ажил хийв?
 
-2013 болон энэ жилийн эхний хагас жилийн хувьд улс төр тогтворгүй, маргаантай байсан учраас дүүрэг жил зургаан сарын хугацаанд төсвөө батлаагүй байсан. Тодруулбал, 2002 оны сонгуультай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байсан юм. Төсвөө батлаагүй урт хугацаа өнгөрсөн гэхээр улс, нийслэлээс ирэх хөрөнгө оруулалтын ажил хяналтгүй, удаашралтай явагдаж байсан. Ингээд өнгөрсөн зургаадугаар сард төсөв батлагдаад орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил тодорхой болсон. Цаг хугацааны хувьд удаашралтай явагдаж байгаа ч ажлууд тодорхой хэмжээгээр хийгдэж эхлээд байгаа.
 
-Иргэд УИХ-ын парламент гэхээсээ илүү нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааг илүү ихээр сонирхох болжээ. Ер нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид олон дүрэм, журам баталсан ч зарим нь амьдралд нийцэхгүй байгаа тохиолдол байгаад байна. Магадгүй судалгаа муу хийгдээд байгаа юм болов уу?
 
-Би энэ асуудалтай санал нэг байдаг. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч бол улстөрийн шалгуураар сонгогдож ирсэн хүмүүс. Амьдрал бол баян. Нийслэлийн ИТХ нь хүнтэй холбоотой, тэднийг тойрсон бүхий л асуудалтай уялдуулж бодлого, шийдвэр гаргадаг байгууллага юм. Хурлын төлөөлөгч гэдэг бол бүх зүйлийг мэддэг хүмүүс биш шүү дээ. Хүн л юм чинь алдаа дутагдал гаргана, Жишээлбэл өнөөдөр/ өчигдөр/-ийн хэлэлцэж байгаа Ундны усны асуудал байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудлын талаар мэдлэгтэй, мэргэшсэн хүн хэд байгаа билээ үүнийг бодох хэрэгтэй. Ер нь бол цаашдаа энэ мэт нарийн асуудлууд дээр НИТХ нь мэргэжлийн хүмүүсийг байлгадаг, тэдний санал хүсэлтийг сонсдог, хэлэлцүүлэг явуулдаг байх хэрэгтэй.
 
Нэг үгээр бол Шинжпэх ухаан тал руу нь оруулах ёстой юм болов уу гэж харж байгаа. Тэгэхдээ манай нийслэлийн ИТХ-ын ажил ард түмэнд тодорхой хэмжээгээр танигддаг болсон. Аливаа шийдвэр гаргахдаа урьдчилж шийдвэр гаргадаг, санхүүгийн тооцоо судалгааг нь сайн хийж байж НИТХ шийдвэрээ гаргадаг байх тал дээрээ илүү сайн ажиллах шаардлагатай гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар бол ямар нэгэн асуудал гарлаа гэхэд ажлын хэсэг байгуулаад л асуудал оруулаад ирдэг. Ингэснээс болоод асуудал их бүрхэг, дутуу орж ирэх тохиолдол байна. Тиймээс гарах үр дүн тодорхой бус байгаад байна.

-Метро баригдах тухай яригдаж байгаа. Нийтийн тээвэр алдагдалтай үед метро барих нь эдийн засаг талаасаа ашигтай байж чадах юм болов уу?
 
-Улаанбаатар дэлхийн хот болохийн тулд түүнд байх шаардлагатай бүх л үйлчилгээ байх л хэрэгтэй. Өнөөдөр нийслэлд метро байх шаардлагатай юу гэвэл зайлшгүй хэрэгтэй л байгаа. Гэсэн ч мөн л эдийн засгийн тооцоо судалгааг нь сайн хийж байж метрог барих хэрэгтэй.
 
-Багануур болон Багахангай дүүргүүдийн хөгжлийн гарцыг юу гэж харж байгаа вэ?
 
-Улаанбаатар хотын дагуул хот болох ёстой. Нийслэл өнөөдөр 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн хот. Гэтэл өнөөдөр дөрөв дахин их хүн амьдарч байна. Иймээс ачааллаа дийлэхгүй байгаа юм. Тэгэхээр дээрх дүүрэгт дагуул хот байгуулах газар нутаг бүх зүйл байна шүү дээ. Хамгийн гол нь хүнийг бизнес, ажлын байртай нь тийшээ явуулах ёстой. Тэр эрхзүйн орчин, эдийн засгийн хөшүүрэг зэргийг бий болгох хэрэгтэй.
 
Эрхзүйн хувьд Багануур дүүрэгт хийгдэхээр яриад байгаа зүйлээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Нэг үеэ бодвол нийслэл дүүрэг санхүүгийн эх үүсвэртэй боллоо шүү дээ. Багануур дүүрэгт оюутны хотхон, аж үйлдвэрийн парк зэргийг яаралтай байгуулж, ажил хэрэг болгосноор хүссэн хүсээгүй хүмүүс тэнд амьдрах болно. Багахангай дүүрэг дээр яг адил.
 
-Алслагдсан хоёр дүүрэгт дагуул хот бий болсноор хэдэн хүн амьдарч яг ямар хот болох бол. Ийм урьдчилсан тооцоо бий юу?
 
-Багануурыг эхний ээлжинд 100 мянган хүн амтай болгох юм. Ингээд цаашаа дэд бүтцийн асуудлыг тооцоолоод шийдээд явах хэрэгтэй.
 
-Төлөөлөгч хүнийхээ хувьд дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргасан байх?
 
-Ирэх жилийн төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын ажил яригддаг цаг болсон байна. Багануур дүүрэгт ирэх жил 850 хүний суудалтай соёлын ордны асуудал болон 90 ортой төрөх эмнэлэг шаардлагатай байгаа. Багахангай дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал, шинээр гэр хорооллын суурьшлын бүс бий болгох, зам, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад анхаарч ажиллана. Эдгээр ажлуудыг ирэх жилийн төсөвт суулгах, иргэдээсээ санал авч эрэмблэх гээд олон ажил төлөвлөсөн байгаа.
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.