“Алтайн тулга” компаниас Түлэнхийн төвийн газрыг буцааж авъя
ГССҮТ-ийн дүрс оношлогооны тасгийн эрхлэгч асан Г.Батзоригтой холбоотой аж

Түлэнхийн төв хувийн эмнэл­гийн байрнаас нүүхэд ердөө зургаахан хоног үлдээд байна. Энэ эмнэлэг төрдөө хаягдаж түрээсийн байраар бүтэн хоёр жил шахуу явсны эцэст нь ГССҮТ-ийн хажуу бөөрөнд ад үзэгдэн үйл ажиллагаагаа явуулахаар болсонд олон хүн сэтгэл дундуур байна.

Тухайлбал, тус эмнэлэг өдгөө ачааллаа дийлэхгүй бэртэж гэмт­­­сэн хүмүүс газраар хэвтэн эмч­­лүүлж байгаа. Гэтэл зай завсаргүй шахам байгаа гэмтлийн эмнэлэгт заавал Түлэнхийн тас­гийг байршуулах хэрэг байгаа юм болов уу гэж асуух хүн ч олон.

Цагийн сайханд өөрсдийн гэсэн хоёр давхар байртай, өвчтөнөө хүлээж авах боломжийн олон өрөөтэй байсан тус тасаг нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд тэр цагаас хойш урсгал засвар хийсэн гэх нэрийдлээр 2000 онтой золгож байсан түүхтэй.

Харин одоогоос хоёр жилийн өмнө уг барилгад үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтаас гаргажээ. Улмаар уг барилгыг 2011 онд актлахаар болж, нураах ажлыг эхлүүлсэн байдаг. Улсын төсвийн 20 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр шинэ байртай болгоно гээд Түлэнхийн төвийн байрыг хэдэн жилийн өмнө балгас болгож орхисон нь яах аргагүй үнэн. Ингээд Түлэнхийн тасаг 2012 онд “Мөнгөн гүүр” эмнэлгийн хаяаг бараадан жилд 360 сая төгрөгийг тус хувийн эмнэлэгт өгөх болсон юм.

Шийдвэр гаргах түвшний хүмүүс “Түлэнхийн төв”-д анх­наасаа л сэтгэл гаргаа­гүй гэхэд болно. Хувийн эмнэлэг барих болохоор хаа сайгүй газар олдоод байдаг улсын эмнэлэг барих гэхээр газрын маргаан гарч ажил нь урагшилдаггүй нь хачирхалтай. Салбарын яам нь хүртэл сүүлдээ Түлэнхийн төвийн газрын асуудал болон эмнэлэг хэзээ барих талаар мэдээлэл өгөхөөс зайлсхийсээр удаж байна.

Төр засгаас олон бодит ажил хийж байгаа боловч чухам яагаад ард түмний хэрэгцээ болсон Түлэнхийн тасагт анхаарлаа хандуулахгүй өдий болтол сан­хүүжилтийг нь ч хийхгүй байна вэ. Уг нь сүүлийн үед төр, төрийн гэх тодотголтой байр сав болон газраа буцаан авч байгаа. Тухайлбал “Ионсей” эмнэлгийг Нийслэл буцаан авч төрөх эмнэлэг барихаар төлөвлөөд байгаа. Гэтэл Түлэнхийн тасаг яах эсэх нь таг хэвээрээ л байна.

Хатуухан хэлэхэд борчуудад нь оногддог улсдаа ганц гэгдэх Түлэнхийн тасаг айлын шоовдор хүүхэд шиг ГССҮТ-ийн нэгдүгээр давхарт төвхнөх нь бодит үнэн болоод байна.

Айл, айлын халаасны өрөө царайчилсаар алсдаа Түлэнхийн тасаг гэсэн нэр томъёо нь хүртэл үгүй болох зам руугаа шуударч байгаа энэ тасгийг “Мөнгөн гүүр”-ийнхэн “Жижигхэн хэмжээний тасаг бус бүхэл бүтэн клиникийн хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа учраас хамтарч ажиллахад бэрх­шээлтэй байна” гэжээ. Мэргэ­жил нэгт нөхөд нь ийн дүгнэж байхад мэддэг хүмүүс нь юунд дүлий дүмбэ оргин сууна вэ.

