Өнгөрсөн жилтэй харьцуулахад түлээний үнэ өсчээ
Хүйтний ам наашилж буй энэ үед нийслэлийн гэр хорооллын иргэд өвлийн бэлтгэлээ базаахаар зэхэж байгаа нь гарцаагүй. Намрын дунд сараас эхлэн гал түлэхгүй бол гэрт суухад даарч эхэлдэг. Тиймээс л иргэд өвөлжилтийн бэлтгэлээ базаахын тулд хуурай мод, сайн нүүрсний эрэлд гардаг. Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл хэдийнээ эхэлжээ. Эдгээр айл өрхийн өвлийн түлшний хэрэгцээг хангах хамгийн ойрын эх үүсвэр буюу олборлолтын уурхай нь Налайх, Багануур. Жил ирэх тусам үнэ нь өсдөг хар алтны ханш энэ жил ч өсөх нь дамжиггүй. Мод, нүүрсний томоохон захуудаас хотын төвдөө хамгийн ойрхон байрладгаар нь “Цайз" зах дээр очлоо. XVI хорооллын автобусны буудлаас авахуулаад л нүүрс ачсан машинууд зам дагуу үргэлжилсээр “Цайз" зах руу хөтлөв. Хүйтний эрч чангарах хараахан болоогүйгээс ч тэр үү, тус зах хөл хөдөлгөөн харьцангуй багатай байлаа. Нүүрс, түлээ зардаг хүмүүс ч цөөхөн байв.
 
Явган хүний зам дагуу шар, ногоон шуудайтай нүүрс, том, жижгээр нь савласан түлээ модыг дээр дээрээс нь давхарлан хураасан байх юм. Түлээ, нүүрсний үнэ сонирхож яваа хүмүүс ч өөр хоорондоо “Цас орж, үнэ нь өсөхөөс өмнө бага ч болтугай авчих юмсан” гэлцэж байлаа. Захын үүднээс аваад байрлуулсан том, жижиг машинууд тэвш дүүрэн ачсан нүүрсэндээ дарагдан шалчийтал суусан харагдана. “Өнгөрсөн жилтэй харьцуулахад түлээний үнэ бага зэрэг өсчээ” гэх хүнтэй ч таарлаа. Энд мод, нүүрсээ хоёр янзаар шуудайлжээ. Ингэснээр иргэдийн хэрэгцээнд тааруулан, тэднийг худалдан авах боломжоор хангаж байгаа юм гэнэ. Том ууттай нь таван мянган төгрөгийн үнэтэй. Энэ шуудай нь бидний мэдэх 50 кг-ын гурилын уутнаас арай бага юм. Харин гадуур зарагддаг жижигхэн ууттай нь 1500 төгрөг гэнэ. Нүүрсээ ч мөн адил хоёр өөр хэмжээтэй шуудайнд хийсэн байна. Том ууттай нь гурван мянган төгрөг, бага нь 1500 төгрөгийн үнэтэй аж.
 
Алаг толгой, Багануурын нүүрс хараахан орж ирээгүй байв

Нүүрсний үнэ нь уурхайгаас шалтгаалан янз бүр байдаг аж. Тус зах дээр өчигдрийн байдлаар ганц Налайхын нүүрс л зарагдаж байлаа. Харин Алаг толгой, Багануурын нүүрс хараахан орж ирээгүй байсан юм. Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олборлолтын зардал нь Налайхаас хоёр дахин бага байдаг учир 200-220 мянган төгрөгийн  ханштай байдаг аж. Харин Налайхын нүүрс 1.5 тонн буюу нэг портер машин нь 270-290 мянгаар үнэлэгдэнэ. Зил- 130 машинаас арай багахан багтаамжтай машинаар нүүрс авахад хүргэж өгөх газраас хамаарч 450-500 мянган төгрөг гэнэ. Өндөрлөгөөгүй буюу үндсэн тэвшээр ачсан 3ил-130 машинтай нүүрс 600 мянгаас дуудагдах бол өндөрлөгөөтэй нь 700 мянга дөхөх аж. Нүүрс ч гэлтгүй модны үнэ ч өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байлаа. Энэ жил модны олдоц муу байгаа болохоор ийн үнэ нь өсчээ.
 
