Цахим шилжилтийг банкны салбар түүчээлж байна
 

JEL ангилал:
Q55, O16, L86
 
Түлхүүр үг:
Технологийн шинчлэл, Санхүүгийн зах зээл, Мэдээлэл, интернет үйлчилгээ
 
Хураангуй:
Цахим шилжилт нь улс орон, байгууллага, хэрэглэгчид маш олон боломжийг олгож байгаа бөгөөд Монгол Улсын хувьд банк, салбар түүчээлэн хэрэгжүүлж байна. Цахим шилжилт нь банк, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг илүү ширүүн болгож, салбарын гол тоглогчид нь Финтек буюу санхүүгийн үйлчилгээг технологийн дэвшилттэй хослуулан хэрэгжүүлж, мэдээллийн технологийн дэд бүтэц болон программ хангамжийн хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж, харилцагч татах, харилцагчийн цаг хугацаа, зардал хэмнэх, сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлөх чухал үзүүлэлт болж байна.

Цахим шилжилт гэж юу вэ?

Бизнесийн болон бусад байгууллагын үйл ажиллагаа, бизнес загвар ба улс орны эдийн засгийн чадамж, тэдгээрийн байр суурь, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг шинэчлэн тогтоох боломжийг аж үйлдвэрийн IV хувьсгалын гол цөм болсон мэдээллийн технологийн хувьсгал олгож байгаа бөгөөд энэхүү боломжийг стратегийн нэн тэргүүн эгнээнд тавих
замаар өнөө болон ирээдүйд хэрэгжүүлэн нэвтрүүлэх үйл ажиллагааг “цахим шилжилт” хэмээн тодорхойлж байна.

Мэдээллийн технологийн салбарт хурдацтайгаар хөгжиж буй их хэмжээний тоон өгөгдлийг хадгалах, цуглуулах, боловсруулах, дүгнэлт гаргах, дамжуулах чадавхи болон технологийн инноваци нь илүү шуурхай, хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэх, цахим чадамжид суурилсан оновчтой, уялдаа холбоо бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн үнэ цэнийг бүтээх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгчийн авч буй үйлчилгээний чанар, оновчтой байдал, бизнесийн үйл ажиллагааны уян хатан, нээлттэй, бүтээмжтэй байдал, технологийн дэвшил болон түүний хэрэглээ, шинэ орлогын эх үүсвэр бүтээх зэрэг нь цахим шилжилтийн гол зорилго, хөдөлгөгч хүч юм.

Дэнцү Эйжис Нэтворк (Dentsu Aegis Network)-аас гаргасан “Нийгмийн дижитал индекс 2019”-т харуулснаар динамик үзүүлэлт, нэвтрүүлсэн байдал, найдвартай байдал гэсэн үзүүлэлтээр Сингапур, АНУ, БНХАУ эхний байранд орж байгаа нь эдгээр улс орон цахим орчноор дамжуулан хэрэглэгчдэд маш олон боломжийг нээж байгааг илэрхийлнэ. Тухайлбал, Сингапурт 2003 оноос нэвтрэлт, танилтын системийг хэрэгжүүлж төрийн үйлчилгээг цахимжуулсан, 2014 оноос “Ухаалаг үндэстэн” цахимжуулах төслийг төлбөр тооцоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ болон бусад салбарт хэрэгжүүлсэн, БНХАУ-д Алипэй, нүүр таних төхөөрөмжөөр нийтийн тээврээр үйлчилдэг болсон, АНУ-д төрийн болон бусад бүхий л салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлсэн гэх мэтээр маш өргөн хүрээнд цахим технологи, хиймэл оюун ухааныг өдөр тутмын амьдралдаа өргөн ашигладаг болжээ.

Зураг 1
Улс орны дижитал нийгмийн индексийг тодорхойлогч гурван үзүүлэлт



Эх сурвалж: Дэнцү Эйжис Нэтворкоос гаргасан “Нийгмийн дижитал индекс 2019” тайлан
 
Цахим хэрэглээг харьцуулсан зарим тоон үзүүлэлтийг Зураг 2-т харуулж байна.
 
 
Дэлхий болон Монгол Улс дахь цахим хэрэглээ
 Эх сурвалж: DIGITAL 2019 тайлан, Монголбанк Хөдөлгөөнт банкны тайлан, MМCG-ын судалгаа

