“Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэх шийдвэрээ эргэж харна уу?

Кембрижийн хөтөлбөртэй “Монгол Тэмүүлэл” болон 133 дугаар сургуулийн сурагчид хичээлийн байраа булаацалдаж эхлээд байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль байрныхаа  асуудлыг шийдэгдтэл  “Монгол Тэмүүлэл” сургуулийн  нэг, хоёрдугаар давхарт түр хугацаанд байрлаж сургалтын үйл ажиллагаагаа явуулах тушаалыг БСШУС-ын сайд 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр гаргасан.

Гэтэл  133 дугаар сургуулийн барилга ашиглалтад орох болоогүй тул “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх тухайгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 27-нд болсон нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр мэдэгдсэн байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж “Монгол Тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд яамны гадаа жагслаа. Тэд “Кембрижийн хөтөлбөрийг Ё.Баатарбилэг, Ж.Энхбаяр нар устгаж байна”, “Боловсролын яамныхан Монгол Тэмүүлэлийг нүүлгэх шийдвэрээ эргэж харна уу”, “Хотын дарга аа, 133 дугаар сургуулийн барилгын ажлын явцыг түргэтгэн, хоёр сургуулийн сурагчдын суралцах эрхийг хангаж өгнө үү” гэсэн лоозон барьжээ. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, БСШУС-ын  сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгч “Монгол Тэмүүлэл”, 133 дугаар сургуулийн байртай холбоотой үүсээд буй нөхцөл байдалтай биечлэн танилцаж зургадугаар сарын 19-нд 133 дугаар сургуулийн шавыг тавьсан.  Улмаар сургуулийн шинэ барилга баригдтал Баянзүрх дүүргийн XXVI хорооны тодорхой хэсгийн хүүхдүүд Монгол Тэмүүлэл сургуулийн байранд түр хичээллэхээр болсон билээ. Гэтэл  өнөөдрөөс “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг байрнаас нь гаргаж, нүүлгэх тухай БСШУС-ын сайдын шийдвэрийг эсэргүүцэж эцэг эхчүүд жагслаа. Эцэг эхийн төлөөлөл Ч.Ариунаа “133 дугаар сургуулийн сурагчдад хагас анги танхимаа чөлөөлж өгсөн учраас бүрэн стандартаараа хичээллэж чадахгүй байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёлын байнгын хорооны дарга “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэгдүгээр байрны нэгдүгээр давхарт нэг жилийн хугацаатай нүүлгэх чиглэл өгсөн гэж сайд Ё.Баатарбилэг хэлсэн. Гэхдээ нэг жилийн дараа сурагчид хаана хичээллэх талаар тодорхой хариу хэлээгүй. Худалдаа үйлдвэрлэлийн сургуульд 1990 оноос хойш засвар хийгээгүй, зориулалтын заал, цайны газар, лаборатори байхгүйгээс Кембрижийн хөтөлбөрийн шаардлагыг хангахгүй. Энэ нь үндсэн хуулиар олгосон сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна” гэсэн юм. “Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэсэн тохиолдолд эцэг эхчүүд тэмцлээ үргэлжлүүлж хугацаагүй суулт зарлаж, сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Н.Ганбаяр нарыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ гэдгээ  мэдэгдлээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Гүнжид
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 133 2019-10-01 09:27:57
    Миний хүүхэд л болж байвал гэсэн хэдэн хүн байна. 6 настай хүүхдүүдийг бодож болохгүй юу
    • Zochin 2019-10-21 15:33:03
      6 nastai bol davuu erhtei biluu anhnaasa huuhdee aytaihan surguulid yvuulj hurgej ugj chadahgui bol yah gj turuulsimbe
  •  2019-10-01 03:51:32
    огцорох ёстой хэмжээндээ хүрчихээд байхад мохоо СҮх яагаад огцоруулахгүй байна