Нэг куб.метр хар мод 220 мянгаас нэг их буухгүй бол 40 кг-ын шуудайд савласан нь 5500-6000 төгрөгийн үнэтэй байна. Харин хүнсний дэлгүүрийн гялгар тор шиг жижигхэн ногоон шуудайтай мод бөөний үнэ нь 1400 төгрөг, ширхэг нь 1500 төгрөгөөс буухгүй ажээ.

Үнэтэй нүүрс нь авч дийлэхгүй зарим айл үртэс түлэх нь элбэг
 
Үнэтэй нүүрсийг нь авч дийлэхгүй зарим айл үртэс түлэх нь  элбэг. Тийм  болохоор үнийг нь сонирхлоо. Нэг портер нь 35-40 мянган төгрөг аж. Тус зах дээр нүүрс жижиглэнгээр зардаг ченжээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Хүмүүс дан портер нүүрс худалдаж авснаас шуудайгаар нь худалдаад авсан нь арай илүү ашигтай байдаг юм. Нэг портер нүүрс 100 гаруй шуудай болдог. Өнгөрсөн амралтын өдөр жаахан хүйтэрсэнтэй холбоотойгоор захын мод сайн зарагдаж байна. Одоо мод ховор байгаа учраас жижиг шуудай модыг 1500 төгрөгөөр зарж байгаа. Мөн Налайхаас нүүрс цөөн тоогоор орж ирж байгаа болохоор нүүрсний үнэ ч цаашид өсөх хандлагатай байна” гэсэн юм. Налайхаас нүүрсний ченжүүд нүүрс худалдаж авахдаа нэг ковшийг нь 60 мянган төгрөгөөр авдаг гэнэ. Тэвш портер нүүрс гурван ковш буюу 180 мянган төгрөгөөр авдаг гэсэн үг. Харин өндөрлөгөөтэй, найман дэгээтэй портерт дөрвөн ковш нүүрс ордог аж. Дээрээс нь татварын мөнгө, шатахууны хөлсөө нэмээд зардаг гэнэ.

40-өөс дээш насныхныг боломжийн орлоготой ажлын  байраар хангаж байсан “Нүүрс" хөтөлбөр үргэлжлээсэй

Өнгөрсөн жилийн жавартай өвлийг өнтэй давахад жаахан ч гэсэн нэмэр болсон “Нүүрс” хөтөлбөр энэ жил дахин хэрэгжээсэй гэсэн иргэд олон байлаа. Дөрвөн вагон буюу 220 орчим тонн нүүрсийг борлуулалтын цэгээс гэр хорооллын айл өрхүүдэд түгээж, үнэ нь өсөөд байсан нүүрсний шагийн амыг татаж иргэдэд ихээхэн дэм болсон. Одоогоос хэдхэн жилийн өмнө Улаанбаатарчууд 8-9 мянган тонн нүүрсийг нэг өвөлдөө хэрэглэж байжээ. Гэтэл энэ жил дулааны улиралд тэр хэмжээний нүүрс хэрэглэсэн нь эрчим хүчний эх үүсвэр болсон энэ бүтээгдэхүүний хэрэглээ ихээхэн өссөн гэдгийг илтгэнэ. Үүнийг дагаад тээвэрлэлтийн болоод бусад зардал өсөх нь мэдээж. 40 кг- аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулж, 40-өөс дээш насныхныг боломжийн орлоготой ажлын байраар хангаж байсан уг хөтөлбөрийг үргэлжилээсэй гэж үзэж байгаа нь илт байсан юм.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.