Дэлхийн интернэт хэрэглэгчийн тоо өмнөх онтой харьцуулахад 8.6 хувь буюу 350 сая шинэ харилцагчаар нэмэгджээ. Мөн дэлхий даяар 5.1 тэрбум гаруй хүн гар утас хэрэглэж байгаа нь өнгөрсөн жилээс 2.7 хувиар өссөн үзүүлэлт ба хэрэглэж буй бүх төхөөрөмжийн гуравны хоёроос илүү хувь нь ухаалаг гар утас байна. Дэлхий нийтийн сошиал хэрэглэгчийн 98 хувь нь гар утсаар дамжуулан нийгмийн мэдээ, мэдээлэл болон өөрийн сэтгэгдлийг хуваалцдаг байна. Интернэт банк хэрэглэгчийн хувьд өнгөрсөн жилээс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин Монгол Улсын хувьд хүн амын тоо цөөн тул дэлхийн цахим хэрэглээний зах зээлийн дөнгөж 0.045-0.061 хувийг эзэлж байгаа ч нэг хүнд оногдох цахим хэрэглээгээр дэлхийд дунджаар 1.5 төхөөрөмж нэг хүнд оногдож байгаа бол манай оронд 1.48 төхөөрөмж нэг хүнд оногдож байгаа нь цахим хэрэглээний хувьд адил түвшинд байгааг илэрхийлж байна.
“Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолын дагуу төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж эхэлснээр бид дэлхийтэй хөл нийлүүлэн цахим шилжилтэд нэгдэн орсон юм. Одоогоор улсын хэмжээнд 496 төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтой байгаагаас 20 орчим хувийг нь цахим хэлбэрт шилжүүлжээ. Энэ ажлын хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээний 110 цахим машин (ТҮЦ) машинаар дамжуулан төрийн 27 үйлчилгээг үзүүлж байна. Мөн улсын хэмжээнд нэгдсэн нэг мэдээллийн сан буюу ХУР, ДАН системийг нэвтрүүлэн төр болон хувийн хэвшлийн байгууллагад харилцагчийг танин мэдэх, чирэгдэл багатай, шуурхай үйлчлэх, мэдээллийг хурдан солилцох зэрэг зорилгоор үйлчилгээнд ашиглаж эхлээд байна.  

Монгол Улс нь төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх үүднээс экосистемийг бий болгохоор зорьж байгааг Зураг 3-т харууллаа.

Дижитал шилжилтийн экосистем
 

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Банк, санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөөлөл

Банк, санхүүгийн салбар нь технологийн шинэчлэлийг түүчээлэн хэрэгжүүлдэг салбар бөгөөд цахим шилжилтэд ч мөн манлайлан оролцож байна. Цахим шилжилт нь банк, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг илүү ширүүн болгож, салбарын тоглогчид нь Финтек буюу санхүүгийн үйлчилгээг технологийн дэвшилттэй хослуулан хэрэгжүүлж, мэдээллийн технологийн дэд бүтэц болон программ хангамжийн хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж, нэг талаар мэдээлэл технологийн компанийн хэв шинжийг олсоор байна. Банк, санхүүгийн байгууллагын харилцагчид ч тэднийг технологийн салбарын томоохон тоглогчид буюу технологийн банк байлгахыг хүсдэг болжээ. Цахим технологид оруулж буй хөрөнгө оруулалт ч эргээд хэрэглэгчийг татах, сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлөх, зардлаа хэмнэх чухал үзүүлэлт болсоор байна.

Техник, технологи шинэчлэгдэхийн хэрээр онлайн ба мобайл банкны хурдтай, хүртээмжтэй үйлчилгээ нь ATM, киоск зэрэг цахим төхөөрөмжөөс ч илүү харилцагчид хамгийн ойр байдаг өдөр тутмын хэрэглээ болж чадсан бөгөөд уламжлалт банкны салбараас илүүтэйгээр харилцагч бүрт тохирсон, зах зээл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог шинж чанарыг тусгасан, мэдээлэл технологид суурилсан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх чиглэлд банкуудын өрсөлдөөн ширүүсч байна.   

Зураг 4
Банкны хэрэглэгчийн үйлчилгээний хэлбэр
(биечлэн, интернэт банкаар, хувиар)

                  
Эх сурвалж: ikon.mn

 Зураг 4-өөс харахад, уламжлалт банкаар үйлчлүүлдэг байсан харилцагчийн тоо өнгөрсөн таван жилийн дотор 1/3 дахин буурч, цахим банкны хэрэглээний эзлэх хувь хэмжээ 5,1 дахин өссөнийг харж болно.

            Цаашид цахим банкны хэрэглээ улам өсөх хандлагатай байна. Өсөлтийн динамик хурдыг энэ маягаар үргэлжилнэ гэж тооцвол интернэт банкны гүйлгээний тоо ирэх таван жилд 46 хувиар өсөх магадлалтай гэсэн төсөөлөл гарсан.
 


                Зураг 5-аас харахад, ирээдүйд банкны гол өрсөлдөөн цахим талбарт шилжих нь гэсэн дүгнэлт хийж болно. Үүнээс гадна финтекийн зах зээл дээр зөвхөн банк ч биш, бас банк бус санхүүгийн байгууллага хүч түрэн орж, өрсөлдөөнийг улам ихэсгэх нь ойлгомжтой болоод байна.

