2018 оны хувьд батлагдсан төсвөөс 359.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дутуу санхүүжүүлсэн гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

 Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн, аудит хийлгэн УИХ-аар хэлэлцүүлж байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.3 их наяд, төсвийн зарлага 9.3 их наяд хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа тохиож буй тэнцэл гэлээ. Энэ нь ДНБ-ий 0.09 хувьтай тэнцэж байгаа аж. Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон үнийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа, санхүүгийн чадвар сайжирсан, НӨАТ-ын бүртгэлийн системийн хамрагдалт өссөн, татварын өр барагдуулалтын түвшин нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд нэгдсэн төсвийн орлого 10.2 их наяд төгрөгт хүржээ. Түүнчлэн төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлсэн, төсөв тодотгохгүйгээр мөрдүүлсэн, Засгийн газрын дотоод болон гадаад үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг олгож, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулсан жил байсан хэмээн Сангийн сайд дурдав. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдах Үндэсний Статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайдын багцын 39 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 70 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 27 төсөл, сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн өнөөдрийн хуралдаанд танилцуулж байгаа гэлээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 692.3 тэрбум төгрөгт хүрч, гүйцэтгэл нь 95.8 хувьтай байжээ. Урсгал зардалд 94.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 555.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон зээлийн дүнгийн 54.4 хувь буюу 376.3 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн сайд, 22.8 хувь буюу 157.8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 17.5 хувь буюу 120.9 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 3.6 хувь буюу 25 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 1.8 хувь буюу 12.3 тэрбум төгрөгийг Үндэсний Статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын багцын зарлага эзэлж байгаа юм байна. 

Тайлант онд улсын төсвөөс Барилга, хот байгуулалтын сайдын багцын 67.4 тэрбум, Зам, тээврийн хөгжлийн сайдын багцын 68.4 тэрбум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 3.6 тэрбум, Эрчим хүчний сайдын багцын 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Улсын төсвөөс 244.1 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 15.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ. Түүнчлэн улсын төсөвт 447.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөсөн дүнгээс 22.4 тэрбум төгрөгөөр илүү байгааг салбарын сайд танилцууллаа. 
Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат  танилцуулав. Байнгын хороонд харъяалагддаг 6 Төсвийн ерөнхийлөн захирагчид  2018 онд нийт 722.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас 692.4 тэрбум төгрөг зарцуулж, 95.8 хувийн гүйцэтгэлтэй байна гэлээ. 

 Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 16 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэсэн бөгөөд 6 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 6 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 4 санхүүгийн тайланд “хязгаарлалттай” санал дүгнэлт гаргажээ. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэн, 11 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 3 санхүүгийн тайланд “хязгаарлалттай”, санал дүгнэлт өгсөн байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд эрхлэх асуудлын хүрээний 61 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 60 санхүүгийн тайлан аудитад хамрагдаж, 1 санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн байна. Аудитаар 12 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 43 санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, 1 санхүүгийн тайланд “Сөрөг” /Орхон авто зам, засвар арчлал ТӨХК /,  5 санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгчээ. 

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 36 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн. Үүнээс 31 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 5 санхүүгийн тайланд “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн байна. Үндэсний Статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн. Үүнээс 2 санхүүгийн тайланг түүвэрт хамрагдаж, 3 санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн, 17 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, Нийслэлийн статистикийн газарт “хязгаарлалттай” санал дүгнэлт өглөө. Эдийн засгийн байнгын хорооны харъяа дээрх төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “зөрчилгүй” санал дүгнэлт гардуулсан байна. 

Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нь нар асуулт асууж, Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудитор, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулга хийв. Тухайлбал, гүйцэтгэл нь удаан хугацааны туршид он дамжин яригдаж байдаг бүтээн байгуулалтын ажлуудын талаарх асуултад хариулахдаа Сангийн сайд “2018 оны хувьд батлагдсан төсвөөс 359.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дутуу санхүүжүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 107 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй байгаа. Үүний шалтгаан нь тендэр дээр хугацаа алдаж байна, тендэрийн явцад нэлээдгүй маргаан гарч байна, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэл цаг хугацаандаа амжихгүй байна.  Эхний хоёр шалтгааны улмаас цаг хугацаа нэлээн алддаг бөгөөд үүнээс үүдэн гурав дахь шалтгаан үүсч байна” гэлээ. Орон нутгийн төсөв дээр  100 тэрбум төгрөгийн гүйцэтгэл дутуу байгаагийн шалтгаан нь мөн л тендэр, газар, хугацаа алдаж буй асуудал болохыг тэрбээр тайлбарлав. Түүнчлэн сайд тус бүрийн багцад гадаадын зээл, тусламжийг тусгадаг байдлаас үүдэн гадаадын зээл, тусламжаас 117 тэрбум төгрөгийн дутуу санхүүжилттэй байгаа гэв. Тендерийн хуульд өнгөрсөн хавар нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас тендерийн маргаан гарах нь харьцангуй багассан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлж байв.

 Цаашдаа тендерийг цэгцлэх, эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх нь оновчтой хэмээн үзэж буйгаа хэлэв. Түүнчлэн зээл, тусламжийн асуудлыг нэгтгэн Сангийн сайдын багцад тусгасаны үр дүнд гадаадын зээл, тусламжийн гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн ач холбогдолтой гэв. Сангийн яамны зүгээс татвар төлөгчдийн мөнгө, хөрөнгийг үр ашиг нь гардаг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах чиглэлийг баримталж ажиллаж байгаа гэдгийг сайд хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын худалдааны бодлогын талаар тайлбар хүссэн бөгөөд Сангийн сайд хариулахдаа “Одоогоор худалдааны бодлогын асуудал Гадаад харилцааны яаманд харъяалагдаж байгаа. Дэлхий дахинаа гадаад худалдааны бодлогын асуудал чухалд тооцогдож, эргэн тойронд нь олон үйл явдал өрнөж буй энэ цаг үед манай улс ч үүнд онцгой анхаарал хандуулах цаг болсон хэмээн үзэж байгаа” гэлээ. Түүнчлэн Б.Баттөмөр гишүүний тодруулсны дагуу 2018 оны байдлаар эдийн засгийн идэвхжил Монгол Улсын бүх нутаг дэвсгэр, бүх салбарт байсан бөгөөд өсөлт гарсан гэдгийг хэлэв. Төсвийн орлого төлөвлөснөөс давж биелсэн гэдгийг сайд онцоллоо. Монгол Улсын хэмжээнд нэг хүнд ногдох ДНБ 4072 ам.доллар байгаа аж. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой ипотекийн зээл олголт, иргэдийг орон сууцжуулах ажлын гүйцэтгэлийн талаар тодруулж хариулт авсан бол Байнгын хорооны дарга гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын гүйцэтгэл болон аудитын дүгнэлттэй холбоотой зарим зүйлийг асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэн төвтэй, үр ашиг бүхий үр дүнтэй арга хэмжээнүүдийг салбар бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир он дамнан хөрөнгө оруулалт тавьдаг ч хэрэгждэггүй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой саналаа хэлэв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагын талаар саналаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа гүйцэтгэл хийгдээгүй сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг ирэх онд тусгаж өгөх хүсэлтийг гаргаж байв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр улсын өрийн талаар санал хэлж байв. 

 Ийнхүү гишүүд санал хэлсний дараа УИХ-ын тогтоолыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.