Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Улстөрч Э.Бат-Үүл, Үндсэн хууль батлалцсан депутат Д.Пүрэвдорж, улстөрч Э.Эрдэнэжамъян, Олон улсын тусгай хамгаалалттай газрын судалгааны багийн гишүүн, философич Х.Амантай  нар оролцож Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу. Ард нийтийн сонголт уу сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

Улстөрч Э.Бат-Үүл: НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ НЭРЭЭР АРД ТҮМНИЙГ ХУУРЧ БАЙНА

-Нэмэлт, өөрчлөлт нэрээр ард түмнийг хуурч байна. Яг үнэндээ нэмэлт, өөрчлөлт биш. Энэ бол Үндсэн хуулийг үзэл баримтлалынх нь хувьд өөрчилж байгаа юм. Төр ичгүүр сонжуургүйгээр ард түмнээ хуурч байна.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заасан заалт байдаг. Шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт гэж юу юм гэдгийг тус тусад нь заасан байдаг. Нэмэлт гэдэг бол үндсэн хууль хэрэгжих явцад шинэ нөхцөл байдал үүсч түүнд нэмэлт хийх шаардлагатай болсон тохиолдолд хийх ёстой.


-Үндсэн хуулийг хамгаалах ёстой цэц маань ялсан намаас хараат болсон байна. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг хангах тухай нэмэлт, өөрчлөлтөөр оруулах ёстой.


-Нэмэлт, өөрчлөлт гэдгийн цаана эрх мэдлээ дахин хуваарилж түүнийгээ булаалдаж байна.


-Эхлээд УИХ-ыг хоёр танхимтай болгох хэрэгтэй. Харин засаглал нь ерөнхийлөгчийнх байна уу тэрийгээ ардын их хурал өөрөө шийдэг.


-1992 оноос хойш Үндсэн хуулийг хэрэгжүүлээгүй. Эрх мэдэл хуваарилахад ашигладаг байсан.


-Өнгөрсөн хугацаанд парламентын засаглал үр өгөөжөө өгсөн. Хоёр их гүрний дарамтаас парламентын засаглалын хүчээр аврагдсан.

Үндсэн хууль батлалцсан депутат Д.Пүрэвдорж: ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГЫН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахад бүх ард түмний оролцоотойгоор баталж байсан. Бүх ард түмний хуралдайг байгуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх иргэнээс санал авсны дараа нэмэлт, өөрчлөлтийг ярих хэрэгтэй.


-1992 оны Үндсэн хууль батлах эрхийг бага хурал шийдэж байсан.


-2000 онд МАН-ын баталсан дордохын долоон өөрчлөлтөөс үүдэн Үндсэн хуульд гажилт үүсч өөрчлөх шаардлага бий болсон.


-Энэ их хурал тарж болохгүй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин ард түмний их хуралдай гэдэг зүйлийг байгуулах хуулийг батлаад  бүх ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой.


-Ерөнхийлөгч ард түмний санал асуулгын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй.


-Бүх хүний саналыг оруулсан шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй байна.


-Үндсэн хуулийн нэг том алдаа бол ард түмнээс илүү засгийн эрх мэдэл нь илүү байгаа явдал юм.


-Ерөнхийлөгч анхнаасаа хориг тавих ёстой байсан. Наадах чинь нэмэлт, өөрчлөлт биш байна гэж.


-Хоёр танхимтай парламентыг байгуулах нь зүйтэй.

Улстөрч Э.Эрдэнэжамъян: МАН-ЫН САНАЛ АСУУЛГА БҮГД АРД ТҮМНИЙ ЭСРЭГ БАЙНА

-Үндсэн хууль хэлэлцэж байгаа УИХ буюу МАН бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиа 100 хувь зөрчсөн. Монгол Улсын бүрэн эрхт байдалд халдах хэмжээний гэмт хэрэг хийсэн.


-Одоогийн УИХ тарж дараагийн УИХ байгуулах ажлыг хийх хэрэгтэй.


-МАН-ын авсан санал асуулгаас харвал бүгд ард түмний эсрэг байна.


