Хоршооны хуулийг хэрхэн шинэчлэх вэ
Германд “Райффайзен” хэмээх 100 гаруй жилийн түүхтэй, 1.4 сая гишүүнтэй хоршоо  дэлхий дахинд жишиг болж байна. Тус хоршоо нь гишүүддээ үйлчилдэг тусдаа банктай, ургамал хамгааллын бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник зэргийг нийлүүлж, агуулах саваар хангаж, борлуулалтын дэмжлэг үзүүлэх гэх мэт гишүүдийнхээ бүх хэрэгцээг хангадаг гэж байгаа.

 Харин манайд яг жишгийг дагаж хоршоо хөгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Сүүлийн  жилүүдэд хоршоог хөгжүүлэх олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүн тааруу  хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д  өргөн барилаа. Анх 1995 онд  Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байна.  Хоршоо нь өрхийн бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм.

Хоршооны хуулийн төслийн шинэчилсэн найруулгад хоршоог томруулж, төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого агуулагдаж байна. Хоршоог идэвхжүүлэх зорилгоор 100-аас дээш гишүүнтэй, эсхүл 1.0 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоо хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхэлж болохоор, мөн хязгаарлагдмал хүрээнд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж болох зохицуулалт туссан байгаа аж. Мөн хоршоо өөрийн хөрөнгөтэй байж, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх боломжийг бүрдүүлэх заалт шинээр оруулсан байна.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал хоршоо хөгжих эрхзүйн орчин сайжрах, хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй,  удирдлага зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжих, татвар аудитын зөрчилтэй асуудлууд арилах зэрэг эерэг үр дүн гарна хэмээж байгаа юм.

Нийгэм цаг үеийн шаардлагаар хоршооллын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгын үүднээс нэн түрүүнд түүний хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой байна. Иймээс энэ ажлыг эхлүүлэхээр хуулийн төслийг өргөн бариад байна.  


П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.