Мөн ойрын ирээдүйд цахим шилжилтээс бид дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:
  • Биг дата буюу их хэмжээний өгөгдөлд тулгуурласан дүн шинжилгээг агшин зуурт хийдэг болсоноор үйлчилгээний хүртээмж, хурд, аюулгүй байдал, нууцын хамгаалалт сайжирна.
  • Хиймэл оюуны тусламжтайгаар луйврын гүйлгээг эрс багасгана.
  • Үйлчилгээний зардал үлэмж хэмжээгээр буурна.
  • Илүү харилцагч төвтэй, харилцагчийн хэрэгцээ шаардлагад тусгайлан нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрнэ.
  • Банкны үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжиж, шийдвэр гаргах чадвар сайжирч, улам хурдтай үйлчилгээг үзүүлнэ.
  • Компанийн засаглал сайжирч, илүү ил тод нээлттэй болно.
  • Санхүүгийн үйлчилгээнд холбогдсон цахим төхөөрөмжийн тоо огцом нэмэгдэнэ.
Цахим шилжилтийн жишээг Төрийн банкны Гялсбанк үйлчилгээтэй холбон тайлбарлах боломжтой.

            Төрийн банкны цахим үйлчилгээ буюу Гялсбанк үйлчилгээ нь www.ibank.mn вэбсайт, аппликейшн, мобайл банк, мессеж банк зэрэг дөрвөн төрлийн цахим үйлчилгээг өөртөө нэгтгэсэн цогц үйлчилгээ бөгөөд банкинд очилгүй, байгаа газраасаа банкны ихэнх үйлчилгээг авах бүрэн боломжийг харилцагчид нээж өгснөөрөө онцлогтой юм.

Бид техник, технологийн ололт бүрийг дор нь Гялсбанк үйлчилгээ-нд нэвтрүүлж, цахимаар авах боломжийг өргөжүүлэх тал дээр анхаарал тавин ажилладаг. Харилцагч Гялсбанк үйлчилгээ-нд бүртгүүлснээр өөрийн хэрэгцээнд тулгуурлан интернэт холболттой үед ibank.mn сайтаар болон аппликейшнээр, интернэт холболтгүй үедээ гар утасны Сим-д суулгасан Төрийн банкны цэсээр, эсвэл мессеж илгээж, санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, хялбараар хангах боломжтой. Гялсбанк үйлчилгээ-ний хэрэглэгч болсноор өдөр тутмын төлбөр тооцоогоо хийж гүйцэтгэхээс гадна дараах өргөн боломжтой. Үүнд:
  • Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх;
  • Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх;
  • Гадаад шилжүүлэг илгээх;
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй үзүүлэх зорилгоор Гааль, Нийгмийн даатгалын төлбөр, тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал гэх мэт бусад төлбөрийг төлөх;
  • Хадгаламж, барьцаалсан онлайн зээл авах, зээл төлөх болон зээлийн эргэн төлөлтийн графиктай танилцах;
  • QR кодоор төлбөр төлөх, шилжүүлэг хийх;
  • Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах;
  • Картаа хаах, нээх, интернэт пин код авах;
  • Арилжааны хэлцэл хийх;  
  • Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх;
  • Гүйлгээний лимит нэмэх, алдаатай гүйлгээний хүсэлт илгээх;
            Мөн ухаалаг утасны хурууны хээ болон царай таних технологийг ашиглан үйлчилгээнд нэвтрэх, гүйлгээ хийх гэх мэт давуу талтай юм.

Зураг 6
Төрийн бакны Гялсбанк үйлчилгээний өсөлт


Эх сурвалж: Төрийн банк
           
Сүүлийн таван жилийн дотор манай Гялсбанкны хэрэглэгчийн тоо 73 хувиар, Гялсбанкаар хийж буй гүйлгээний тоо 97 хувиар тус тус өссөн байгаа нь манай цахим үйлчилгээ харилцагчийн эрэлт хэрэгцээг хангасан, хэрэглэхэд хялбар, найдвартай байдлыг хангасан өдөр тутмын хэрэглээ болсон гэдгийг нотлох үзүүлэлт юм. Бид цаашид ч техник, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэн чадварлаг баг, хамт олны итгэл, зүтгэлээр харилцагчийн цаг завыг хэмнэсэн цахим шилжилтийг тасралтгүй хийж, цахим банкны манлайлагчийн байр сууриа хадгалж явна гэдэгтээ итгэлтэй байна.

Ном зүй:
  1. https://www.asean2019.go.th/en/photo/digital-thailand/
  2. https://datareportal.com/reports/digital-2019-q2-global-digital-statshot
  3. Dentsu Aegis Network–аас гаргасан “Нийгмийн дижитал индекс 2019” тайлан
  4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
  5. Монгол банк – Хөдөлгөөнт банкны тайлан
  6. https://hbr.org/2019/03/digital-transformation-is-not-about-technology
  7. https://www.i-scoop.eu/
  8. https://www.smartnation.sg/why-Smart-Nation/transforming-singapore
Бусдад түгээх
  • gplus