-Үндсэн хуулийн цэц ард түмнээс сонгогддог байсан бол ард түмэнд үйлчлэх байсан. Шүүх,Үндсэн хуулийн цэц болон бусад эрх мэдлийг хараат бус болгоод ард түмнээс томилуулдаг байх ёстой. Томилсон эзэндээ үйлчилдэг нь хорвоогийн жам.


-Хоёр танхимтай байх нь зүйтэй. Мөн байгалийн баялгийг ард түмний өмч байлгах хэрэгтэй.


-Ерөнхийлөгчийн хориг бол зөв. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт бол маш буруу.


-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хэрэгтэй саналыг нь унагаад хэрэггүйг нь МАН дэмжсэн юм. Тэгээд Ерөнхийлөгч төслөө татсан. Хууль санаачлагч төслөө татсан үед үргэлжлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй.


-Парламентын засаглал өөрөө давхар дээлтэй засаглал. Ард иргэд үүнийг эсэргүүцэж байгаа.

Олон улсын тусгай хамгаалалттай газрын судалгааны багийн гишүүн Д.Даваасүрэн: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛИА ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцэн баталсан. Өнөөдрийн Үндсэн хууль бол намын бүлгийн өөрчлөлт.


-Үндсэн хуулийг хэлэлцэхэд өнөөдрийн энэ явцуу аргаар хэлэлцэж болохгүй.


-Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хууль зөрчсөн асуудлыг өөрийнхөө санаачлагаар хэлэлцэх эрхтэй байдаг. Гэтэл манай цэц заавал нэг хүн өргөн барьж байж хэлэлцдэг. Энэ л Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй байгаагийн шалтгаан.


-Ард түмний их хуралтай хоёр танхимтай байх нь зөв.


-Одоогийн УИХ-ыг Үндсэн хуулийн төслийг татаж аваад нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулиа эргэж нэг хараад, Үндсэн хуультай энэ тэнцэхүйц нэг асуудлыг ард түмэнд шийдэж өгөх хэрэгтэй.


-Ардын их хуралтай хоёр танхимтай байх уу. Эсвэл парламентын засаглалтай нэг их хуралтай байх уу гэдгээр ард түмнээс санал асуулга аваач ээ.


-Ард иргэд Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэж байгаа юм. Харин энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжихгүй байна.

Философич Х.Амантай: ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦОО БИЙ БОЛБОЛ ОЛОНХИОР ДАРАНГУЙЛДАГ ДАРАНГУЙЛЛЫН СИСТЕМИЙГ ХАЛЖ ЧАДНА

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг бол үндсээрээ буруу явж байгаа. Үндсэн хууль гэдэг бол бүх ард түмний хэлцэл.


-Үндсэн хууль бол ард түмний эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх зүйн үндэс. Ардчилсан тогтолцоонд бол төр ард түмний төлөө байх ёстой.


-УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгөх нь буруу. Ард түмэн өөрсдөө төлөөллөөр болон шууд нөлөөлөх ёстой.


-Ард түмэн засаглалын эрх болон хууль тогтоох эрхээ сонгох эрхтэй. Мөн энэ хоёр бие биеэсээ хараат бус байх ёстой.


-Өнөөдрийн парламентад олонхийн дарангуйлал ноёрхсон байна. Түүнийг яаж хянах вэ гэхээр бие биеэ хянаж байдаг механизмыг хийх хэрэгтэй.


-Хоёр танхимтай парламентын тогтолцоо бий болбол олонхиор дарангуйлдаг дарангуйллын системийг халж чадна.


-Парламентын засаглал биднийг авч явж байна гэсэн мөртлөө олонхийн суудал авсан нам Засгийн газраа тэргүүлдэг. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн намын дарга байдаг. Парламент бол намын хүчний засаглал юм. Тиймээс хүчний дарга нэг хүний гарт ороход Монгол Улсад аюул учирна.


-Ерөнхийлөгч хориг тавьдаг нь зөв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-01 23:38:16
    Ард нийтийн санал асуулга гэх санал хэлэх эрхгүй энгэж домнох хэрэг байх уу нөгөө үг хэлэх үзэл бодлоо гаргах эрх чөлөө хаачив зүгээр УИХ батал