Уг нь өнгөрсөн жил 14.5 тэрбум төгрөгөөр долоон давхар эмнэлэг барихаар зураг төслийг нь гаргачихаад байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байсан. Гэвч 2014 он гарчихаад байхад өнөөх балгас болсон барилгаа ч нураасангүй.


Хулхин дээр нь цэцэг ургуулсан дэд сайд

Түлэнхийн төв эмнэлэг нь 2002 онд 16400 ам метр талбайн зөвшөөрөлтэй байсан тухайг ГССҮТ-ийн даргын албыг хашиж байсан Л.Жамбалжав эмч хатуу­­хан бө­гөөд үнэн үг ярьж бай­сан юм. Тэрбээр “Саммид медикал” ХХК-д 930 ам метр газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд барилга барих зөвшөөрөлтэйгөөр олго­сон байдаг. Тус компани ГССҮТ-ийн дүрс оношлогооны тас­гийн эрхлэгч байсан Г.Бат­зоригтой холбоотой.

Харин дараагийн газраас нь хумсалчихаад байгаа бай­гууллага бол “Алтайн тулга” компани. Эл компани 2011 онд 4024 ам метр талбайг эмнэлэг барих зориулалтаар авсан. Гэхдээ одоогоор барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа” гэж ярьсан байдаг юм. Тэгвэл одоо тус төвийн талбайн хэмжээ нь багассаар 7339 ам.метр болчихоод байгаа аж.

Өөрөөр хэлбэл эмнэлгийн газраас 900 ам. метр газрыг хувийн мэдэлд өгчихсөн гэдгийг Л.Жамбалжав эмч нотлон нэгэн хэвлэлд хэлсэн байдаг.

Юутай ч тус төвийн ихэнх газрыг үе үеийн эмч дарга нь хувьдаа авсан гэдэг нь гашуун үнэн. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн газрыг ГССҮТ-ийн эмч нар хувааж авчихаад байна гэсэн үг. Зүй нь бол эмнэлгийн газар төрийн тусгай хамгаалалтад байх ёстой.

Гэтэл манай улсад эрх мэдэл албан тушаал ноёрхсоны улмаас Түлэнхийн төв газ­рын­хаа ихэнхийг алдаж өнөөдөр үлдсэн жаахан газар нь архич­дын орогнох газар болоод зогсохгүй Улаан чулуутын хогийн цэг шиг энд тэнд хог хийсч орчныг бохирдуулсаар байна.

Н.Удвал сайд аа, дэд сайд Ж.Амарсанаа та хоёр өнгөрсөн жилийн хавар манай сонины сэтгүүлчийн “Түлэнхийн тө­вийн газрыг хэн нэг нь авчихгүй бай­гаа” гэх асуултад “Түүнд санаа зоволтгүй ээ. Э.Бат-Үүл дарга гарснаас хойш газрын асуудал цэгцтэй болоод байгаа. Би чинь бас өөрөө НИХ-ын төлөөлөгч шүү дээ.

Эмнэлгүүдийн тухай су­далж үзэхэд байраа хэсэг­чилсэн байд­лаар, бүтнээр нь гэх зэргээр газраа алдсан байдаг. Гэхдээ цаашид ийм зөрчил гарахгүй.

Дээрх зөрчлүүдээс үүдээд ма­шины зогсоол, өргөтгөл барих талбай, эмнэлгийн ор­чимд түгж­­рэл үүсэх, ногоон орчин­гүй, түргэн тусламжийн машин орж гарах, өвчтөн яаралтай тусламж авахад хэцүү, эмнэлгийн орчин бохирдол ихтэй гэх зэрэг тулгамдсан асууд­лууд гараад байгаа юм” гэж их л сайхан ярилцлага өгч байсан. Гэтэл өнөөг хүртэл тус төвийн газрын асуудал битгий хэл эмнэл­гийн асуудал ч ший­дэгдээгүй байна. Тэгэхээр одоо Түлэнхийн төвийн газраар ашиг олсон эмч нартайгаа цуг АТГ-т шалгуулвал яасан юм бэ. Сураг сонсох нь ээ эрхэм сайд, дэд сайд та хоёрыг ч түлэнхийн төвийн газрын асуудалтай холбоотой байж магадгүй гэх бор шувуу ч нисч эхлээд байна.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-09-23 08:06:58
    Алтайн тулга гэдэг ХХК нь хаанахын хэн гэгчийн компани болж байна яасан сэтгэлгүй байгууллага вэ
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах