Хэрэг хуучирдаггүй  гэдэг ч  барилгын салбарт гарсан ноцтой хэргүүд хуучирдаг
Энэ сарын 7-ны өдөр барилгын ноцтой осол гарч дөнгөж хийж бүтээх насандаа явсан 18-23 насны гурван залуу амиа алдсан. Эдгээр залуус нь “River stone-2” хорооллын барилга дээр ажиллаж байсан аж. Тус барилгын захиалагч нь  “S Development” компани бөгөөд НМХГ-аас өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагааг нь зогсоох талаар акт хүргүүлж, эрчим хүчийг нь хязгаарлаад байсан ч өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар эцэстээ гурван залуугийн аминд хүрлээ. Тэд ийнхүү мэргэжлийн байгууллагын үгийг үл тоон ажилласаар байсан нь ардаа томоохон компанитай байсан байж болзошгүй хэмээн хардах иргэд тухайн үед цөөнгүй байсан юм.

Тэгвэл мэргэжлийн байгууллагаас  том толгойтой тус компанийн ард “Шунхлай” групп байсан нь тодорхой болсон. Тодруулбал  “S Development” компани нь 2009 оноос хойш “Шунхлай” группийн харъяа барилга угсралт, шинэчлэлийн төслүүдийг хариуцан ажиллаж эхэлжээ. Улмаар 2011 оноос бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч “Шунхлай” групптэй холбоотой байсаар ирсэн  аж.

 Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд энэ мэт мэргэжлийн хяналтын үгийг үл тоон  зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй 26 барилга байгаа аж. Тэдгээр компаниудад зохих шийтгэлийг нь ноогдуулж, акт тавиад байгаа ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Мэргэжлийн хяналтынхан өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд авах ёстой бүх арга хэмжээгээ авсан гэдгээ учирлаж  байна. Тэдний эрх мэдлийн хүрээнд захирагдахгүй байгаа эдгээр том толгойлсон компаниудыг Барилга, хот байгуулалтын яамнаас  хатуухан арга хэмжээ авахгүй бол дахиад хэдэн залуугийн амийг авч одохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Тэгвэл мэргэжлийн байгууллага нь дийлэхгүй гэх эдгээр барилгын компаниудын ард хуулиас дээгүүр эрх  ямба эдэлдэг эрхэмүүд байдаг нь ойлгомжтой. Ердөө сар ч хүрээгүй байхад дээрх хэрэг явдлын талаар дурсах хүн цөөрчээ. Эндээс харахад хэрэг хуучирдаггүй гэдэг ч барилгын ноцтой ослын хэргүүд маш хурдан хугацаанд хуучирдаг байдал сүүлийн жилүүдэд манай нийгэмд бий боллоо. Үүний баг нэгэн жишээ бол Чингэлтэй дүүрэгт гарсан “Макс өргөө” компанийн захиалгаар баригдаж буй барилга дээрээс төмөр унаж мөн л хийж бүтээх насандаа явсан залуугийн алтан амийг авч одсон хэрэг. Хэрэг гараад жил тойрох гэж байхад хэрхэн шийдэгдсэн гэмт этгээдүүд ямар хариуцлага хүлээсэн нь одоо болтол тодорхойгүй.

Харин ийм хэрэг гарсныг хааяа нэг хэвлэлийнхэн сануулж хариуцлага нэхэж байна. Гэтэл энэ бүгдэд анхаарал хандуулж, хариуцлага тооцох ёстой албаныхан таг суусаар. Энэ байдлаар сүүлийн арваад жилд барилгын ослоор нас барагсдын тоо өссөөр байна. Харин хариуцлага хүлээсэн нь тун цөөн. Дээрх хэргүүдээс харахад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хангагдаагүйн улмаас осол гарсан нь харагддаг. Хамгийн харамсалтай нь зах зээлд аль хэдийн байр сууриа олсон манай томоохон нэр хүнд бүхий компаниудын захиалгаар баригдаж буй барилга дээр осол гарч байгаа явдал юм. Тэд хангалттай ашигтай ажиллаж байр сууриа олчихсон байж хөөрхий ажилчдынхаа амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулах сэтгэл байхгүй байгаа нь  өнөөдөр эмгэнэл болж байна.  

Энэ мэт сүүлийн жилүүдэд гарсан барилгын ослуудыг дурдаад байвал нэлээдгүй бий. Гэвч тэдгээр хэргүүд аль хэдийн хуучирч эзэн холбогдогч нь юу ч болоогүй мэт бидний ажиллаж амьдарсаар байна. Бид хэдий болтол энэ бүхэнтэй эвлэрч явах вэ,  тэр болтол хэдэн залуугийн алтан амь үрэгдэх вэ?
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батжав барилгаа хариуцсан шиг хариуц 2014-09-23 01:37:49
    Батхүү чи наад улсууддаа арга хэмжээ аваа чээ
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • APU d 2014-09-23 01:34:34
    BATJAW, BATHUU hoer odoo boliwol yasiin be
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах