
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. 1998 оны 10 дугаар сарын 02-нд С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсанаас хойш 21 жил өнгөрчээ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж, ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд нар гэр бүлийнхний хамт хөшөөнд нь цэцэг өргөлөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “1998 оны аравдугаар сарын 2 бол Монголын ард түмний хувьд түүхэн хар өдөр байсан байсан юм. Эх оронч, үндэсний үзэлтэн, үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн ам насыг хэсэг бүлэг этгээдүүд гэрт нь хороосон өдөр аравдугаар сарын 2 байсан. Энэ бол ганцхан С.Зоригийн амь насыг хороосон өдөр биш үндэсний үзэлтэн Д.Төмөр-Очир гуайн амь насыг хороосон өдөр. Монголын хоёр том эх орончдын амь насыг аравдугаар сарын 2-нд зохион байгуулалттайгаар хороосон гэж бид үздэг. Өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөхөөр ШИНЭ намын удирдлагууд ирсэн. Энэ өдөр С.Зориг агсны хэлсэн үгийг Монгол хүн бүр бодож тунгааж байх учиртай юм. ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ БҮХНЭЭС ДЭЭР БАЙХ ЁСТОЙ гэдгийг С.Зориг агсан 20 гаруйхан насандаа хэлж байсныг бид байнга санаж явах ёстой.
С.Зориг агсныг амиа алдсанаас хойш Монголын ардчилал буруу замаар будаа тээж эхэлсэн гэж бид хардаг юм. өнөөдрийг хүртэл Монголын төрд ажиллаж буй хүмүүс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн жинхэнэ алуурчид, захиалагчдад хариуцлага тооцохыг хүсэхгүй байгааг бид харлаа. Түүнийг нас барснаас хойш 20 дахь жил дээр нь байгуулагдсан Түр хороо энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө ажиллах болно.
П.ГОО
Оллоо.мн